Хайх

Шинэ мянганыхан: Аялах уу, суурьших уу?

Шинэ мянганыхан: Аялах уу, суурьших уу?

Таны сонголт

Text: Г.Тэмүүлэн


Шинэ мянганыхан байр, машин худалдан авч, нэг газраа тогтвортой ажиллахаас илүү аялж, туршлага хуримтлуулдаг "Нүүдэлчин" амьдралыг илүүд үзэж байна. Тэгэхээр энэ үзэгдэл сүүлийн хэдэн жилийн турш үргэлжилж байгаа тренд үү эсвэл залуучуудын амьдралын хэв маяг ийм болоод байна уу?

Юуны өмнө шинэ мянганыхан гэж яг ямар үеийн хүмүүс болохыг эхлээд тодорхойлъё. Тэднийг заримдаа "Generation Y", "Технологийн үеийнхэн" гэж янз бүрээр нэрлэдэг. Ерөнхийдөө бол 1980-2000-аад оны хооронд төрсөн, амбицтай, шинэ зүйлд нээлттэй, үргэлж онлайн байдаг залуус гэж тэднийг хэлж болно. Мөн АНУ-д "Түрээсийн үеийнхэн" ч гэж нэрлэдэг. Учир нь Business Insider сэтгүүлийн мэдээллэснээр сүүлийн үед Америк залуучууд улам бүр л байр түрээслэх сонирхолтой болсон ба байр зээлээр авах нь багассан гэнэ. Тиймээс ч АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн бизнесийн салбар шинэ мянганыхнаас болж хувьсан өөрчлөгдөж байгаа аж.

Арай өөр өнцгөөс харвал XXI зууны залуусын амьдралын хэв маягийг минимализмтай холбож тайлбарлаж болох юм. Барууны орны залуусын дунд минимализмын тренд газар аваад байгааг Forbes сэтгүүл онцлолжээ. Тус сэтгүүлийн хэлснээр бол хүмүүс хэрэггүй эд зүйлс ба илүү хувцас худалдаж авахаа больсон бөгөөд энэ нь бараг хөдөлгөөн болон хувирчээ. Ялангуяа минималист амьдралын хэв маяг нь хэрэглээ багатай шинэ мянганыхны дунд хамгийн өргөн тархсан гэнэ.

Шинэ мянганыхан: Аялах уу, суурьших уу? (фото 1)

Ихэнх шинэ мянганыхны аз жаргалын төсөөлөл бусад үеийн хүмүүсийнхээс огт өөр. Хэрэв тэдний эцэг эх, найдвартай амьдрал, тогтвортой ажил, гэр бүлийг чухалчилж байсан бол одооны залуус аялал, шинэ сэтгэгдэл, адал явдал, даяарчлал ба "дараа нь дурсах зүйл"-ийг хүсдэг болсон. Орчин үеийн залуусын амжилтын хэмжүүр үнэтэй машин байхаа больж харин хэн хүссэн ажлаа хийж, хамгийн дурсамжтай аялж байгаа нь амжилттайд тооцогдож байна.

Eventbrite компаний хийсэн судалгаанаас үзвэл шинэ мянганыхны 78 % хувь нь ямар нэг материаллаг эд зүйлс худалдан авснаас өөрийн биеэр туршиж, сэтгэгдэл үлдээх зүйлс дээр мөнгө зарцуулах нь дээр гэж хариулсан байна.

Залуучууд илүү их аялах боломжтой, мөрөөдлийн ажлаа хайж, хүссэн хот руугаа, дуртай цагтаа нүүж, болдог тийм л амьдралыг хүсдэг болжээ. Эдгээр залуус ямар нэг томоохон зүйл худалдаж авахын оронд GoPro-гоо бариад л очих боломжтой газар луугаа аялж, тухайн газрынхаа соёлтой танилцаж, шинэ зүйлсийг танин мэдэхийг эрмэлзэж байна. Гэхдээ нэг талаар бодоод үзвэл тэдний зөв байж болох юм. Бид нэг удаа л амьдрана шүү дээ (ямартаа ч энэ бие, энэ ухамсартайгаа). Тэгэхээр амьдралынхаа ихэнх хугацааг нэг газраа суурьшин өнгөрүүлж, тогтвортой байдлыг хайснаас, зоригтой шийдвэр гаргаж, аль болох олон газар амьдарч үзэн, шинэ мэдрэмж авч, суралцах нь дээр биш гэж үү? Эцэст нь хэлэхэд, аз жаргалтай байх нь л амьдралын хамгийн гол зорилго шүү дээ. Харин та юу гэж бодож байна вэ?

цааш үзэх