Тэд улам л гялалзсаар: Бейонсе, Жей-Зи нар Tiffany & Co. брэндийн сурталчилгаанд
Олон сая хүмүүст зөв үлгэр дуурайлал үзүүлж буй Бейонсе, Жей-Зи нар Tiffany & Co. брэндийн шинэ нүүр царайгаар тодорсон гэх мэдээлэл хэдхэн долоо хоногийн өмнө хэвлэл мэдээллийнхнийг шуугиулж байсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор дэлхийн хамгийн гоёмсог үнэт эдлэлийн брэнд шинэ сурталчилгааны зураг авалтдаа онцгой хариуцлагатайгаар хандсан байна. Тодруулбал, сурталчилгааны зургууд дээр алдарт хосууд зураач Жан-Мишель Баскиагийн өмнө нь олон нийтэд дэлгэгдэж байгаагүй "Equals Pi" гэх уран зургийн дэргэд зогссон харагдана. Энэ зураг нь мөн Tiffany & Co. брэндийн нэрийн хуудас болсон оюу цэнхэр өнгөөр бүтээгдсэнээрээ брэндийн хувьд онцгой учир утгатай байгаа билээ. Сурталчилгааны хүрээнд өдгөө 39 настай дуучин бүсгүй Givenchy-гийн тачаангуй даашинз болон өмнө нь Одри Хепберн, Леди Гага, Мэри Уайтхаус, Галь Гадот нарын зүүж байсан, Өмнөд Африкаас гаралтай Tiffany & Co. брэндийн алдарт шар алмазан эрдэнийн зүүлтээр гоёсон байна.
Тус сурталчилгааны зураг авалтыг гэрэл зурагчин Мейсон Пул хариуцан ажилласан бөгөөд тэрээр домогт “Breakfast at Tiffany's” киноноос санаа авжээ. Мөн зураг авалт Лос Анжелес хотын Orum House гэх бүхэлдээ шилээр бүтсэн тансаг харшид болж өнгөрсөн юм. Сонирхуулахад, тус сурталчилгааны хүрээнд алдарт хосын зургуудаас гадна Бейонсегийн “Moon River” дууг ковер хийж дуулсан бичлэг гарахаар төлөвлөгдөж байна. Уг богино хэмжээний бичлэг ирэх сарын 15-нд Tiffany & Co. брэндийн албан ёсны вебсайт дээр цацагдана.