Трамп бууралтжээ: Энэ нь улс төрийн бодлого гэж хүмүүс үзэж байна
Бүгд ерөнхийлөгчийн үсний талаар хэлэлцэж байна
Хэрвээ та анзаарсан бол яг одоо олон нийтийн сүлжээнд Дональд Трампын саарал үсний талаар хэлэлцүүлэг ид өрнөж байна. Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт болсон Цагаан ордны хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч урьд өмнөх шигээ цайвар шар үстэй байхаа болин, гэнэт цагаан саарал үстэй болсныг сэтгүүлчид анзаарчээ. Хэвлэлийнхэн үүний учир шалтгааныг олохоор төрөл бүрийн таамгууд дэвшүүлсэн бөгөөд дийлэнх нь үүнийг сонгуулийн өмнөх бодлого хэмээн үзэж байна. Харин зарим нь Трампыг коронавирусийн цар тахлын улмаас үнэхээр л стресст автан бууралтсан гэж итгэж байгаа бол, бусад нь түүнийг хөл хорионы улмаас үсний стилисттэйгээ цаг тохирч чадахгүй байгаа хэмээн хошигнож байна.
The New York Times-ийн бестселлер ном болох "You Never Forget Your First: A Biography of George Washington" намтрын зохиолч Алексис Коугийн онцолсноор Трампын шинэхэн саарал үс нь түүний зүгээс бусдын адил зовж буйгаа харуулах гэсэн бодлого аж. "Трамп сүүлд коронавирустэй холбоотойгоор маш олон аюултай, заримдаа бүр үхэлд ч хүргэсэн шийдвэрүүд гаргасан. Харин үсээ саарал болгосон нь түүний олны анхаарлыг сарниулах гэсэн оролдлого юм" хэмээн тэрээр тайлбарлажээ.
Юутай ч бууралтсан, саарал өнгийн үс нь сүүлийн үед удаа дараалан ярианы сэдэв болж, бүр гоо сайхны ертөнцөд тренд үүсгээд байгаа билээ. Орчин үед саарал үстэй байх нь хэвийн үзэгдэл төдийгүй хүмүүс буурал үсээ нуун дарагдуулахын оронд эсрэгээрээ улам өнгийг нь тодотгох болсон. Мэй Маск, Хелен Миррен, Дафна Гинесс, Линда Родин зэрэг алдартай эмэгтэйчүүд бууралтсан үсээрээ гайхуулан, байгалийн төрх үргэлж үзэсгэлэнтэй харагддагийг, хамгийн зөв сонголт болдгийг баталж байгаа төдийгүй олон нийтийн сүлжээ, тэр дундаа Instagram-д @grombre зэрэг буурал үстэй эмэгтэйчүүдийг магтан дуулсан хуудаснууд бий болж, нэг төрлийн давлагаа үүсгээд байгаа билээ. Үүнээс гадна Леди Гага, Кара Делевинь ба Ким Кардашьян зэрэг залуу бүсгүйчүүд ч мөн саарал үсийг олны дунд cool тодотголтой болгож байгаа.