Vanity Fair сэтгүүл 2016 оны хамгийн нөлөө бүхий 100 хүнийг нэрлэлээ
Рейтинг
Жил бүр гаргадаг энэхүү жагсаалтанд "Цахиурын хөндий"-н суут ухаантнууд, олон нийтийн сүлжээний үүсгэн байгуулагчид мөн Холливүүдын жүжигчид багтсан байна.
Уг жагсаалтыг Amazon.com сайтын захирал ба үүсгэн байгуулагч Жефф Безос тэргүүллээ. Тэрээр энэ жил мөн дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын гуравдугаар байранд орсон бөгөөд одоогоор хиймэл оюун ухаан боловсруулахаар баг бүрдүүлээд байгаа. Түүний ард Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг жагслаа. Харин гуравдугаар байранд Snapchat аппын үүсгэн байгуулагч Эван Шпигель орсон юм.
Vanity Fair сэтгүүлийн нөлөө бүхий хүмүүсийн рейтингийн дөрвөөс долоодугаар байранд Disney компаний ерөнхийлөгч Боб Айгер, Ангараг гарагийг колончлох хүсэлтэй, SpaceX компаний үүсгэн байгуулагч Илон Маск, бидэнд Netflix-ийг "бэлэглэсэн" Рид Хастингс болон Uber компанийг бүтээгч Трэвис Каланик нар бичигджээ. Мөн энэхүү жагсаалтын аравдугаар байранд дуучин Бейонсе жагссан байгаа.
Facebook компаний үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сэндберг рейтингийн 14-р байранд орж, жүжигчин Женнифер Лоуренс 28-д бичигдсэн байна. "Star Wars" киноны найруулагч Ж.Ж. Абрамс 30-р байранд, "Game of Thrones" цувралын бүтээгчид болох Дэвид Бениофф ба Дэн Уайсс нар жагсаалтын 32-т багтжээ. Жүжигчин Скарлетт Йоханссон Vanity Fair-ын гаргасан рейтингийн 74-т орсон бол Instagram-ын үүсгэн байгуулагч Кевин Систром дөнгөж л 82 дах нөлөө бүхий хүн болжээ.
Энэ жилийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 91-р байранд Gucci брэндийн бүтээлч захирал Алессандро Микеле орсон юм. Харин Кардашьян-Женнерийн гэр бүл бүрэн бүрэлдэхүүнээрээ рэйтингийн сүүлийн байранд бичигджээ.