Хайх

Яагаад үзсэн киногоо дахин үзэж, уншсан номoo ахин унших хэрэгтэй вэ?

Яагаад үзсэн киногоо дахин үзэж, уншсан номoo ахин унших хэрэгтэй вэ?

Хүүхдүүдээс суралцацгаая

Text: Buro.Mongolia


Зураг:

"Үзэх шинэ кино олдохгүй байна", "Үзсэн киногоо дахиж үзэх нь уйтгартай" гэж хэлэх бүртээ бид маш том таашаалаас татгалзаж байгаагаа ухаардаггүй. Үүнийг батлахаар Чикагогийн их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тодруулбал тэд Чикагогийн шинжлэх ухааны музейд ирсэн хүмүүсийн дунд туршилт явуулсан байна. Эрдэмтэд арга хэмжээнд ирсэн хүмүүсээс үзэсгэлэнг хоёр дах удаагаа үзэх хүсэлтэй байгаа эсэхийг нь асуусан байна. Туршилтад хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь үзэсгэлэнг дахин үзэх нь сонирхолгүй байх болно хэмээн хариулжээ. Гэсэн хэдий ч зарим хүмүүс эрдэмтдийн хүсэлтээр музейд дахин ирж уран бүтээлүүдийг үзсэн бөгөөд үр дүнд нь яг анх удаа үзсэн мэт өндрөөр үнэлж чадсан байна.

Энэ үр дүнгийн талаар судалгааны багийн ахлагч Эд О'Брайан "Хүмүүст анх ирэхэд үзэсгэлэн хэт том санагдаж байсан бол хоёр дах удаа үзэхэд тийм ч хүндрэлтэй санагдаагүй байх. Эсвэл тэд хоёр дах удаа өмнө нь анзаараагүй орхисон деталиудыг олж харсан байх магадлалтай" хэмээн хэлжээ. Яг ийм үр дүн хүүхдүүдийн дунд ажиглагддаг гэдгийг эрдэмтэн нэмж дурдсан юм. Тодруулбал хүүхдүүд нэг үзсэн кино эсвэл уншсан номоо огт уйдалгүй ахин дахин үзэж, унших дуртай байдаг.

Өөр нэгэн судалгааны баг сайн дураараа туршилтад хамрагдагчдаас шинээр гарч буй киног үзэхийг санал болгожээ. Мөн тэдний дундаас хэсэг бүлэг хүмүүсийг сонгон, дараа өдөр нь тухайн киног дахин үзэхийг хүссэн байна. Үр дүнд нь киног нэг л удаа үзсэн хүмүүс тухайн бүтээлийн авах ёстой 7 онооноос ердөө 3,5 оноо өгсөн бол хоёр удаа үзсэн хүмүүс дунджаар 4,5 оноогоор үнэлжээ. Үүнээс харахад бид нэг бүтээлийг олон дахин үзсэнээр илүү таатай мэдрэмж авах нөхцөл бүрддэг гэсэн үг юм. 

Эд О'Брайаны хэлснээр хүмүүс шинэлэг зүйлийг эерэг сэтгэл хөдлөл авахын тулд сонгодог нь үнэн ч энэ нь цорын ганц шалтгаан биш гэнэ. Хүмүүс мөн хуучин зүйлийг уйтгартай мэдрэмж өгнө хэмээн эмээдэг учраас ийм сонголт хийдэг байна. Гэхдээ энэ хүлээлт нь ихэвчлэн буруу байдаг гэж Эд О'Брайан онцолсон юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх