Женнифер Лоуренс анхны хүүхдээ өлгийдөн авлаа
Одоогоор хүүхдийн хүйс болон нэр тодорхойгүй байна
Оскар, Алтан Бөмбөрцөг зэрэг томоохон шагналуудын эзэн, жүжигчин Женнифер Лоуренс болон түүний нөхөр, арт дилер Кук Марони нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа. Энэхүү баярт мэдээг TMZ вебсайт мэдээллэсэн бөгөөд уг мэдээллийн дагуу Женнифер хэдхэн хоногийн өмнө Лос Анжелес хотод амаржсан гэнэ.
Өдгөө 31 настай жүжигчин бүсгүйг давхар биетэй болсон гэх мэдээлэл өнгөрөгч оны есдүгээр сараас эхлэн цахим ертөнцөөр тархсан билээ. Улмаар арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан “Don’t Look Up” киноны нээлтийн арга хэмжээнд Женнифер хөл хүнд хүрэлцэн ирснээр цуурхал батлагдсан юм.
Эргэн сануулахад, хосууд анх 2018 онд танилцаж, 2019 онд хуримаа хийсэн. Хосуудад ойр эх сурвалж 2021 оны есдүгээр сард People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Женнифер хамтын амьдралдаа маш сэтгэл хангалуун байгаа бөгөөд ээж болох тэр мөчийг тэсэн ядан хүлээж байгаа” хэмээн дурдаж байсан удаатай.