Хайх

2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ?

Шинэ оны зурхайгаа хүлээн авна уу

Text: Buro.Mongolia


Хонь

2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 1)

Энэ жил хонины ордныхны хувийн амьдралд эерэг өөрчлөлтүүд орох болно. Урьд өмнөх сэтгэлийн шархаа эдгээж, хайр дурлалд ахин нэг боломж олгохыг од эрхэс зөвлөж байна. Харилцаа болон хамтрагчаас яг юу хүсэж, хүлээж байгаагаа тодорхойлох цаг иржээ. Тийм ч учраас шинэ хайр дурлалын харилцаа руу умбан орохын оронд өөрийн дотоод мэдрэмж, мөн нөгөө хүнийхээ сонирхол хүслийг умартахгүй байх нь чухал юм. Энэ жилийн эхээр буюу нэгдүгээр сарын 29-ны өдрийг хүртэл эртний Ромын хайрын бурхны нэрээр нэрлэгдсэн Сугар гарагийн ухрах хөдөлгөөн тохиох бөгөөд энэ үед хайр дурлалтай холбоотой чухал шийдвэр гаргахаас татгалзах нь зүйтэй. Харин Бархасбадь гараг энэхүү ордод тавдугаар сарын 10-наас аравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл зочлох тул яг энэ үеэр хонины ордныхон жирийн үеэсээ илүү өөртөө итгэлтэй байж, романтик зан чанар нь цэцэглэх болно.

Хайртай хүнтэй юу?

Ихэнх хүмүүс цаг хугацааны эрхээр хамтрагчтайгаа үүсгэсэн нандин холбоог үнэлэхээ больсноос шалтгаалж тэдний харилцаа бага багаар хөрдөг. Тиймээс хэрэв та хоёрын харилцаа урьд өмнөх шигээ дотно бус болсон санагдаж байгаа бол цаашид хэрхэн хоорондын харилцаагаа бат бөх байлгах талаар хамтдаа бодож, шийдвэр олох хэрэгтэй болно. Бие биетэйгээ илүү гүн холбогдоход цаг зав болон хүчин чармайлтаа зориулж байх нь зүйтэй гэдгийг санаарай. Хонины ордныхон аравдугаар сарын эхээр хайрын харилцааны тал дээр чухал шийдвэр гаргах өндөр магадлалтай байна.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

Хонины ордныхон карьер, эсвэл хайр дурлалын хамтрагчтай байх үедээ илүү үр бүтээлтэй, аз жаргалтай байдаг онцлогтой. Заавал яг одоо хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх хэрэгтэй гэсэн үг биш гэлээ ч бусадтай илүү нээлттэй болсноор нэгэн зорилго, хүсэл тэмүүлэлтэй нэгэнтэй тун удахгүй учрах боломжтой.

Хайр дурлалаа хайж байна уу?

Хайр дурлалын харилцаа үүсгэхэд оны эхэн сарууд хамгийн тохиромжтой гэдгийг од эрхэс сануулж байна. Хамт ажилладаг хүнтэйгээ дотно харилцаа үүсгэх өндөр магадлалтай тул эргэн тойрноо сайн ажиглахад илүүдэхгүй юм. Хэдий анх та түүнтэй өрсөлдөгч шиг л хандах боловч ажлын хамт олон тань та хоёрыг нэгдэхээрээ дийлдэшгүй баг болдгийг үргэлж анзаардаг. Хамтдаа их цаг хугацааг өнгөрүүлдэг учраас бие биенээ сайн ойлгож, бусдын анзаардаггүй зүйлийг ч хүртэл мэддэг болдог тул төгс хосууд төрөх боломжтой юм шүү.


Үхэр

2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 2)

2022 онд үхрийн ордныхны хайр дурлалын амьдрал хоёр хэсэгт хуваагдах төлөвтэй байна. Хэрэв та ганц бие бол оны эхэн саруудад Сугар болон Ангараг гарагуудын нөлөөллөөр олон жилийн нөхөрлөл улам гүнзгийрч, илүү дотно харилцаа бий болно. Энэ нь таныг догдлуулах боловч та үүнийг тохионо гэдгийг аль эртнээс далд ухамсартаа мэдэрч байсан байж болзошгүй. Тэнгэрийн Ван гараг энэ онд ч үхрийн ордонд байрлаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор үхрийнхэн өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхийг эрмэлзэх болно. Тиймдээ ч тэд эрх чөлөөтэй байдлаа чухалчилж, хувийн орон зайдаа өөр хүн нэвтрүүлэхийг хүсэхгүй байх магадлалтай юм. Үхрийн ордныхон тайван, амирлангуй байдлыг дээдэлдгээрээ бусдаас ялгардаг тул энэ жил тэрхүү хүсэл нь дээд цэгтээ хүрч, дотны хүмүүсээсээ бага зэрэг хөндийрөх нөхцөл байдал үүсэх болно. Гэвч бүү санаа зов. Гэр бүл болон найз нөхөд тань таны гаргасан бүх шийдвэрийг дэмжинэ гэдэгт бүү эргэлзээрэй.

Хайртай хүнтэй юу?

Хамтын аялал, таатай дурсамжууд бий болгох хамтын үйл явдлуудад энэ жил анхаарлаа хандуулаарай. Ерөнхийдөө үхрийнхэн харилцаагаа ямар байлгахыг хүсэж байна, яг тэр дагуу хүссэн бүхэн нь биелэх болно.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

Дээр дурдсанчлан энэ жил сингл үхрийнхэн маань илүү өөртөө, дотоод ертөнцдөө төвлөрөхийг хүснэ. Тийм ч учраас хэн нэгэнтэй хайр дурлалын харилцаа үүсгэхийг хүсэхгүй байгаа бол дуртай хобби, карьер зэрэгт урьдынхаасаа илүү их цаг зав гаргахыг хичээгээрэй. Санчир гарагийн нөлөөллөөр үхрийн ордныхон ажлын талбар дээр амбиц болон амжилтаар дүүрэн байгаа тул энэхүү завшааныг ашиглаарай.

Хайр дурлалаа хайж байна уу?

Үхрийнхэн энэ жил ажил хэрэгч, төлөвшсөн, тогтвортой амьдралын хэв маягтай хүмүүст татагдаж магадгүй юм. Дөрөвдүгээр сарын 11-29 өдрүүдийн хооронд агаарт хайр дэгдэж романтик харилцаа таатайгаар өрнөнө. Хайрын гараг гэгддэг Сугар гараг тавдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн үхрийн ордонд байрших тул дотроос тань цацрах гэрэл гэгээ бусдын харцыг булаах болно.


Ихэр

2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 3)

Ихрийн ордныхон 2022 онд багагүй асуудлуудтай нүүр тулгарах болно. Хосуудын харилцаанд үл ойлголцол, дотно бус байдал үүссэнээр ихрийн ордныхон цаашид харилцаагаа хэрхэн аврах талаар эргэцүүлэн бодох шаардлагад хүрэх магадлалтай. Оны эхэн саруудад та хамтрагчтайгаа гүн яриа өрнүүлж, та хоёрын зорилго, ирээдүйн хүсэл тэмүүлэл нийцэж байгаа эсэхийг тодруулбал зохистой. Харин Бархасбадь гарагийн нөлөөллөөр тавдугаар эсвэл аравдугаар сард хамтрагчтайгаа эргэн нийлж, шийдвэр олох боломжтой байна. Гэхдээ энэ нь шийдвэрлэгдээгүй байсан асуудлуудаа хамтын хүчээр шийдэж, бие биенийхээ итгэлийг бүрэн олсон цагт л тохионо гэдгийг анхаарах хэрэгтэй. Жилийн сүүлээр хувийн амьдрал цэгцэрч, өмнө нь маргаан дагуулж байсан асуудлуудын учрыг олох болно.

Хайртай хүнтэй юу?

Хамтрагчтайгаа илэн далангүй байж, өмнө нь хэлэхээс эмээж байсан бүхнээ ил гаргахыг зөвлөж байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийн адил та өөрөө тодорхой хэмжээний хүчин чармайлт гаргаж байж л хүссэндээ хүрэх болно.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

Өөрийгөө сайтар сонсож, юу хүсэж байгаагаа мэдэрч, нухацтай шийдвэр гаргах нь энэ жил танд тохиолдож болох хамгийн сайн зүйл гэдгийг ойлгоорой. Өөрөөр хэлбэл, бусдын дарамт шахалтыг үл тоож, зөвхөн өөрт таалагдсан сонголтыг хийх нь хэзээд зөв шийдвэр юм.

Хайр дурлалаа хайж байна уу?

Найман сарын сүүлээр үйл хөдлөл, амьдрах урлаг, хүчний хуваарилалт зэргийг хариуцдаг Ангараг гараг ихрийн ордонд шилжиж ирэх тул энэ ордныхон сэтгэлийн ханиа олох өндөр боломжтой байна. Бусдад өөрийгөө илэрхийлэхээс бүү эмээгээрэй!


Мэлхий

2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 4)

Шинэ адал явдал, хайр нөхөрлөлөөр дүүрэн жил хаяанд ирсэн байна. Хамтрагчтай мэлхийн ордныхон энэ оны эхний хагаст дотно харилцаанаас яг юу хүсэж байгаагаа ойлгох болно. Үүний зэрэгцээ аз жаргал мэдрүүлэхгүй байгаа харилцаанд цэг тавьж, хувийн хил хязгаар тогтоож сурах том завшаан тохионо хэмээн од эрхэс амлаж байна. Ангараг гарагийн нөлөөллөөр гурав болон дөрөвдүгээр сард мэлхийн ордныхны сексийн амьдрал илүү баялаг болж, тэд хамтрагчидтайгаа урьд өмнөхөөсөө илүү илэн далангүй болох төлөвтэй юм. Харин аравдугаар сарын сүүлээр тохиох нарны хиртэлт, мөн дараа нь үзэгдэх тэргэл сар нь ганц бие мэлхийн ордныхонд шинэ, маш чухал нэгэн харилцааны эхлэлийг авчрах болно. Нар хиртэлт нь бидний амьдралд өөрчлөлтүүдийг авчирдаг дэлхий ертөнцийн бас нэгэн арга тул та энэ үеэр хэрэгцээгүй харилцаануудаасаа салж, олон өөрчлөлттэй тулгарах учиртай.

Хайртай хүнтэй юу?

Энэ жил харилцаагаа дуусгах уу, эсвэл илүү гүнзгий түвшинд аваачих уу гэдгийг та өөрөө л шийднэ. Харин од эрхэс танд зөв шийдвэрийг олоход тань туслах нь гарцаагүй.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

Дотоод хүн, сэтгэл хөдлөл дээрээ илүү их ажиллахыг сануулдаг Умард сарны дагуул (North Node) мэлхийн ордны арваннэгдүгээр гэрээр дайрч буй нь илүү нийтэч чанараа харуулж, бусадтай дотно харилцаа үүсгэхийг илтгэнэ. Заавал романтик харилцаа үүсгэх албагүй шүү дээ.

Хайр дурлалаа хайж байна уу?

Өөртөө шударга хандаж, амьдралаас хүсэж байгаа зүйлээ үнэнчээр тодорхойлж, бүх зүйлд нээлттэй хандаарай. Мэлхийн ордны хувьд жилийн сүүлээр хайр дурлал бүр агаарт мэдрэгдэх бөгөөд аравдугаар сард таныг хөл алдуулах нэгэн гарч ирнэ гэж гараг эрхсийн зурхайд заажээ.


Арслан

2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 5)

2021 онд таны хувийн амьдралд олон өөрчлөлт тохиосон бол 2022 онд ч энэ хувьсал үргэлжлэх хандлагатай байна. Толгой эргүүлэм олон үйл явдлууд давхцах өндөр магадлалтай байгаа тул сонор сэрэмжтэй байх нь илүүдэхгүй билээ. Харилцааны хувьд удаан үерхсэн хамтрагчтайгаа зөрчилдөх, хайрын гурвалжин үүсэх зэрэг таагүй нөхцөлүүд үүсэж болзошгүй байна. Арваннэгдүгээр сард зарим санаа зовоож байсан асуудлуудын учир тайлагдаж, өмнө нь хийхэд бэрх байсан сонголт хялбар санагдаж эхэлнэ. Өнгөрснийг өнгөрсөнд нь орхиж, харилцаагаа хаашаа чиглэж байгаагаа бодитоор харах хэрэгтэй. Шударга байснаар та амар амгалан байдал, аз жаргалд хүрэх замыг олно.

Хайртай хүнтэй юу?

Жилийн сүүлээр харилцаагаа шинэ түвшинд хүргэж, хэн нэгэнд хоёр дах боломжийг олгож эсвэл бүр амьдралаа холбох гээд чухал шийдвэрүүдийг гаргахад хамгийн тохиромжтой.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

Нөхөрлөл, зугаа цэнгэлийн талбарт нам гүн байгаа нь хайр дурлалын тал дээр мөн л чимээгүй байна гэсэн үг биш юм. Та мөрөөрөө хийх ёстой зүйлээ хийж, өөрийгөө танин мэдэх сайхан боломж гарч ирж байна.

Хайр дурлалаа хайж байна уу?

Бархасбадь гарагийн нөлөөллөөр таваас аравдугаар сарын хооронд, мөн арванхоёрдугаар сард хайр дурлалтайгаа учирч, гүн гүнзгий холбоо тогтоох магадлал өндөр байна. Гол нь зуурдын харилцаа болгон хувиргахгүй байх нь чухал юм.


Охин

2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 6)

Охины ордныхон нөхөрлөлөөс эхлэлтэй хайр дурлалын харилцааг илүүд үздэг. Тиймдээ ч ойр дотны найзуудын хүрээллээс хамтрагчаа олох нь цөөнгүй тохиодог. Энэ оны хувьд таны хамтрагч илүү санаачилгатай байх бөгөөд энэ нь хайр дурлал болон бэлгийн харилцааны аливаа санаачилга танаас биш харин хамтрагчаас тань гарна гэсэн үг юм. Мэдээж хэрэг охины ордныхон хамтрагчийнхаа бүх саналыг зөвшөөрөх албагүй гэдгийг санах хэрэгтэй. Өөрийн хүсэл, сонирхолд нийцүүлэн сонголтоо хийх нь зүйтэй юм. Хэрэв та ганц бие бол нөгөө талаас эхний алхмыг хийх болно. Хайрын Сугар гарагийн нөлөөллөөр гуравдугаар сар хүртэл та олны анхаарлын төвд байх хандлагатай байна. Энэ үед танилын хүрээллээ тэлж, сайн нөхөрлөлүүдийн үндэс тавигдах юм.

Хайртай хүнтэй юу?

Харилцаагаа шинэ түвшинд хүргэх таатай цаг тохиож байна. Хайртай хүнтэйгээ ирээдүйн хамтын амьдралаа төлөвлөж, илүү гүнзгий холбоос үүсгэхэд та бэлэн болсон байна.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

Ажил амжилт ундарсан энэхүү жил урдаа тавьсан зорилгуудаа биелүүлэхийг зориорой. Хайр дурлалын харилцаа яг одоогийн байдлаар чухал биш санагдаж байгаа бол энэ нь ердийн үзэгдэл гэдгийг мөн санах хэрэгтэй.

Хайр дурлалаа хайж байна уу?

Илүү өргөн хүрээнд сэтгэж, аливаа хязгаарлалтаас өөрийгөө чөлөөлөхийг эрмэлзэхэд тохиромжтой жил тохиож байна.


Жинлүүр

2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 7)

Хамтрагчтай жинлүүрийн ордныхон энэ жилийн эхэн саруудад хайр дурлалдаа улам хөтлөгдөж, хамгийн сэтгэл догдлуулсан, дотно харилцаа үүсгэх өдрүүдийг угтан авах болно. Цаг хугацааны эрхээр хамтрагчтайгаа шат ахин, харилцаагаа илүү гүнзгийрүүлэх боломжууд нээгдэнэ. Хэрвээ хэн нэгэнтэй болзож байгаа бол та түүнд бат итгэлтэй байх бөгөөд таны хамтрагч ч мөн ижил зүйл мэдрэх тул тантай ойр байхын тулд өөрийн хэвийн өдөр тутмын хэмнэлдээ багагүй өөрчлөлт оруулахад бэлэн байна. Сугар болон Ангараг гарагууд нэгэн зэрэг буюу гуравдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн жинлүүрийн ордоор зочлох бөгөөд энэ нь таны байгалийн романтик зан чанар, гоо үзэсгэлэнг илүү тодруулж өгнө.

Хайртай хүнтэй юу?

Энэ онд хамтрагчтай жинлүүрийн ордныхон өмнөхөөсөө ч илүү их хайр энэрэл мэдрэх болно. Гол нь жилийн сүүлийн саруудад үл ойлголцол, маргаан үүсэхээс зайлсхийгээрэй.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

2021 онд хүсэл тэмүүлэл дагуулсан төсөл эсвэл бүтээлч эрэл хайгуул таны хувьд хамгаас чухал байсан бөгөөд энэ нь 2022 онд ч үргэлжлэх магадлалтай байна. Гэхдээ та хайр дурлалаас бүхэлдээ ангид байна гэсэн үг биш юм. Энэ жил хүн бүр л тантай хамт байхыг хүснэ. Харин та өөрөө романтик харилцаанд бэлэн гэж мэдрэх хүртлээ шүтэн бишрэгчдээ дараалалд оруулан жагсаагаарай.

Хайр дурлалаа хайж байна уу?

Эрч хүч, аз, өсөлтийг хариуцдаг Бархасбадь гарагийн нөлөөллөөр жинлүүрийн ордныхны байгалиасаа заяагдсан бусдыг өөртөө татах чадвар нь идэвхжиж, тэд анхаарлын төвд гагцхүү орох болно. Гурав болон дөрөвдүгээр сард та хайр дурлалын талбарт үнэхээр идэвхтэй байх бололтой.


Хилэнц

2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 8)

Таны хувийн амьдрал удахгүй тун сонирхолтой болох гэж байна. Ганц бие хилэнцийн ордныхон энэ жил урсгалаараа хөвж, хийж заншсан хэвийн үйлдлүүддээ л анхаарахад хангалттай. Хилэнц усны орд учраас урсгалаараа явах нь тийм ч хэцүү санагдахгүй. Харин толгой эргүүлэм дурлал, дотор тань гал дүрэлзүүлж чадах нэгэн ямагт гарч ирэх болно. Бархасбадь болон Далай Ван гарагууд гуравдугаар сараас эхлэн бүтэн хоёр сарын турш хилэнцийн ордыг захирах бөгөөд энэ үеэр та өөрийнхөө мөрөөдлийн харилцааг ямар байх талаар төсөөлөлтэй болно.

Хайртай хүнтэй юу?

Хамтрагчдаа хувийн орон зай олгож сурах хэрэгтэй. Эс тэгвээс хамтрагч тань та хоёрын хоорондох харилцааг бага багаар үнэлэхээ больж, зөрчилдөөн үүсэж болзошгүй.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

Хилэнцийнхэнд энэ жил тэртээ тэргүй олон учралууд тохиох учраас дурлалын асуудлаас завсарлага авахыг хүсэж болзошгүй. Мөрөөдлөө биелүүлэхээс айлгүй, зоригтой хөдлөхөд хүссэн зүйлээ олоход тийм ч хэцүү байхгүй л болов уу.

Хайр дурлалаа хайж байна уу?

Эрэл хайгуулаа зогсоох цаг ирлээ. Ялангуяа зуны саруудад шинэ холбоо тогтоож, шинэ харилцаанд орж, хайрын мэдрэмжийг авах болно. Бас хэн нэгнийг хэт хайж олох гэж хичээх хэрэггүй. Учир нь та аль хэдийнээ хайртайгаа учирсан ч байж мэднэ.


Нум

2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 9)

Таныг хамгийн сэргэлэн зурхайн ордуудын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй ч хайр дурлалын асуудал дээр бусадтай л адил танд сурах зүйл олон бий. 2022 онд та нөхөрлөлийг шинэ түвшинд аваачих талаар бодон, багагүй хугацааг зарцуулна. Найзын харилцаа нь таалагдаж байгаа ч үүнийг илүү сонирхолтой болгох үүднээс дотно харилцаа хүсэх болно. Гэвч магадгүй удаан хугацаанд хүссэнээ биелүүлж чадахгүй байгаа нь таны сэтгэл зүйн байдал харилцааны тал дээр шинэ өөрчлөлтөд бэлэн биш байгааг илтгэж магадгүй юм. Харин аравдугаар сарын 31-нээс эхлэн Ангараг гараг ухрах хөдөлгөөнд орж эхлэх тул та харилцааны тал дээр илүү өөртөө итгэлтэй болох юм. Мөн сонирхолтой учрал, нөхцөл байдал тохиож, үнэхээр зугаатай үйл явдлууд жилийн сүүлчээр тохиох болно.

Хайртай хүнтэй юу?

Хэрвээ зөв хөзрөөрөө тоглож чадвал харилцаа тань тогтвортой, сэтгэлийн хувьд гүн гүнзгий холбогдсон, гайхалтай хэвээр байна. Өөрөөр хэлбэл романтик, дотно харилцаанд хүрч, мөрөөдөл тань биелэх болно.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

Хэрэв хэн нэгэн нумын ордонд төрсөн хүний эрх чөлөө, хувийн орон зайг хязгаарлавал тэд шууд л сэтгэлээр унаж, уйтгар гунигт автах болно. Тиймдээ ч нумын ордныхон шинэ харилцаа үүсгэхээс зайлсхийж байж магадгүй. Тэртээ тэргүй таны амьдралд олон сонирхолтой зүйлс тохиолдож байгаа учир та байгаагаараа байхдаа л аз жаргалыг илүү мэдэрч байж болох юм.

Хайр дурлалаа хайж байна уу?

Нумын ордныхон үйл хөдлөл, алхам бүрээ энэ жил маш сайн анхаарч, хянамгай байх хэрэгтэй. Энэ жил таны замд олон шүтэн бишрэгч гарч ирэх ч тэд бүгд тантай ижил зүйл хүсэхгүй байх өндөр магадлалтай.


Матар

2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 10)

2021 онтой харьцуулбал энэ онд таны хувийн амьдрал шинэ адал явдал, хайр дурлалаар дүүрэн байх болно. Матрын ордныхны нууцлаг, хүйтэн хөндий атлаа сэтгэл булаам байдал нь бусдын анхаарлыг яг л соронз мэт татдаг онцгой увдистай. Тус онцлог нь энэ жил илүү анзаарагдах болно гэдгийг од эрхсийн байрлал илтгэж байна. Ганц бие матрын ордныхон хоёрдугаар сард олон хүнтэй учирч, онцгой нэгэнд зүрх сэтгэлээ бэлэглэх хандлагатай. Мөн 2022 онд тохиох нар хиртэлт нь бидний амьдралд өөрчлөлтүүдийг авчирдаг дэлхий ертөнцийн бас нэгэн арга тул та энэ үеэр хэрэгцээгүй харилцаануудаасаа салж, олон өөрчлөлттэй тулгарна. Энэ оны тавдугаар сарын 16-нд тохиох сар хиртэлтээс шалтгаалж сүүлийн хоёр жилийн турш сэтгэл болон санааг тань зовоож байсан асуудлуудаас ангижирч чадах юм. Та хэзээ ч амьдрал тань ингэж өөрчлөгдөнө гэж төсөөлж ч байгаагүй. Гэхдээ гарсан өөрчлөлтүүд танд таалагдах нь гарцаагүй. Товчхондоо бол хайр дурлалын тал дээр таныг маш өлзийтэй, сайхан жил хүлээж байна.

Хайртай хүнтэй юу?

Нар хиртэх үед та өөрийгөө шинээр тодорхойлж, харилцааны тал дээр чухал шийдвэрүүдийг гаргах бололтой.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

Матрын ордныхон 2022 онд өмнөх жилтэй харьцуулбал илүү нийгмийн харилцаанд орох болно. Найзуудын шинэ хүрээлэл, шинэ хобби бий болно. Энэ нь ч тэдэнд хангалттай санагдана.

Хайр дурлалаа хайж байна уу?

Тоглоом шоглоомоос уйдаж, эсвэл хэн нэгэн ямар нэг шийдэлд хүрэхийг хүлээхээс залхаж байна уу? Тэгвэл яг одоо энэ бүхэн зогсох болно. 2022 он танд хангалттай хайрын романс бэлдсэн байгаа. Мөн оны сүүлээр Сугар гараг таны орд дээр буцаад байрших тул кинонд төдийгүй бодит амьдрал дээр аз жаргалтай төгсгөл байдгийн тод нотолгоо болох юм шүү.


Хумх

2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 11)

Өнгөрөгч жилд Бархасбадь болон Санчир гарагууд хоёул Хумхын ордонд байршсанаар ховор үзэгдлүүдийн нэг тохиосон билээ. Тэгвэл 2022 онд таны амьдралын хэмнэл 2021 оныг бодох юм бол бага зэрэг удаашрах ч хайр дурлалын салбарт олон сэтгэл догдлуулсан үйл явдлууд тохиох болно. Сугар болон Ангараг гарагууд оны эхний хэдэн долоо хоногт хумхын орд дээр байрших тул магадгүй та яг одоо хэн нэгэнд сэтгэл алдаршсан байж магадгүй юм. Гэхдээ энэхүү харилцааныхаа талаар дотроо хадгалж, олон хүнд нууцаа задруулахгүй байхыг анхааруулж байна. Удаан хугацаанд харилцаанд байгаа хумхын ордныхон зургаа болон есдүгээр сард харилцаанаасаа уйдаж, эсвэл хэсэг хугацааны завсарлагаа авахыг ч хүсэж магадгүй. Дотоод хүнээ сайтар сонсож, өөрийн хэрэгцээгээ нэгдүгээрт тавих хэрэгтэй гэдгийг санаарай.

Хайртай хүнтэй юу?

Гэр бүл, хамтын амьдралын талбарт хумхын ордод төрөгсдийг олон өөрчлөлт хүлээж байна. Зургаадугаар сард таны хүсэн хүлээсэн өөрчлөлтүүд тохиох болно.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

Та хүсээгүй байсан ч хайр дурлалын харилцааны дутагдалд орохгүй бололтой. 2023 оноос өмнө таны ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэж, хайрын романсын гол баатар нь болох хэн нэгэн гарч ирэх өндөр магадлалтай байна.

Хайр дурлалаа хайж байна уу?

Ямартаа ч шүтэн бишрэгчдийн арми тань 2022 онд цөөрөхгүй бололтой. Оны эхэн саруудад тогтоосон шинэ холбоо тань зуны турш илүү онцгой зүйл болон хувирах магадлалтай. Хамгийн гол нь өөрийнхөө үзэл бодлыг тохиромжтой мөчид шулуухан хэлж байх нь чухал.


Загас

2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 12)

Бархасбадь гараг тавдугаар сарын дунд хүртэл, мөн аравдугаар сарын 28-наас арванхоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэл загасны ордыг захирах тул энэ ордныхон жирийн үеэсээ илүү зоригтой, шинэ сорилтод бэлэн байх болно. Хамтрагчтай загасны ордныхон одоо байгаа харилцаагаа яг байгаагаар нь үлдээхийг эрмэлзэх хандлагатай байна. Учир нь одоогийн харилцаа нь найдвар төрүүлж, аливаа зүйлийг урьдчилан таамаглах боломжтой байгаа бөгөөд хамгийн чухал нь тав тухтай мэдрэмж давамгайлж байна. Сингл загасны ордныхон энэ жил маш найдвартай нөхөрлөлтэй учрах ба үүнийг хайр дурлалын харилцаа руу шилжүүлэхийг хүсэхгүй л болов уу. 

Хайртай хүнтэй юу?

2022 онд та хоёрын харилцаанд олон зүйлс тохиолдох ч уйтгартай байхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Магадгүй та шинэ зүйл туршиж, өөрөөр амьдрахыг хүсэж байна уу? Эсвэл хамтын амьдрал зохиож, илүү тогтвортой харилцаанд бэлэн болсон байж ч мэднэ.

Хайр дурлалд сонирхолгүй юу?

Загасны ордныхон маш өндөр мэдрэмжтэй бөгөөд бүх зүйлийг зөн совингоороо хийдэг. Мөрөөдөмтгий загасны ордныхон өөрсдийн гэсэн дотоод ертөнцдөө амьдардаг бөгөөд үүссэн нөхцөл байдлыг өөрчлөлгүй, урсгалаараа "сэлэхийг" илүүд үздэг. Тиймдээ ч ганц бие загасны ордныхон хэзээ ч ганцаарддаггүй тул одоогоор ямар нэгэн харилцаа хүсэхгүй байгаа бол энэ нь хэвийн зүйл юм.

Хайр дурлалаа хайж байна уу?

Хэн нэгэн танд таалагдаж байгаа бол цаг алдалгүй анхны алхмаа хийхийг зөвлөж байна. Дөрөвдүгээр сард та хайр дурлалын талбарт үнэхээр идэвхтэй байх бололтой. Үүнээс гадна таныг сэрээж, хувь заяаг тань өөрчлөх үйл явдал энэ он дуусахаас өмнө тохиолдоно гэж зурхайд зөгнөжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх