Жаред Лето, Майли Сайрус, Ли Жон Жэ, Snoop Dogg нар Gucci брэндийн шинэ сурталчилгаанд
Урлагийн салбарын акулууд нэг дор цугларчээ
Өнгөрөгч оны сүүлээр Gucci брэндийн бүтээлч захирал Алессандро Микеле ордны 100 жилийн ойг тохиолдуулан хавар-зун 2022 цуглуулгаа Лос Анжелес хотын Холливүүдийн өргөн чөлөөнд зохион байгуулсан удаатай. Тэрээр бага насандаа Ром хотын захад амьдардаг байсан бөгөөд тухайн үед ээж нь түүнд кино найруулагчийн туслахаар ажиллаж байсан үе, алдарт жүжигчин Рита Хейвортын атласан хар өнгийн бээлий болон Мэрилин Монрогийн уянгалаг хоолойн талаар ярьж өгдөг байжээ. Эдгээр түүхүүдийг сонсож өссөн Алессандро Холливүүдийг яг л ер бусын, хүрч чадашгүй үлгэрийн орон мэтээр төсөөлдөг байжээ. Тиймээс тэрээр кино, урлагийн ертөнцийн талаар өөрт нь таниулж, мөрөөдөж сургасан ээждээ хүндэтгэл үзүүлэн шинэ цуглуулгаа танилцуулах газраар Холливүүдийн өргөн чөлөөг сонгосон байна. Нийт 115 төрхөөс бүрдэх энэхүү цуглуулгад Америкийн кино урлагийн хэв маягийг шингээсэн, бохо стилийн загварууд давамгайлсан юм.
Тэгвэл Gucci брэнд саяхан хавар-зун улирлын цуглуулгынхаа сурталчилгааны бичлэгийг толилууллаа. Бичлэгийн зураг авалтад дуучин, жүжигчин Жаред Лето, “Squid Game” цувралын од Ли Жон Жэ, дуучин Майли Сайрус, рэппер Snoop Dogg болон бусад алдартнууд оролцсон нь сошиал ертөнцөөр багагүй шуугиан дэгдээгээд авлаа.
Тус бичлэгт одууд шөнийн клубд цагийг зугаатай өнгөрүүлж буй харагдана. Тэдний хувцаслалт хуучны Холливүүдийг санагдуулах төдийгүй алдартнуудын эргэн тойронд мөн онцгой, хуучны кино мэт хэв маяг оруулж чаджээ. Сурталчилгааны бичлэг болон гэрэл зургууд дээр Мерт Алас, Маркус Пигготт нар ажилласан байна.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт