Хавар-зун 2022 өнгөний палитр: Усан ягаан, пастель шар, Very Peri болон бусад
Ирэх улиралд анхааралдаа авах 6 өнгө
Хавар-зуны улирал хараахан хаяанд ирээгүй байгаа ч урин дулааны улирлыг хэн бүхэн тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тиймээс бид ирэх улирлын трендүүд, загварын тайзнаас буусан шинэхэн загварууд, мэргэжилтнүүдийн онцолж буй стайлингийн аргачлалууд төдийгүй нүүр будалт болон үс засалтын чиг хандлагуудыг тусгасан дэлгэрэнгүй хөтчөө цуврал болгон хүргэсээр байгаа билээ. Харин энэ удаад бид хавар-зун 2022 улиралд таны анхааралдаа авах хэрэгтэй гол өнгөнүүдийг нэгтгэлээ.
НОМИН ЦЭНХЭР
2020 оны хавар-зуны улиралд тренд болоод байсан номин цэнхэр өнгө ирэх улиралд ч мөн зонхилох хандлагатай байна. Загварын орднууд номин цэнхэр өнгө ашиглахдаа сонирхол татам эсгүүр, зөөлөн торго болон үслэг материалтай хувцас, урт бээлий зэргийг урласан байлаа.
СОЛОНГОН
Chloé, Botter, Dries van Noten, Christopher John Rogers зэрэг брэндүүд эрх чөлөө болон эерэг хандлагын бэлгэдэл болсон солонгон өнгийг шинэ улирлын цуглуулгууддаа онцолсон юм.
ПАСТЕЛЬ ШАР
Пастель шар өнгө хэзээ ч моданаас гарахгүй гэдгийг загвар зохион бүтээгчид улирал бүр баталсаар байна. Jil Sander, Victoria Beckham ажил хэрэгч бүсгүйчүүдэд тохиромжтой загваруудыг танилцуулсан бол Emilio Pucci өдөр тутмын топ болон юбканы хослол, харин MGSM романтик хэв маягтай даашинз урлажээ.
ТОД УЛБАР ШАР
Сүр жавхлантай байдлын илэрхийлэл болох улбар шар өнгө хэд, хэдэн цуглуулгад шингэсэн байлаа. Шинэ улиралд зориулж Coperni брэнд улбар шар өнгийн спорт стилийн футболка танилцуулсан бол Proenza Schouler сул өмсгөлтэй макси даашинзыг урлаж, харин Dior классик хэв маягийн хослол толилуулсан байна.
VERY PERI
Pantone өнгөний институт 2022 онд зориулж түүхэндээ анх удаагаа бэлэн байгаа өнгөний сонголтуудаас биш, харин цоо шинэ 17-3938 гэх кодтой өнгийг зохиосон бөгөөд үүний үр дүнд “Very Peri” хэмээх шинэ өнгийг гаргасан билээ. Ерөнхийдөө нил ягаан өнгийг санагдуулах тус өнгийн хувцас, аксесуарууд шинэ улиралд маш эрэлттэй байх нь ойлгомжтой.
УСАН ЯГААН
Энэ оны хавар-зуны улиралд эмэгтэй хүний зөөлөн, уян хатан чанарыг төгс илэрхийлэх усан ягаан өнгөөр төрхөө бүрдүүлэхийг зөвлөж байна.