2022 онд өндөр хайп үүсгэх загварууд: Шовх хоншоортой гутал, “ялааны нүдэн” нарны шил
KNWLS брэндийн шовх хоншоортой гутал
2021 онд цөөнгүй загварын орднууд этгээд загвартай гутлуудыг танилцуулсан билээ. Тухайлбал, Balenciaga брэнд өндөр өсгийтэй clog загварын гутлыг урлаж багагүй хэл ам дагуулсан бол Солонгосын Sun Woo брэндийн нэг хос атлаа хоорондоо харилцан адилгүй гутал нь олон эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээний нэг хэсэг болж, харин Molly Goddard эрчүүдэд зориулсан балерина загварын туфлийг толилуулсан юм. Эдгээрээс гадна яг л хутга шиг шовх хоншоортой Serpent нэртэй загвараараа хэрэглэгчдийн төдийгүй дизайнеруудын анхааралд өртөөд буй бас нэгэн брэнд бол Лондоны KNWLS юм. Анх тус гутлын үндсэн силуэтыг Лондоны дизайнер Марко Бакович KNWLS брэндэд зориулан гаргаж байсан нь шовх биш дугуй хэлбэртэй байжээ. Улмаар загварын ордны дизайнерууд болох Шарлотта Ноулз, Александра Арсено нар шинэчлэн одоогийн загварыг бүтээсэн юм. Serpent гутлаар инфлюенсер Кортни Троп, Оросын блогер, залуу бизнесмэн Анастасия Миронова, Германы модель Майи Степпер болон бусад орон орны инфлюенсерүүд төрхөө бүрдүүлж байна.
“Ялааны нүдэн” нарны шил
Нар халхлах үндсэн зорилгоор биш, харин гол нь трендлэг харагдахын тулд зүүдэг байсан нарийн хүрээтэй нарны шил моданаас ийм хурдан гарчихна гэж төсөөлсөнгүй. Саяхан л Канье Уэст Ким Кардашьяныг Celine брэндийн авиатор шилээ солихыг ятгаж байсан шүү дээ. Тэгвэл Balenciaga, Gucci, Marashall Columbia зэрэг загварын орднууд шинэ цуглуулгаа танилцуулснаар чиг хандлага чигээ өөрчлөөд байна. Тухайлбал, Balenciaga-гийн хавар-зун 2022 цуглуулгад дизайнеруудын тодорхойлж буйгаар “муурын нүд” шилний том хувилбар нь (бидний харснаар ялааны нүдтэй тун адилхан нарны шил) багтжээ. Түүнчлэн Balenciaga загварын ордон нь 53 жил завсарласны дараа танилцуулсан кутюр цуглуулгаараа уг загвартай төстэй атлаа ямар ч хүрээгүй, илүү футуристик нарны шилийг танилцуулж байсан юм. Энэхүү шилээр Ким Кардашьян, Camper брэндийн бүтээлч захирал Ахиллеса Иона Габриэля нар гоёх дуртай билээ.