Хайх

А.Баярцэцэг Дэлхийн миссийн тэмцээний арван шалгуурт хэрхэн бэлдсэн бэ?

А.Баярцэцэг Дэлхийн миссийн тэмцээний арван шалгуурт хэрхэн бэлдсэн бэ?

Мөн түүний гол өрсөлдөгч хэн бэ?

Text: Ж.Чинбат


Miss World тэмцээнд Монгол улсыг төлөөлж оролцох загвар өмсөгч, жүжигчин А.Баярцэцэг Бюро 24/7-д тус тэмцээний арван шалгуурыг хэрхэн давахаар бэлдсэн тухайгаа болон орчин үеийн монгол эмэгтэйн арван шинж гэж юуг хэлэхийг өөрийнхөөрөө тодорхойллоо

Анх 1951 оноос эхлэн зохион байгуулагдаж буй "Miss World" буюу Дэлхийн миссийн тэмцээн энэ жил арваннэгдүгээр сарын 26-нд эхлэх гэж байна. АНУ-ын нийслэл Вашингтон хотод болох тэмцээнд нийт 119 орны мисс оролцоно. Таван одтой Gaylord зочид буудалд байрлах эдгээр миссүүд болон А.Баярцэцэг 21 хоногийн дотор тэмцээний гол арван шалгуурыг давах бөгөөд хамгийн өндөр оноо авсан 20 бүсгүй арванхоёрдугаар сарын 18-нд болох финалын шатны шалгаруулалтын тайзан дээр гарах эрхтэй болно. Тэднээс шүүгчид нэр зарлан арван бүсгүйг үлдээх ба тэд тайзан дээр хэрхэн биеэ авч явж, үзэгчид болоод шүүгчдийг байлдан дагуулж чадсанаараа өрсөлдөж, зөвхөн таван оролцогч тунаж үлдэнэ. Ингээд эцсийн өрсөлдөөнд шүүгчдийн "Та яагаад дэлхийн мисс болох ёстой вэ" гэх асуултанд тэд хариулах юм. Тэр үед шүүгчдээс хамгийн өндөр оноо авсан бүсгүй Дэлхийн миссийн титмийг тэргүүндээ асааж, зорилго мөрөөдлийнхөө эзэн болно.

А.Баярцэцэг тэрхүү сэтгэл догдлуулсан мөч хүртэл явах уу гэдгийг бид удахгүй үзэх болно. Netflix-ийн Марко Поло кинонд дүр бүтээж, Miss earth (2015), Miss International (2012)  тэмцээнүүдэд оролцсон тэрээр энэ жил өмнөх амжилтуудаа эвдэх өндөр зорилт тавьжээ. Энэ талаар түүнтэй ярилцсанаа одоо танд хүргэе. 

-

А.Баярцэцэгийг тайзан дээр үлдэх таван миссийн нэг болж үлдлээ гэж төсөөлье л дөө. Тэр үед шүүгчдээс ирэх "Та яагаад дэлхийн мисс болох ёстой вэ" гэдэг асуултанд та юу гэж хариулах бол?

Дэлхийн мисс үү? Энэ бол итгэл найдварын тэмцээн. Монгол хүмүүст өнөөдөр бахархал, итгэл найдвар хэрэгтэй. Дэлхийн мисс болсноороо бид эх орондоо эргээд маш олон төслийг татаж чадна. Дэлхийн мисс гэдэг зөвхөн монголын мисс биш учраас дэлхийн нийтэд болж буй асуудлуудын халуун цэг дээр очиж тусламжийн гараа сунгана гэдэг бол миний мөрөөдөл юм.

А.Баярцэцэг Дэлхийн миссийн тэмцээний арван шалгуурт хэрхэн бэлдсэн бэ? (фото 1)

Хүмүүс асуултанд нийгмийн бие төлөөлөл гэсэн үүднээс хариу хэлдэг боловч нөгөө талаар хувь хүний хүсэл эрмэлзэл агуулсан хариулт орхигдох магадлалтай байдаг. Чиний хувьд Дэлхийн мисс болох ямар хүсэл, сонирхол байна вэ?

Нэгдүгээрт миссийн тэмцээнд эх орноо төлөөлж оролцсоноор маш их сэтгэл ханамж авалгүй яах вэ? Тайзан дээр Монгол гээд дуудуулан гарч ирэхэд огшоод л ирдэг. Дээрээс нь би залуу уран бүтээлч бөгөөд Холливүүдын хэмжээнд жүжигчин болохыг хүсдэг. Тийм ч учраас энэ тэмцээнд орсноороо миний жүжигчний карьерт нөлөөлнө гэж бодож байгаа.

2012 оны Miss International тэмцээнд "Ялагдлын амт мэдэрсэн" гэж та өмнө нь хэвлэлд ярьсан. Тэгэхдээ 2015 онд Miss Earth тэмцээнд амжилт гаргаж чадсан шүү дээ. Одоо харин энэ жилийн тэмцээнд танд ямар боломж байна вэ?

Энэ удаад амжилтаа ахиулах боломж бүрэн бий. Тийм ч учраас өмнө нь манай улс Дэлхийн миссийн шилдэг 25-д шалгарч байсан амжилтыг ахиулахыг хүсч байгаа.  Миний хувьд гэрийн даалгавраа биелүүлээд, бэлтгэл сайтай ороход бүх зүйл боломжтой гэж боддог. Тэнд очоод хүний нүдэнд өртчих болов уу гэх мэт азанд найдахыг хүсдэггүй. Хүн үнэхээр зуун хувь бэлтгэлтэй очих юм бол бүх талаараа маш сайн байж чадна. Даравч далдайна, булавч бултайна гэгчээр хүмүүс тоохгүй байсан ч тэндээс нь онцгойрч гарч ирэхийг хүсдэг. 

Ер нь бол эмэгтэй хүн жирэмсэн байхдаа олон ааштай болно гэдэг шиг миссийн тэмцээнд ороход яг тийм болдог. 

Ер нь миссийн тэмцээнд оролцож байхад бүсгүйчүүдийн сэтгэл зүй ямар байдаг юм бол? Бид бүгд дэлгэцийн цаанаас харахаас өөрийн тань дотоод мэдрэмжийг тэр бүр мэдрэхгүй шүү дээ. 

Тэмцээн дөнгөж эхэлмэгц бид хоёр хоног тутамд нэг шалгаруулалттай байх бөгөөд үргэлж л хэвлэл мэдээллийнхэн болон шүүгчдийн хараан дор байх болно. Тиймээс маш их ачаалалтай, сэтгэл зүйн хувьд гэгэлзсэн, дарамттай байдаг. Ер нь бол эмэгтэй хүн жирэмсэн байхдаа олон ааштай болно гэдэг шиг миссийн тэмцээнд ороход яг тийм болдог. Маш хурдан баярлаж, хурдан гомдож, туньдаг. Хүмүүс гоё сэтгэгдэл бичихээр улам урам аваад л "Би чадна, бүх зүйл болно" гэж боддог бол зарим хүмүүс муулаад эхлэхээр бүр газар дор ортлоо сэтгэлээр уначихдаг ч юм уу. Бүр үнэхээр тулгамдсан үед ганцаараа уйлах тохиолдол ч гарна.

Тэмцээн нийт арван шалгаруулалттай. Үүнд хэрхэн бэлдсэнээ товчхон ярьж болох уу? 

За тэгье.

Хамгийн гол шалгуур болох "Зорилго бүхий гоо сайхан"-ыг илтгэх хүмүүнлэгийн ажиллагаа чинь юу вэ?

Би таван жилийн өмнөөс "Агаа Эгээ" хөтөлбөрөөр асарч ханддаг дүүтэй болсон л доо. Тэр дүү маань монголд байдаг 5000 өнчин хүүхдийн нэг нь. Ер нь Монголд 1200 хүүхэд ямар ч эцэг эх, ах эгчгүй орь ганцаараа улсын халамжинд өсч бойжиж байгаа. Тэд 18 нас хүрээд амьдралд бие даахад нь "Ах нь сургаж, дүү нь сонсдог"-ын адилаар дэргэд нь үлгэр дууриал болох ах, эгч олж өгдөг "Агаа-Эгээ" хөтөлбөрөө би Дэлхийн миссийн тэмцээнд танилцуулна. Гол нь тэдгээр хүүхдүүдийг өөрийн хамаатны адил загнаж, хатуурхаж болохгүй, эвийг нь олох хэрэгтэй байдаг. Тэгж чадвал тэд жил ирэх тусам өөрийгөө гологдсон, хаягдсан, азгүй гэж бодохоо больж, өөртөө итгэлтэй, хүний үг авдаг, биеэ дааж сурдаг юм л даа. Одоо миний дүү МУИС-т хуулийн чиглэлээр суралцдаг. Яг надтай адилхан ийм дүүтэй 75 ментор манай хөтөлбөрийн хүрээнд гарсан байгаа. Энэ хөтөлбөр маань миссийн тэмцээнээс үл хамаарч цаашид удаан хугацаанд хэрэгжих болно.

А.Баярцэцэг Дэлхийн миссийн тэмцээний арван шалгуурт хэрхэн бэлдсэн бэ? (фото 2)

Интернэт шалгаруулалт

Miss World тэмцээнд оролцогчийн хамгийн гол хоёр дах шалгаруулалт бол хэр зэрэг медиа дэмжлэг авч чадсанаар хэмжигдэх юм. Өнгөрсөн жил Miss Earth тэмцээний онлайн дэмжлэг зөвхөн like & share-р хэмжигдэж, би 100,000 хүний санал авч чадсан бол одоо дор хаяж 1,0 сая хүний санал авах хэрэгтэй байгаа.   

Дэлхийн миссийг зохион байгуулагчдын зүгээс надад өгсөн фэйсбүүк хуудсыг би хэр сайн чанартай контенттой хөтөлж, хандалт сайн авах нь энэ шалгаруулалтын онооны 50 хувь нь хамаарна. Үлдсэн 50 хувь нь Дэлхийн миссийн цахим хуудсаар орж санал өгч буй үзүүлэлтээс шалтгаална.

Би фэйсбүүк хуудсандаа өдөрт оруулах таван нийтлэлдээ Netflix-ийн уран бүтээлчид, Холливүүдын зарим алдартнууд, Испани дахь загварын агентлагийнхан гээд дэлхийн хэмжээнд олны танил болсон хүмүүсээр өөрийнхөө тухай үг хэлүүлж, нийтлэгдэх цагийг нь одоо урьдчилан тааруулсан байгаа. Мөн медиа дэмжлэг хэр авч байгаа нь чухал. Жишээ нь манай дотоодын сайтуудыг гадны хүмүүс ойлгохгүй. Тэгэхээр олон улсын брэнд болсон Buro 24/7, Cosmopolitian, Bloomberg,  Reuters-д гарсан ярилцлагууд маань чухал үр нөлөөтэй.

Авьяасын үзүүлбэр

Би бүжиглэнгээ калиграф зурдаг үзүүлбэр хийдэг. Тэгэхдээ дэлхийн миссийн тэмцээнд маш өвөрмөц зүйл үзүүлэх ёстой. Тэгж байж бид нар өндөр оноо авна гэдгийг мэднэ. Тиймээс нэгэнт чаддаг зүйлээ сайжруулж, өөрийн үзүүлбэрээ илбэтэй хослуулж байгаа. Илбээр зураг зурах бийр нь гарч ирдэг ч юм уу, бүжиглэх гээд очмогц хувцас нь солигдчихдог зэргээр америкийн энтертэйнмэнт уур амьсгалд зориулсан зүйл бэлдсэн. Үүнийг илбэчин Билэгт, Германд бүжигчнээр ажилладаг Шинэцэцэг зэрэг найзуудтайгаа хамтарч бэлдсэн байгаа. 

А.Баярцэцэг Дэлхийн миссийн тэмцээний арван шалгуурт хэрхэн бэлдсэн бэ? (фото 3)

Спорт шалгаруулалт

Үндсэн шалгаруулалтад 100 метрийн гүйлт, уртын харайлт, гар суниалт зэрэг төрлүүд бий. Гэвч яг үнэнийг хэлэхэд спорт төрөл Монголчуудад хэцүү. Бид хэдий сайн бэлдлээ ч европ, африкийн охид спортод төрөлхийн сайн. Тиймээс аль болох оноо алдахгүйг хичээж байгаа.

Топ моделийн тэмцээн

Миний моделиор ажилласан найман жилийн туршлага үүнд нөлөөлнө гэж бодож байна. Өмнөх жилүүдээс харахад миссүүдийн хөөрхөн эсвэл өндрөөр үүнийг шалгаруулдаггүй. Харин тухайн хүний өөрийн байгаа байдал л илүү нөлөөлдөг юм билээ.

Шилдэг дизайнерын шалгаруулалт

Дизайнер Д.Отгонжаргалын надад зориулж хөх тэнгэрт дүүлэн нисч буй шувууг дүрсэлсэн даашинз амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаа. 

эмэгтэй хүн секси байхын тулд заавал биеэ ил гаргаж, нүцгэлэх албагүй.

Шүүгчдийн ярилцлага

Хоёр минутын хугацаанд өөрийгөө танилцуулж ярих юм. Би гэж хэн бэ, би яагаад энэ тэмцээнд орсон бэ гэдгээ харуулж, шүүгчдийн асуултанд хариулна. 

Өөрийн улсаа төлөөлөх сувинер бэлэг

Хэдийгээр энэ бэлэг нь ихэвчлэн биет сувинерээс бүрддэг ч гэлээ миний танилцуулга видеог үзсэн гадны хүмүүс "Монгол улсад очиж үзэхийг маш их хүслээ" гэж их сэтгэгдэл үлдээдэг. Тиймээс би Монгол улс руу хоёр хүн арав хоног үнэгүй аялах эрхийг "Өнөр Монгол травел" компанитай хамтран бэлдсэн байгаа.

Видео танилцуулга

Ресорт хувцасны шалгаруулалт

Эмэгтэй хүний гоолиг бие галбир бол миссийн тэмцээний хамгийн сонирхол татсан үзүүлбэр байдаг. Гэвч Дэлхийн миссийн тэмцээн зөвхөн гоолиг бие галбир гэхээс илүү охидын толгойд буй бодол, мөрөөдөл, зорилгод нь илүү анхаарна гэсэн мессэжийг илэрхийлж бикини хувцаслалтын шалгаруулалтыг ресорт болгож өөрчилсөн байх. Тиймээс сүүлийн үед ил задгай харагддаг тусдаа бикини биш харин нийтдээ нэг бикини хувцас өмсөх болсон. Өөрөөр хэлвэл эмэгтэй хүн секси байхын тулд заавал биеэ ил гаргаж, нүцгэлэх албагүй, өөрийнхөөрөө дур булаам үзэсгэлэнтэй байгааг нь илүү харгалзах болов уу.

За баярлалаа. Тэгвэл чинийхээр эмэгтэй хүний дотоод гоо үзэсгэлэн гэж юу вэ?

Дэлхийн миссийн тэмцээн үүнийг "Зорилго бүхий гоо сайхан" хэмээн зөв тодорхойлсон гэж боддог. Эмэгтэй хүн бүр гоо үзэсгэлэнтэй бөгөөд монгол эмэгтэйчүүд бүгдээрээ мисс юм. Тэр хүн ямар бие галбиртай байх, өндөр нам, туранхай бүдүүн байх нь үүнд ерөөсөө хамаагүй. Харин тэр хүний зорилго, тэмүүлэл нь түүний гол гоо сайхныг нь илэрхийлнэ.

Тэгвэл чиний нүдээр монгол бүсгүйчүүдэд ямар зорилго давамгайлж байгаа харагддаг вэ?

Хүмүүсийн зорилго өөр, өөр чиглэлд хуваагддаг л даа. Нэг хэсэг нь материаллаг зорилготой байхад нөгөө хэсэг нь өөрийгөө боловсруулах, гадаадад суралцах, илүү сайн ажил, мэргэжилтэй болох зэрэг карьер чиглэлтэй зорилготой болсон байна. Миний хувьд охид өмнөө материаллаг бус илүү карьер чиглэлийн зорилго тавьж, түүнийхээ төлөө галзуурах шахан тэмцэж хүрдэг байгаасай гэж боддог. Хүн мэдлэгтэй байх тусам илүү гоо үзэсгэлэнтэй байж, эргээд түүгээрээ материаллаг эд зүйлсийг авч болно.

Дэлхийн миссийн тэмцээн өв тэгш эмэгтэй хүнийг арван шинжээр нь тодорхойлж байх шиг. Мөн Монгол эмэгтэйн арван шинжийг өвөг дээдэс маань тодорхойлсон байдаг. Гэвч орчин үед бүх охид "үйлэнд уран" байх боломжгүй бөгөөд албагүй шүү дээ. Та тэгэхээр өөрийнхөөрөө орчин үеийн монгол эмэгтэйн шинжийг нэрлэж болох уу?

Тэгэлгүй яах вэ, мэдээж өнөөдөр зарим зүйлс өөр болсон. Тиймээс би өөрийнхөөрөө хэлэх гээд үзье.

А.Баярцэцэг Дэлхийн миссийн тэмцээний арван шалгуурт хэрхэн бэлдсэн бэ? (фото 4)Дэлхийн миссийн тэмцээнд оролцогчдын жагсаалтыг харахад Украйн, Филиппин зэрэг улсын миссүүд их хөөрхөн харагдаж байсан. Таны хувьд өрсөлдөгч гэж бодож байгаа ямар охид байна вэ?

Хөөрхөн гэдэг нэг ойлголт л доо. Энэ миний оролцож буй гурав дах том миссийн тэмцээн бөгөөд сүүлийнх нь гэж бодож байна. Тэгэхээр шүүгчид хүмүүсийн юуг нь харж шалгаруулаад байгааг ерөнхийдөө гадарладаг болсон. Миний хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж бодож байгаа хүн бол Филиппиний мисс Катриона Элиса Грэй. Тэр бүх талаараа маш сайн бэлтгэгдсэн хүн. Түүний ард маш том баг ажиллаж байна. Хийж буй үйл ажиллагааг нь харахад ч миний хамгийн том өрсөлдөгч юм. Катриона бараг түрүүлэх ч магадлалтай.

Та бол Netflix-ийн Марко Поло кинонд тоглочихсон, хоёр ч том миссийн тэмцээнд оролцсон залуу уран бүтээлч. Тэгвэл тэрхүү Филиппиний мисс юугаараа онцгой юм бэ?

Катриона хагас австрали, хагас филиппин гаралтай бөгөөд Америкт боловсрол эзэмшсэн, хөгжим тоглодог, таеквондогоор хичээллэдэг, 180 см өндөртэй, хүмүүнлэгийн ажил нь мундаг, өөрийгөө илэрхийлэх ярианы чадвар маш сайтай. Тэгээд хөөрхөн.

Вашингтонд танд ямар баг байх вэ?

Багаа авч явахад санхүүгийн асуудал гарах учраас очоод ганцаараа байна. Харин миний нэг найдаж байгаа зүйл бол АНУ дахь хамгийн их монгол хүнтэй хоёр дах газар бол Вашингтон ДС юм билээ. Тийм болохоор Вашингтонд Монгол улсыг төлөөлөн сууж байгаа элчин сайдын яам, монголчуудын холбоонд найдаж байгаа. Тэд маань л чадах, амжихаараа тусалбал миний баг болох болов уу. 

Эцэст нь та одоо өөртөө хэр итгэлтэй байна вэ?

Би маш их итгэлтэй байна.

Хэдэн хувь бэ?

Яг одоогоор хийх ёстой гэрийн даалгавраа 100 хувь хийж дуусаагүй байна л даа. Долоо хоногийн хугацаа байгаа учраас аль болох хурдан дуусгахыг хичээж байна. Хэрэв бэлтгэлээ бүрэн хангачих юм бол би өөртөө 100 хувь итгэлтэй байх болно.

За баярлалаа. Таныг бүх Монголчууд дэмжиж, бас маш их бахархаж байгаа шүү. Амжилт хүсье. 

Баярлалаа.

цааш үзэх