#BuroCrush: Холливүүдын шинэ од Марго Робби
Блокбастерын хатан хаан
Анх Warner Bros. кино компани Маргод "Тарзан"-ы шинэ хувилбарт гол дүрд тоглох санал тавихад тэр шууд татгалзсан гэдэг. Учир нь тэр "Зүгээр л аюулд орсон гоо бүсгүйн дүрийг хэзээ ч бүтээхгүй" гэжээ. Тэгэхдээ дараа нь тэр кино зохиолыг дахин уншиж, Жейнд ямар нэг гүн гүнзгий зүйл байгааг олж харснаар бодлоо өөрчилсөн байна. Марго Роббигийн хэлснээр бол зөвхөн түүний гаднах төрхийг л ашигласан дүрийг хэзээ ч бүтээдэггүй гэдгийг дурдаж байсан. Түүнийг алдартай болгосон "The Wolf of Wall Street" кинонд хүртэл Леонардо ДиКаприогийн хажууд тэр сул харагддаггүй. Хүүхдийн өрөөнд болдог тэр хэсэгт Робби жүжигчний чадвар, дур татам харцаараа зөвхөн ДиКаприо төдийгүй сая, сая үзэгчдийн тэсвэрийг алдуулдаг. Үүнээс хойш үзэгчид түүний урхинд орж, тоглосон кино бүрийг нь тэсэн ядан хүлээдэг болсон. Удахгүй нээлтээ хийх "Suicide Squad" ба "The Legend of Tarzan" кинонуудыг ч тэд үзнэ гэдэгт итгэлтэй байна.
Марго Роббиг сайн таньдаг хүмүүс түүнийг зарчимч, хатуу, заримдаа маягтай хэрнээ маш энгийн ааш зантай гэж тодорхойлдог. Яагаад гэвэл тэр Австралийн жижиг хотын энгийн л нэг гэр бүлээс гаралтай. Лондон хотод "The Legend of Tarzan" киноны зураг авалтын үеэр тэр нэг бол Амстердам руу нисч, жижиг жуулчны баазад канад жуулчидтай хамт байрладаг байсан. Эсвэл Умард Ирландын наадамд оролцохоор галт тэргээр аялж, тэндээ очоод майханд хонодог байжээ. Марго ийм амьдралын хэв маягт бүр хүүхэд байхаасаа л дасан зохицсон байна. Тэрээр багадаа Австралийн зэрлэг байгальд өссөн бөгөөд ээж нь түүнийг циркийн сургуульд өгсөн юм. Ингээд ирээдүйн жүжигчин бүсгүй найман нас хүрэхдээ мэргэжлийн акробатчин болсон байв. Марго Робби 17 настай байхдаа Мельбурн руу нүүсэн бөгөөд ирсэн даруйдаа "Neighbours" нэртэй Австралийн телевизийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн савангийн дуурьт дүр бүтээжээ. Тэрээр тус цувралд гурван жилийн турш тоглосон бөгөөд дараа нь хэлний багшаар америк аялга заалгаж аваад Лос-Анжелес хот руу нүүсэн байна. Марго Холливүүдад ирсэн даруйдаа л шууд од болсон гэж хэлж болно. Эхлээд тэр "Pan Am" гэдэг цувралд тоглож байсан ч төд удалгүй цувралын зураг авалтыг зогсоосон байна. Гэвч үүний дараа алдарт "The Wolf of Wall Street"-д тоглоод л түүний алдар нэр цуурайтаж эхэлсэн. Атаархмаар амжилтын түүх биш гэж үү?
Робби жилийн өмнө өөрийн найз залуугийн хамтаар "LuckyChap" нэртэй кино компани байгуулсан ба тэдний анхны бүтээл болох "Terminal" нэртэй киноны зураг авалт одоо Унгарт хийгдэж байгаа. Одоогийн байдлаар тус кино компаний төлөвлөгөөнд нийт таван төсөл бий. Тэдний нэг нь маш их шуугиан тарьсан уран гулгалтын тамирчин Тоня Хардингийн намтарчилсан кино юм. Энэхүү кинонд Марго Робби өөрөө Тоня Хардингийн дүрд тоглохоор болжээ. Мөн "Suicide Squad" киноны дараагаар Марго Роббигийн дүр болох Харли Куинны тухай тусад нь кино хийхээр төлөвлөсөн байна. Тиймээс Марго ойрын хэдэн жилд ажилгүй хоцроно гэж лав байхгүй. Хэрэв асуудал өөрөөр эргэвэл түүнд өөр нэг мэргэжил бий. Тухайлбал, саяхан Роббигийн найз түүнд шивээс хийдэг машин бэлэглэсэн бөгөөд "Suicide Squad" (Наймдугаар сарын нэгэнд нээлтээ хийнэ) киноны зураг авалтын үеэр хүсвэл түүнээр шивээс хийлгэж болохоор байжээ. Жишээ нь Кара Делевинь ба найруулагч Дэвид Эйр нар Маргогоор шивээс хийлгэсэн байна. Одоо тэр тэрхүү шивээсний машинаа хаа сайгүй авч явдаг болжээ. Учир нь тэр зүгээр л шивээс хийх үйл явцаас таашаал авдаг гэнэ.
Саяхан тэр Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа анх хэрхэн жүжигчин болохоор шийдсэнээ ярьсан юм. "Тэр үед би ойролцоогоор 15 настай байсан байх. Зурагтаа асаагаад өөртэйгөө ойролцоо насны охин текстээ маш муу уншиж байхыг харсан. Тэгээд л би үүнээс хамаагүй дээр хийж чадна гэж бодсон. Хараал ид, яагаад би энэ охины оронд байгаагүй юм бэ?" гэж Марго ярьж байсан. Одоо бол Марго Робби тэр охиныг ардаа хол орхисон. Энэ бол түүний амжилтын зөвхөн эхлэл гэдэгт итгэж болно.