Instagram дээр заавал дагах 7 тейстмейкер
Бүтээлч амьдрах урам зориг бэлэглэнэ
Тейстмейкер гэдэг нь загвар, дизайны салбарт юу тренд болохыг тодорхойлж, нөлөөлдөг интерьер, архитектур, загварын мэргэжилтнүүдийг хэлдэг билээ. Тэд амьдралынхаа бүхий л цаг хугацааг урлагаар амьсгалан өнгөрүүлж, гоо үзэсгэлэнтэй гэх бүхий л зүйлсэд төвлөрдөг юм. Тэгвэл бид энэ удаад интерьерийн салбар дахь хамгийн алдартай тейстмейкерүүдийг онцолж байна. Тэд танд бүтээлч амьдрах урам зориг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
Дизайнер Ник Немечек өдөр бүр гоёмсог декорууд, засал чимэглэлийн бүтээлч сэдэл өгөх зургуудыг хуваалцдаг. Түүний хуудсыг дагаснаар уран баримлуудыг хэрхэн интерьердээ шингээхийг суралцах боломжтой.
Дизайнер, зохиолч Афина Калдероноос тайван өнгө аястай дотоод засал хэрхэн бүрдүүлэхийг суралцаарай. Түүнчлэн Афина Калдерон өөрийн туршиж үзсэн амтат хоолны жоруудыг хуваалцдаг байгаа.
Бүтээлч зөвлөх, стилист Колин Кинг тавилга, урлагийн эд зүйлс, декоруудыг хооронд нь хослуулахдаа гаргууд нэгэн билээ. Түүний бүтээлч ажлуудаас ваби-саби буюу энгийн даруу, амар тайван хэв маяг мэдрэгдэх бөгөөд ийм төрлийн дотоод засал танд таалагддаг бол түүнийг заавал дагаарай.
Өнөө цагийн хамгийн алдартай интерьер дизайнер Келли Уарстлерийн Instagram хуудсыг дагаснаар түүний эрч хүч, хүсэл тэмүүлэл мэдрэгдсэн бүтээлч ажлуудаас урам зориг авахын зэрэгцээ түүний хөнгөн атлаа ажил хэрэгч амьдралын хэв маягаас суралцах хүсэл өөрийн эрхгүй төрөх болно.
Алекс Ийгл нь дотоод заслууддаа винтэж тавилга болон орчин үеийн урлагийн бүтээлийг ихээхэн ашигладаг. Түүнчлэн түүний хувцаслалтаас ч энэ байдал нь мэдрэгдэх ба дизайны шинэ мэдрэмж авахыг хүсвэл түүнийг дагаарай.
Интерьер дизайнер, эртний эдлэлийн худалдаачин Тамсин Жонсон нь хуучны интерьерийг ухаалгаар шинэчлэн орчин үеийн шик хэв маяг бүрдүүлэхдээ алдартай уран бүтээлч юм.
Chandelier Creative бүтээлч агентлагийн үүсгэн байгуулагч Ричард Кристиансен нь Лос Анжелест байрлах Flamingo эдлэн байшингийн Instagram хуудсанд цэцэрлэгжүүлэлт, дотоод заслын зургуудыг хуваалцдаг байгаа.