Сюрреал гэрэл зургийн ертөнц: Н.Билгүүний ярилцлага
20 асуулт
"Гэрэл зураг гэдэг адармаатай бөгөөд өөрийн хүссэнээр өөрчлөх боломжтой зүйл юм" гэх нээлтийг Н.Билгүүн Бээжингийн Олимпийн наадмын үеээр "Шувууны үүр" цэнгэлдэхэд хийжээ. Анх бүгдийн адилаар эргэн тойрны амьдрал, макро зураг авч, баримтат гэрэл зургаар амьдралын сонихон мөч, агшинуудаас хөрөг зураг авч байсан тэрбээр сүүлдээ илүү утга агуулга бүхий, өөрийн гэсэн уур амьсгалтай зураг авах болжээ. Тэр бүхний эхлэл рүү очицгооё.
Үүл, ой мод, өд, нууцлаг харц, ганцаардангүй гунигтай төрх, ид шидлэг байдал гээд энэ бүхэн анх яагаад чиний зургуудад буух болсон юм бол?
Нанжинд өнгөрүүлсэн нэг жил маань тэр зүйлийг өгсөн. 2010 онд хэлний бэлтгэлд явахдаа би маш их кино үзсэн юм. Ердөө арван юаны үнэтэй тэр кинонууд цагийг үр бүтээлтэй өнгөрөөх боломж юм шиг санагдсан болохоор ховор гэгддэг кинонууд түүвэрлэн үзсээр байлаа. Ингэж миний зурганд байдаг тэр мэдрэмжийг өөртөө бий болгосон. Зургаараа би арай өөр мэдрэмжийг өгөх гэж зорьдог.
Монголчууд их нийтлэг дүр төрхтэй. Чи зургандаа оруулсан моделиудаа хэрхэн сонгож, яаж олдог байсан бэ?
Яг нарийн шалгуур байхгүй. Би Сингапурт моделийн агентлагт ажиллаж үзсэн. Тэгэхэд монгол моделиуд ч байсан. Мэргэжлийн модель гэдэг утгаараа тэдэнд дараагийн кадр дарах хугацаанд зогсолтоо сольдог гэх мэт давуу тал байгаа. Энэ нь надад баригдмал санагдсан. Яагаад гэвэл би өөрөө амьд зүйл хийхийг эрмэлздэг. Тэгмэгц миний сонгож авсан моделиуд дандаа анх удаа зурганд орж буй хүмүүс байдаг.
Чи шинэ зургийн санаагаа хэрхэн олдог вэ? Ихэвчлэн давтагддаг тохиолдол бий юу?
Янз бүрээр орж ирдэг. Заримдаа дуу, кино, эсвэл урьд шөнө харсан уран зураг байдаг ч юм уу. Тийм нэг сэдэл авчихаад өөрийн мэдрэмжээр илэрхийлж гаргах гэж боддог. Жишээ нь би хуулбарлахад дургүй. Ямарваа нэгэн бүтээлтэй адилхан байхыг хүсдэггүй. Билгүүн гэдэг хүнээс гарч байгаа юм шүү гэдэг нь чухал.
Адилхан байлгахгүй гэдэг эрмэлзэл нэлээн хаагдмал, хүн амархан хүлээж авахааргүй зүйл рүү аваачдаг шүү дээ. Чиний зургуудыг хүмүүс хэр хүлээж авдаг бол?
Сайн, муу аль нь ч байна. Бусдаас ондоо юм байна гэж хүлээж авдаг хүн бий. Эхлээд би өөртөө зориулж зураг авдаг байсан. Сүүлдээ хүнийг таашааж хүлээж аваасай гэсэн хандлагатай ажилладаг болсноо анзаарсан. Гэхдээ хүмүүст өөр ертөнц байдаг шүү. Кофе шопд өдөржин кофе ууж суухаас өөр, гар утасаа байнга харж, материалжсан ертөнц дотор байхаас ондоо зүйл хараасай гэж хүсдэг.
Чиний зургуудыг хэн хамгийн сайн шүүмжилж чадах вэ?
Би өөрөө өөртөө хамгийн хатуу, сайн шүүмжлэгч гэж ойлгодог. Өнөөдөр авсан зураг таалагдаж байв ч маргааш болохгүй байх жишээтэй. Өөрийнхөө алдаанаас суралцаад явдаг.
Би хамгийн сүүлд чиний WRM -той хамт авсан зургийг харсан юм байна. Чамд хамтарч ажиллахад санаа нийлсэн хүмүүс хэн, хэн байна вэ?
Бүгд л гоё, ондоо ертөнцтэй хүмүүс байсан. Би тэдэнд нийцэж ажиллах хэрэгтэй байсан нь надад өөрт нэг талаар сорил, шалгуур болж, "Багийн нэг хэсэг болж хамтарч ажиллах ёстой" гэсэн даалгавар шиг байдаг. Тийм сэтгэгдэл төрүүлдэг, өөрийн гэх индивидуалтай хүмүүстэй ажиллах надад их таатай байдаг л даа.
Чамд цаашдаа зураг авах төрлүүдээ багцалж, тодорхойлсон зүйл байна уу?
Миний авдаг зургийн гол сэдэв бол шаналал. Одоогоор ерөнхийдөө зургийн чанарт л их ач холбогдол өгч байгаа.
Миланд зураг авсан талаар ярьсан. Ямар зурагтай ирсэн бэ?
Эхнэртэйгээ хамт сүүлд тийш очсон юм. Тэнд фэйшн чиглэлээр суралцдаг хэсэг монгол залуус байдаг бөгөөд тэдэнтэй хамт амьдардаг нэг польш модельтой, nude, хөрөг зураг авсан. Тэр миний өмнө нь гаргасан Memoirs альбомыг үзсэн байсан болохоор хамтарч ажиллахад амархан ойлголцсон. Тэр зургуудаар альбом гаргах санаа байгаа.
Nude зургийн юу нь чамд таалагддаг вэ?
Би ихэвчлэн nude авдаг. Хүн бүрийн эхээс төрсөн бие ондоо байдаг болохоор надаа уран зураг шиг буудаг гэх ч юм уу. Тэр нь надад урамтай санаа болон ирж, түүн дээрээ импровазаци хийхэд амар байдаг.
Ер нь баруунд агентлагтай холбоо тогтоож, фэйшн зурагчин болох бодол бий юу?
Тийм бодол байгаа. Тэгэхдээ яг одоогийн миний нөхцөл байдал хүсээд байгаа зүйл рүү ойртуулах боломжгүй байх шиг. Ерөнхийдөө фэйшн чиглэлээр ажиллах бодол байдаг.
Нью-Йоркт байгаа модель, Берлинд загвараа танилцуулсан дизайнер зэрэг залуусаараа бид бахархаж байна. Тэдний гарааны алхмууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчид болж хөгжөөсэй гэж олон хүн хүсч байгаа. Гэрэл зураг ч бас хамаарна. Үүнд яаж хүрэх боломжтой вэ?
Түүнд хүрэхэд уран бүтээлч талаас илүү эрмэлзлэл чухал юм болов уу. Монголчууд барууны оронд гарах өндөр боломжтой гэдгийг сая очихдоо мэдэрсэн. Бидэнд өөрийн гэсэн онцлог байгаа. Түүнийгээ л алдахгүй байх ёстой юм билээ.
Эрмэлзлэлдээ үнэнч байж, ажил хэрэг болгоход чамд юу тусладаг вэ?
Миний хувьд олон шүтээн байдаг. Тэдний хэмжээнд очдоггүй юм аа гэхэд ойролцоо явахыг хүсдэг. Тэр сайн хөшүүрэг болдог. Нэрлэх юм бол Английн Vogue сэтгүүлийн Тим Волкер байна.
Монголд ирсэн.
Тэрний өнгө аяс, гарч байгаа сэтгэхүй нь зурагнаасаа шууд л Тим Волкер гэж танигддаг. Тэрнийг хэн ч дуурайж чадахгүй. Өөрөө бүх юм аа тооцоолдог. Их л хүүхдээрээ хүн юм шиг санагдсан. Сая Миланаас номыг нь худалдаж аваад, нэгд нэгэнгүй үзсэн. Нэг тийм, өдрийн тэмдэглэл шиг ном. Зурсан зургууд нь ч хүүхэд. Хар зургаа гаргаад, зургандаа хэрэгтэй бүх зүйлсээ жагсаагаад, өмнө нь туршиж үзэж, гэрлээ олчихоод тэгээд зураг авалтаа хийдэг юм билээ. Өнгө нь ч өөрөө тансаг.
Чи ер нь Монголын нутгаар хэр явсан бэ?
Нэг их яваагүй. Би өөрөө Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн мөртлөө нэг ч очиж үзээгүй. Ээж аав Ленинград, Иркутскэд сургуулиа дүүргэх гээд намайг Архангайд эмээ, өвөө дээр үлдээсэн ба би тэнд 6-7 жил болсон.
Манантай, ойн зураг авдагийн учир тайлагдах шиг боллоо?
Миний аваад байдаг зургийн ихэнхи нь ой мод байдаг. Өсч торнисон газартай л холбоотой байх шиг.
Урбан хотод амьдарч байгаа мөртлөө байгалийг хүлээж авах nostalgia одоо чамд амархан төрдөг байх л даа?
Өнгөрсөн жил нэг Голланд охинтой үүргэвчтэй аялал хийж, Архангайд очиж зураг авсан. Тийм nostalgia мэдрэмж төрсөн. Цэцэрлэг хотоос холгүй Сурьяагийн ам гээд их гоё байгальтай газар зураг авалтынхаа дийлэнхийг хийсэн. Тэнд очиход бага нас минь бэлдсэн видео бичлэг шиг нүдний өмнүүр гүйгээд гарсан. Тэнд өөр олон зураг авахыг хүсч байгаа.
Чи гуниг, шаналалыг зургандаа их тусгадаг. Өөрөө байнга тийм сэтгэгдэлтэй байдаг уу?
Би их гүн шаналалтай үедээ зураг авахыг хүсдэг. Хүмүүс намайг амьдрал дээр тийм хүн байна гэж хүлээж авдаг байх. Яг танилцаад ирэхээр би их ондоо хүн.
Сюрреал урлагт чи яагаад татагдах болов? Уран зохиол, уран зураг байсан уу?
Миний авч байгаа гол концепт бол сюрреализм. Үүгээр л зургийн санаа, дүрслэлээ ургуулан боддог. Сарнай гэдэг үг байлаа гэхэд тэрийг эхлээд бичиж байгаад, ямар утгатай билээ гэх зэргээр тодорхойлоод явдаг. Хамгийн анх Асуулт форумд үзэгч маягаар их ордог байсан. Тэнд онгод өгдөг, хийх хүслийг өдөөдөг олон зурагчин байсан.
Сая Монголд гэрэл зураг үүсч хөгжсөний 80 жилийн ой тэмдэглэлээ. Чамд одоо гоё зурагтай хүмүүс хэр олон харагдаж байна вэ?
Надад 80 жилийн ойн хүрээнд гарсан хуучны зургууд үнэхээр л гоё байсан. Цаг үе бүрдээ шилдэг зурагчид байсан юм билээ. Одоо таны хэлсэнчлэн Монголд их олон зурагчид бий болсон байна. Харин харамсдаг зүйл гэвэл бүгд адилхан өнгө аястай, ялгахад хэцүү байдаг.
Ойрын хугацаанд үзэгчид чамаас юу хүлээж болох вэ?
Богино хэмжээний кино хийх, үзэсгэлэн гаргах бодол байгаа.