Рио-2016 Олимпийн наадмын хамгийн хөгжилтэй ба сэтгэл догдлуулсан мөчүүд
Баяртай Рио-де-Жанейро!
Майкл Фелпсийн ууртай царай
NBC Sports телевизийн камер Майкл Фелпсийн ууртай царайг 200 метрийн эрвээхий сэлэлтийн хагас финалын тэмцээн эхлэхийн яг өмнө харуулсан билээ. Үүнээс хойш түүний ууртай царай асар олон меме зураг болон хувирсан юм. Тэгэхдээ тэр өрсөлдөгчөө айлгахаар ийм царай гаргаагүй бөгөөд зүгээр л төвлөрч байсан гэнэ.
Кристин Армстронгийн ялалт ба уналт
АНУ-ын дугуйчин Кристин Армстронг тэмцээнд түрүүлж, алтан медаль авсан даруйдаа ямар ч тэнхээгүй болж дугуйнаасаа унасан юм. Харин түүний таван настай хүү ээж дээрээ гүйн ирж тэвэрсэн нь энэ Олимпийн хамгийн сэтгэл догдлуулам агшны нэг болж түүхэнд үлдэж байна.
Усайн Болтын турбо хурд
Ямайкийн домогт тамирчин Усэйн Болт 100 метрийн гүйлтэнд түрүүлж буй зураг Майкл Фелпсийн царайны зураг тархсан шиг хурдаар цахим ертөнцөөр нэг тарсан. Тэрээр гүйж байхдаа зураг авахуулах гэж байгаа мэт инээж дуранд өртсөн бөгөөд үнэн хэрэгтээ өрсөлдөгч нар луугаа эргэн харж байсан гэнэ.
Шона Миллерийн "шумбалт"
Бахамын арлын тамирчин Шона Миллер эмэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтийн тэмцээнд бүдэрч унан, яг л шумбах гэж байгаа мэт байрлалаар барианы зурваст орж алтан медалийн эзэн болсон. Тэгэхдээ түүний энэ ялалт маш олон эргэлзээг төрүүлсэн билээ. Тэр үнэхээр бүдэрч унав уу, эсвэл ялахын тулд юу ч хийхэд бэлэн байв уу?
Райан Лохтегийн үс ногооров
АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Райан Лохте тэмцээний өмнө үсээ цайвар шаргал өнгөөр будуулах нь тийм сайхан санаа биш гэдгийг мэдээгүй бололтой. Учир нь Олимпийн наадмын усан сангийн хлор түүний цайруулаад удаагүй байсан үсийг ногоон болгож хувиргасан юм.
Тонга улсын таеквондогийн тамирчин бүсгүйчүүдийн анхаарлыг татав
Олимпийн наадмын нээлтийн парадын үеэр Тонга улсын далбааг өргөж явсан тамирчин Пита Тауфатофуагийн тосолсон булчинлаг бие нэг хэсэгтээ л бүсгүйчүүдийн ярианы сэдэв болсон юм.
Дэлхийн хамгийн хэрэгцээгүй ажил
Олимпийн усанд сэлэлтийн тамирчдын аврагч хийдэг бүсгүйн уйдсан зураг маш олон меме үүсгэсэн. "Хэрэв та өөрийгөө ямар ч хэрэгцээгүй мэт мэдэрч байвал Олимпийн усанд сэлэлтийн тамирчдад аврагч гэж байдгийг санаарай" гэх зэрэг үгтэй олон зураг цахим ертөнцөд тавигдсан байгаа. Ямартаа ч усанд сэлэгчдэд аврагч хэрэг болох ч юм билүү, хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ.
Уран гимнастикч Кохэй Учимура Pokemon Go тоглоомонд донтсон ч алтан медаль авч чадлаа
Японы уран гимнастикийн тамирчин хоёр ч алтан медалийн эзэн болсон. Тэгэхдээ тэр Pokemon Go тоглоомыг маш их тоглож байсан учраас Риод байх хугацаанд түүний утасны роумингийн төлбөр 500,000 иен (ойролцоогоор 11 сая төгрөг) хүрсэн байна. Гэхдээ түүнийг үүрэн холбооны оператор нь "аварсан" бөгөөд тэр өдөрт 3,000 иен л төлөхөөр болжээ.
Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчид уурласан нь
Олимпийн наадмын чөлөөт бөхийн 65 кг-ийн жинд Монгол улсын тамирчин Г.Мандахнаран тэмцээнээ дуусаагүй байхад ялсан гэж баярласнаар шүүгч түүнийг торгож, хүрэл медаль авах эрхээ харамсалтайгаар алдсан билээ. Харин манай дасгалжуулагчид үүнд уурсаж, хувцсаа тайлан эсэргүүцлээ үзүүлсэн. Энэ хэрэг явдал BBC, USA Today, Time, Business Insider гээд дэлхийн хамгийн том мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Тэд ямар ч байсан бидний дургүйцлийг дэлхий дахинд үнэгүй дамжуулж өгсөн юм.
Маш их сэтгэл хөдлөлтэй тамирчин
Хятадын тамирчин Фу Юанхуй 100 метрийн араар даллах сэлэлтийн тэмцээнд гуравдугаар байранд орж хүрэл медаль авсан. Гэхдээ түүнээс энэ талаар сэтгүүлч асуух хүртэл тэр өөрөө огт мэдээгүй байсан юм. Ингээд түүний маш их баярласан сэтгэл хөдлөл дэлхий дахиныг инээмсэглэхэд хүргэлээ.
Сильвагийн гайхшрал Бразилд үндэсний баяр авчирсан нь
Монголын жудоч Д.Сумъяатай таарсан Сильва энэ жил "Бурхадын хот"-ыг жинхэнэ баяр хөөрт умбуулсан билээ. Түүнийг 2012 оны Лондонгийн Олимпод ялагдсаны дараа бүдүүлэг хөгжөөн дэмжигчид Twitter хуудас руу нь "Чи бол сармагчин, Олимпийн дэвжээнд байх хэрэггүй" гэж доромжилсон үгсийг маш их илгээсэн. Хариуд нь Сильва уураа барьж чадалгүй, хүн бүрт зохих ёсны хариуг нь барьсныхаа төлөө хэдэн сар барилдах эрхээ хасуулсан юм. Энэ удаад тэр Д.Сумъяаг ялж чадсан уу, үгүй юу гэдэг хариуг хүлээж байгаа дүр төрх бас л олон хүний сэтгэлд хоногшин үлдлээ. Түүний гайхшрал инээмсэглэлээр солигдоход дагаад 200 сая Бразилчууд инээсэн юм. Энэ том буян биш гэж үү?