Хайх

Өөрийн биеэр аялцгаая: Пилатизыг яагаад Холливүүдын одууд, супер моделиуд сонгодог вэ?

Өөрийн биеэр аялцгаая: Пилатизыг яагаад Холливүүдын одууд, супер моделиуд сонгодог вэ?

Бутик жийм

Text: Ж.Чинбат


Зураг: Билгүүн Батзолбоо

Дэлхийн хэмжээний бүжигчид, Холливүүдын жүжигчид, NBA-гийн мэргэжлийн сагсчидын сонголт болсон пилатизаар хичээллэснээр таны биед ямар сайн үр дүн гарах вэ?

Эрүүл амьдралын хэв маягт дурладаг уншигчиддаа зориулж Бюро 24/7 орчин үед хит болж буй "Фитнессийн зургаан шинэ чиг хандлага"-ыг  танилцуулж байсан билээ. Манай уншигчид тэрхүү нийтлэлд багтсан пилатизын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсч, йоганаас юугаараа өөр болох, эрэгтэй хүмүүс хичээллэж болох эсэх, нуруу өвддөг хүмүүс пилатизын дасгал хийвэл ямар ач холбогдолтой вэ гэдгийг мэдэхийг хүссэн байлаа. Тиймээс бид Монголын хамгийн анхны Пилатизын студи Core Pilates Boutique Studio-гийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч багш Б.Ариунтунгалагаас дээрх асуултуудад хариулт авлаа. 

-

Үүсэл гарал ба дэлхийн хэмжээний одууд пилатизыг сонгох болсон шалтгаан 

Йозеф Пилатиз гэгч герман гаралтай эр Дэлхийн I дайны үед олзонд байхдаа өөрийн зохиосон дасгал сургуулилтаараа хамт байсан олзны цэргүүдийг эмчилж байжээ. Түүний зааж өгсөн дасгал сургуулилт нь цэргүүдийн гэмтлийг эмчлэхэд ихээхэн тус болсон байна. Олзонд байхдаа өөрт олдсон материалыг ашиглаж, цэргүүдийн хэвтэж байсан оронд дасгалын суурилсан төхөөрөмж зохион бүтээсэн нь одоогийн Пилатизийн "Реформер" хэмээх төхөөрөмжийг бий болгожээ. Тэрээр 1926 онд Нью-Йоркод ирээд пилатизын дасгалын системийг анх Америкт дэлгэрүүлж эхэлжээ.

Эхэн үедээ пилатизын өвөрмөц дасгалууд нийгмийн дээд давхаргад тархаж, Марта Грехем тэргүүтэй шилдэг бүжигчид, Холливүүдын жүжигчдийн хамгийн дуртай дасгал болжээ. Өнөөдөр 90 жилийн дараа гэхэд пилатизт орчин үеийн, эрүүл мэнддээ анхаардаг бүх л хүмүүс дурлаж байна. Карли Клосс, Женнифер Анистон, Кэйт Хадсон, Леброн Жеймс, Коби Брайнт зэрэг өөрсдийн амжилтаараа олон нийтийг байлдан дагуулсан хүмүүс энэхүү хүний биеийн бүх булчинг жигд хөгжүүлж, сэтгэл санаа тайвшруулдаг дасгалын урлагийг дэлхий нийтэд сурталчилж байгаа. 

Пилатиз Монголд 

Core Pilates бутик студийг үүсгэн байгуулсан Б.Ариунтунгалаг анх Америкт магистраа хамгаалахаар суралцаж байхдаа пилатизын онцгой чанарыг өөрийн биеэр мэдэрч, эх орондоо нэвтрүүлэхээр шийджээ. Тэрээр Лос-Анжелесын Беверли Хиллс дэх пилатизын клубуудад ямар техникээр хичээлээ явуулдагийг үзэж, "Balanced Body University" сургуульд 500 цагийн хичээл авч дасгалжуулагч багш болсон юм. Тэр хугацаандаа NBA-гийн алдарт сагсчин Леброн Жеймсийг багшийнх нь студид ирж пилатизаар хичээллэж буйг харж, зөвхөн охид бүсгүйчүүдээс гадна эрчүүдэд ч энэ дасгал онцгой сайн нөлөөтэй гэдгийг мэдсэн ба хүмүүст хүргэх хүсэлдээ улам их автжээ. 

Өөрийн биеэр аялцгаая: Пилатизыг яагаад Холливүүдын одууд, супер моделиуд сонгодог вэ? (фото 1)

Өөрийн биеэр аялцгаая: Пилатизыг яагаад Холливүүдын одууд, супер моделиуд сонгодог вэ? (фото 2)

Пилатизын дасгалууд хүний биед ямар ашиг тустай байдаг вэ?

Пилатизыг анх удаа хийж байгаа хүмүүс өмнө нь бараг л идэвхижүүлж байгаагүй булчингуудаа ажиллуулж, маш өвөрмөц байрлалтай дасгалууд хийдэг. Пилатиз нь ерөнхийдөө тусгай төрөөрөмжтэй хийх дасгал болон шалан дээр хийдэг дасгалуудад хуваагддаг юм. Реформор төхөөрөмж дээр хийдэг 150 гаруй сонгодог дасгал байдаг бөгөөд хүний биеийн бүх булчинг идэвхижүүлж өгдөг. Тэр дундаа хэвлийн булчин, нурууны булчинг маш хүчирхэг болгох сайн нөлөөтэй. Мөн тусгай төхөөрөмж нь хүний биеийн байдалд тохируулсан олон төрлийн дасгал, хөдөлгөөн нэмж болдог. Түүнээс гадна ихэнх дасгалыг зөв хийхэд төхөөрөмж маш их тусалдаг. 

Биедээ бага ачаалал авч их үр дүн хүртэх боломж

Пилатиз хийдэг төхөөрөмж нь хүний биед ирэх ачааллыг тааруулдаг улаан, ногоон, шар гэх өөр, өөр ачаалал өгөх пүршээр тоноглогдсон байдаг. Төхөөрөмжийг хүний биеийн онцлог, гэмтэл бэртэл, фитнесс чадамжид үндэслэн тохируулах боломжтой. Анх хийж байгаа хүмүүст багш хамгийн энгийн дасгалыг сонгон хийлгэдэг.

Ерөнхийдөө хүн урд өмнө нь хийж байгаагүй өвөрмөц дасгалуудыг хийж, тэнцвэрээ олохын тулд анхаарлаа маш сайн төвлөрүүлдэг юм. Тиймээс харахад амархан мэт хэрнээ бага ачаалалтай тэдгээр дасгалууд хүний эрүүл мэндэд, тэр дундаа нуруунд маш сайн нөлөөтэй. 

Өөрийн биеэр аялцгаая: Пилатизыг яагаад Холливүүдын одууд, супер моделиуд сонгодог вэ? (фото 3)

Пилатиз нь йога болон бусад фитнесс дасгалаас ямар ялгаатай вэ?

Хүмүүс пилатизыг йога гэж андуурах нь элбэг. Хэдийгээр төхөөрөмжгүй, шалан дээр хийдэг пилатизын дасгалуудад йогатай ижил төстэй зүйл байдаг ч бүхэлдээ маш өөр юм. Төхөөрөмжтэй хийдэг дасгалууд нь хэвтээ болон босоо байрлалаас хийдэг олон төрлийн дасгалуудтай. Дасгалыг хийхдээ ерөөсөө огт савлахгүй жигд, тогтвортой хийх хэрэгтэй байдаг. Ингэснээр булчин агшиж, сунахын аль алинд ачаалал авна. Энгийн фитнесс дасгалд ихэнх хүмүүс булчинг чангалчихаад сулладаг талыг нь огт тоодоггүй. Тэгвэл пилатизд дасгалыг, тэр дундаа булчинг агшиж тэнийх хоёр чиглэлийн үйлдэлд маш их ач холбогдол өгч хичээллүүлдэг.

Пилатиз насан туршийн мэдлэг, туршлага суулгадаг

Ерөнхийдөө пилатизын клубт 15-с дээш насны бүх хүмүүсийг бүртгэдэг ч зарим эцэг, эхчүүд өөрсдийн хүсэлтээр хүүхдээ хичээллүүлдэг. Хэрэв хүүхдүүд пилатиз хийж, гэдэсний булчингаа чангалж, нурууны үе мөчөө тэгш байлгах талаар мэдлэгтэй болсноор насан туршдаа цэх сайхан суух дадалд суралцах ач холбогдолтой. Хүн цэх тэгшхэн суухад гэдэс болон цээжний булчин маш чанга, хүчтэй байх хэрэгтэй байдаг юм. Тиймээс пилатизын сургалтаар олж авсан мэдлэгээ хүмүүс цаашид жирийн үед ч хэрэгжүүлэх боломжтой. Мөн гэдэсний булчин чанга, чадалтай байснаар зөвхөн гоё, гоолиг харагдаад зогсохгүй нурууны өвдөлтөөс сэргийлэх гол хүчин зүйл юм гэдгийг хүмүүс мэдэж авна.

Өөрийн биеэр аялцгаая: Пилатизыг яагаад Холливүүдын одууд, супер моделиуд сонгодог вэ? (фото 4)

Хэвтээ байдлаар дасгал хийхийн ач холбогдол юу вэ?

Пилатизын төхөөрөмж дээр газрын татах хүчтэй шууд хамааралгүй хэвтээ байрлалаас бүх биеийн дасгалыг хийх боломжтой. Энэ нь хүнд зүйл өргөхийг хориглосон хүмүүст нуруундаа ачаалал өгөлгүй, хэвтээгээс бүтэн биеийн булчингийн дасгал хийх боломж олгодог. 

Пилатизын дасгалын гол үндсэн байрлалд орохын тулд хүн төхөөрөмж дээр хэвтээд гэдэсний булчинг чангалж, нурууны хотгор хэсгээ тэгшилж бүх дасгалыг гүйцэтгэдэг. Ингэснээр нуруу, хүзүүний дээд үеэс доошлоод ахар сүүл хүртэлх бүх үенүүд хамгийн боломжит байдлаараа сунасан байдаг. Энэ байрлалд орохын тулд хэвлий нурууны бүх булчин, ялангуяа бүр гүн дэх жижиг булчингууд хүртэл ачаалал авдаг. Үр дүнд нь биеийн цөм хэсэг (core) буюу хэвлий, нурууны булчин бүхэлдээ чангардаг. 

Пилатизыг ямар хугацаагаар хийдэг вэ?

Пилатизаар өдөр бүр хүчээллэх боломжтой. Учир нь хүний бие ачаалал авч, бараг ядардаггүй юм. Core Pilates Boutique Studio нь хоногт гурван удаа хичээллэх өглөө, оройн ангитай. Пилатизын дасгал дундаа ямар ч завсарлагагүйгээр нэг цаг үргэлжилдэг. Энэ хугацаанд хүн ойролцоогоор 45 төрлийн дасгал хийдэг бөгөөд цагийг маш үр дүнтэй өнгөрөөх болно. Өөр зүйлд анхаарал төвлөрөх ямар ч боломж гарахгүй. Бүх л бодол, сэтгэлээрээ өөрийн хөдөлгөөнд төвлөрч, биеэ удирдан, зөв сайхан биетэй болоход анхаарлаа хандуулдаг юм. Пилатиз дасгалыг оюун санаа бие махбод нэгдэж хийдэг учир давхар тайвшруулах увидастай.

Өөрийн биеэр аялцгаая: Пилатизыг яагаад Холливүүдын одууд, супер моделиуд сонгодог вэ? (фото 5)

Эрчүүд болон мэргэжлийн тамирчид пилатиз хийх нь ямар давуу талтай вэ?

Фитнесс болон бодибилдинг хийж байгаа хүмүүс биеийнхээ аль нэг хэсгийг сонгож түлхүү хөгжүүлдэг. Тэгэхдээ тэд ихэвчлэн цээж, гарны хоёр толгойт, гурван толгойт юм уу хөлний булчингуудад илүү төвлөрдөг шүү дээ. Харин пилатизын дасгал нь хүний огт ажиллуулъя гэж бодоогүй булчингуудыг чангалдаг. Тиймдээ ч мэргэжлийн тамирчид биеийн булчингаа жигд хөгжүүлэх, хэвлийн булчингуудаа хүчирхэг болгох, сунгалтаа сайжруулах гэж пилатизаар хичээллэдэг.

Мэдээж мэргэжлийн тамирчид ихэвчлэн өндөр нуруутай байдаг тул зарим төрлийн дасгалыг хийдэггүй. Фитнессээр хичээллэдэг эрчүүд пилатизыг хийж үзсэний дараа өмнө нь огт хөндүүр орж байгаагүй шинэ булчингуудаа нээн мэдэрдэг байна. 

Хүмүүс пилатизаар хичээллэснээр булчингаа эрүүл зөв аргаар ачааллуулж, Сунгалтаа сайжруулж, Тэнцвэрийн дасгалууд хийн, оюун санаагаа амраах хамгийн үр дүнтэй хугацааг өнгөрөөх болно

Калори шатаах нь

Пилатиз нь кардио төрлийн дасгал биш учраас нэг удаад 250-300 орчим ккал шатаадаг. Тиймээс турах зорилгоор биш харин хүмүүс биеэ бүхэлд нь чангалах, өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулж байна гэдэг утгаар нь илүү ойлгодог. 

Өөрийн биеэр аялж буй мэдрэмжийг авах гэж юу гэсэн үг вэ?

Пилатизын төхөөрөмж дээр анх удаа хэвтэж дасгалаа эхлэх байрлал авахаас эхлээд өөрийн биеэ огт өөрөөр таньж эхэлдэг. Учир нь өдөр тутмын амьдралд огт хэвшил болоогүй байрлалд дасгал хийх болно. Энэ нь хэдийгээр эхэндээ дасал биш хэдий ч хүн өөрийн биеэ ямар гайхамшигтай нөөц бололцоотойг мэдэрдэг. Яг л өөрийн биеэр аялж буй мэт өвөрмөц мэдрэмж авна. Улмаар биеэ илүү дотноор танин мэдэж, жирийн үед ч өөрийгөө гаднаас нь харж буй мэтээр дүгнэж, биеэ зөв авч явах зуршилтай болдог.  

Таныг пилатизын клубыг зорин очиход гаднаа хаягтай олон нийтэд зориулсан клуб биш харин хүмүүс зорьж ирдэг маш тухтай бутик жийм угтаж авах болно. Бутик жийм гэдэг нь зөвхөн нэг төрлийн дасгалыг цөөн тооны хүнд зориулан хичээллүүлдэг жижиг хэмжээний спорт клуб юм. Ийм газрууд сүүлийн үеийн фитесс чиг хандлагад ихээхэн чухал байр суурь эзэлдэг болсон. 

Эцэст нь хэлэхэд пилатизаас хүнд ирдэг бүх үр дүнг хүн хийж үзэж байж л мэдэрнэ. Энд шантрах, айх зүйлс гэж үгүй. Харин ч бүх булчингаа эрүүл зөв аргаар ачааллуулж, сунгалтаа сайжруулж, тэнцвэрийн дасгалууд хийн, оюун санаагаа амраах хамгийн үр дүнтэй хугацааг өнгөрөөх болно. 

Өөрийн биеэр аялцгаая: Пилатизыг яагаад Холливүүдын одууд, супер моделиуд сонгодог вэ? (фото 6)

Core Pilates Boutique Studio Хаяг: Сүхбаатар дүүрэг, ЮНЕСКО-гийн гудамж, Режинси Резидэнс хотхон, 909 тоот Утас: 99046065

цааш үзэх