Хайх

CES 2018 үзэсгэлэнд танилцуулагдсан шилдэг таван бүтээл

CES 2018 үзэсгэлэнд танилцуулагдсан шилдэг таван бүтээл

Робот нугас, аварга том зурагт болон бусад

Text: Buro.Mongolia


Технологийн ертөнцийн хамгийн том үйл явдлуудын нэг болох CES 2018 буюу Хэрэглээний цахилгаан хэрэгслийн үзэсгэлэн Лас-Вегас хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн уг арга хэмжээнд дэлхийн шилдэг компаниуд өөрсдийн бүтээлүүдээ танилцуулахаар хуран цугларч, олон нийтэд хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлүүдийг дэлгэдэг билээ. Харин бид энэ жилийн CES 2018 үзэсгэлэн дээр танилцуулагдсан хамгийн сонирхолтой таван бүтээлийг сонгон хүргэж байна.

Toyota e-Palette тээврийн хэрэгсэл

CES 2018 үзэсгэлэн дээр Toyota компани нэгэн сонирхолтой төсөл танилцуулсан байгаа. Toyota e-Palette гэх энэхүү авсаархан тээврийн хэрэгсэл нь ирээдүйд үйлчилгээний бизнесийн салбарт маш том хувьсал хийх төлөвтэй байна. Автомат жолоодлоготой энэхүү тээврийн хэрэгслийг нэг ёсны дугуйн дээрх бүтээлч орон зай гэж хэлж болох юм. Тухайлбал та Toyota e-Palette концепцийг хүргэлтийн автомашин, оффис, худалдааны орон зай, хоолны газар гээд өөрийн хүссэн хэлбэрээрээ ашиглах боломжтой. Мөн Toyota компани ирээдүйд энэхүү төслөөрөө Amazon, Pizza Hut, Uber зэрэг томоохон компаниудтай хамтарч ажиллахаар төлөвлөсөн байгаа аж. Toyota компани уг концепцийг 2020 оны Токиогийн Олимпийн наадмын үеэр танилцуулах болно. Гэхдээ мэдээж энэхүү тээврийн хэрэгсэл нь дэлхий нийтийн хэрэглээ болоход илүү урт хугацаа шаардагдах нь ойлгомжтой юм.

CES 2018 үзэсгэлэнд танилцуулагдсан шилдэг таван бүтээл (фото 1)

L'Oreal UV Sense мэдрэгч

Анх харахад яг л амтат чихэр шиг харагдах энэхүү бяцхан төхөөрөмж нь үнэн хэрэгтээ бидний эрүүл мэндэд маш их хэрэг болох зүйл юм. Жижиг товчны хэмжээтэй L'Oreal компанийн бүтээсэн мэдрэгч нь тухайн хүн өдөрт хэр их хэмжээний нарны хэт ягаан туяанд өртөж байгааг хэлж өгөх үүрэгтэй. Та энэхүү мэдрэгчийг гарынхаа хумс, нүдний шил эсвэл бугуйн цагтаа тогтоож, ухаалаг утастайгаа холбон ашиглах боломжтой. L'Oreal UV Sense мэдрэгч нь ирэх зун гэхэд 50 ам.доллараас бага үнээр худалдаанд гарах болно.

CES 2018 үзэсгэлэнд танилцуулагдсан шилдэг таван бүтээл (фото 2)

Samsung The Wall MicroLED зурагт

Samsung компани The Wall буюу "Хана" гэх нэртэй аварга том зурагт танилцуулж олныг алмайруулаад байна. Samsung компанийн MicroLED (ирээдүйд OLED технологийг орлох магадлалтай) нэртэй технологи дээр суурилан бүтээгдсэн энэхүү зурагт нь гэрийг тань жинхэнэ кино театр болгон хувиргана. Ингээд ч зогсохгүй энэхүү 146 инчийн 4K дэлгэцтэй зурагт нь ямар нэг хүрээгүй тул хэрэглэгч өөрийн хүсэлд тохируулан дэлгэцийн хэмжээ ба нягтаршлыг өөрчлөх боломжтой гэдгээрээ онцлог юм. Гэхдээ одоогийн байдлаар The Wall зурагт нь концепцийн түвшинд л бүтээгдсэн байгаа.

CES 2018 үзэсгэлэнд танилцуулагдсан шилдэг таван бүтээл (фото 3)

My Special Aflac Duck ухаалаг тоглоом

Ер нь өхөөрдөм чихмэл тоглоомууд CES үзэсгэлэн дээр тэр бүр харагдаад байдаггүй. Гэсэн хэдий ч Aflac ба Sproutel компанийн хамтран бүтээсэн энэхүү робот нугас нь энэ жилийн үзэсгэлэнд маш онцгой байр суурийг эзэллээ. Учир нь уг ухаалаг тоглоом нь хорт хавдартай хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тусгайлан бүтээгдсэн юм. Жишээ нь энэхүү робот нугас нь хүүхдүүдийг эмчилгээ хийлгэж байх зуур хань болж, тайвшруулах төрөл бүрийн үйлдлүүдийг өөртөө агуулсан байгаа. Түүнчлэн хүүхдүүд нугасны цээжинд эможи дискүүдийг байрлуулж өөрийн сэтгэл санааны байдлаа бусдад таниулах боломжтой.

CES 2018 үзэсгэлэнд танилцуулагдсан шилдэг таван бүтээл (фото 4)

Lenovo Miix 630 зөөврийн компьютер

Саяхан Asus болон HP компаниуд ARM технологи бүхий Windows 10 үйлдлийн системтэй компьютеруудаа танилцуулсан бол одоо Lenovo компанийн ээлж иржээ. Тэд Microsoft ба Qualcomm компаниудтай хамтран бүтээсэн Miix 630 гэх зөөврийн компьютерыг CES 2018 үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан байна. Уг төхөөрөмж нь нэг дор зөөврийн компьютер ба таблетыг нэгтгэсэн авсаархан дизайнтай гэдгээрээ маш онцлог болжээ. Мөн Miix 630 загвар нь өндөр хурд, хэрэглэхэд хялбар байдлыг хослуулж чадсан байгаа. Түүнчлэн энэхүү зөөврийн компьютер нь цэнэгээ тасралтгүй 20 цаг барьдаг нь маш том давуу тал болж байна.

CES 2018 үзэсгэлэнд танилцуулагдсан шилдэг таван бүтээл (фото 5)

цааш үзэх