Хиймэл оюун ухаан “Super Mario” видео тоглоомыг дахин бүтээлээ
Дэлгэц дээрх хөдөлгөөнийг ажигласнаар
Жоржия мужийн технологийн их сургуулийн судлаачид сүүлийн нэг жил гаруй хугацаанд нэгэн шинэ хиймэл оюун ухааны програмын код дээр ажиллажээ. Эрдэмтдийн тодотгосноор энэхүү хиймэл оюун ухаан нь харсан зүйлээ дуурайн бүтээх чадвартай байхаар зохион бүтээгдсэн байна.
The Verge вебсайтын мэдээллэснээр уг хиймэл оюун ухаан нь өөрийн зохион бүтээгчдийг "Super Mario Bros." видео тоглоом тоглож байхыг хараад програмын кодыг нь огт мэдэхгүй ч, яг адилхан дуурайж бүтээсэн байна. Тодруулбал хиймэл оюун ухаан тус тоглоомын эх кодыг мэдэхгүй хэдий ч дэлгэц дээрх үйлдлийг харж, дүн шинжилгээ хийснээр алгоритмыг нь тайлж чадсан аж.
Одоогоор эрдэмтдийн баг уг хиймэл оюун ухаанд "Mega Man" гэх арай хүнд алгоритмтай тоглоомыг харуулж байгаа гэжээ. Тэд хиймэл оюун ухаан энэ удаад ч бас тоглоомыг дахин бүтээж чадна гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ мэдэгдсэн юм. "Энэхүү хиймэл оюун ухааны ирээдүйн хувилбар зөвхөн видео тоглоом гэлтгүй, мөн бидний амьдралд тулгардаг хязгаарлалтуудад дүн шинжилгээ хийж чадна гэдэгт итгэлтэй байна" гэж төслийн судлаач Мэттью Гуздиаль ярьжээ.