Хайх

Марк Цукерберг F8 чуулганы үеэр ямар шинэ технологи танилцуулсан бэ?

Хагас бодит орчинд суурилсан ирээдүй

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Калифорни мужийн Сан-Хосе хотод Facebook компанийн боловсруулагчдад зориулсан F8 чуулган эхэллээ. Хоёр хоног үргэлжлэх тус чуулганы эхний өдөр Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг хэд, хэдэн шинэ технологи танилцуулснаас бид хамгийн их анхаарал татсан зүйлсийг дэлгэж байна

Camera Effects буюу хагас бодит орчинд суурилсан камер

Facebook компани камерыг хагас бодит орчинд суурилсан тавцан болгон хурвиргаж байна. Өнөөдрөөс эхлээд боловсруулагчид Facebook-ийн камераар AR буюу хагас бодит орчинд суурилсан эффектийг ашиглах боломжтой. Одоогоор энэхүү эффект нь яг л Snapchat-ын фильтрийг санагдуулж байгаа ч ирээдүйд Цукерберг хагас бодит орчинд суурилсан бүхэл бүтэн ертөнц бий болгохоор зорьжээ. Жишээ нь Facebook апп эд зүйлсийг автоматаар таньж, харилцан үйлдэл хийх болно. Тухайлбал ширээн дээр тавьсан кофеноос уур гаргаж, таны тавгатай шөлний эргэн тойронд махчин загаснууд сэлэх зэрэг олон сонирхолтой эффект нэвтрүүлэх юм. Мөн камераар дамжуулж янз бүрийн тоглоом тоглож болно.

Марк Цукерберг F8 чуулганы үеэр ямар шинэ технологи танилцуулсан бэ? (фото 1)

Facebook-ийн танилцуулгын үеэр харагдсан бас нэгэн онцлох зүйл бол 3D технологи байлаа. Facebook энгийн 2D зургийг 3D хэмжээст оруулж төрөл бүрийн эффект нэмэх боломж бүрдүүлсэн байна. Жишээ нь энгийн нэг өрөөний зурганд гэрэлтүүлэг нэмж, шалыг нь усаар эсвэл бүр M&M чихрээр дүүргэж болж байлаа.

Facebook Spaces буюу виртуал олон нийтийн сүлжээ

Facebook Spaces бол Oculus Rift нүдний шилэнд зориулсан олон нийтийн сүлжээ юм. Хэрэглэгчид Facebook Spaces тавцанд виртуал орчинд хоорондоо харилцаж, зураг зурж, селфи хийж, 360 хэмийн видео үзэх гээд төрөл бүрийн үйлдэл хийж болно. Хамгийн сонирхолтой нь энэхүү хийсвэр орчинд хэрэглэгчид хүүхэлдэйн баатрын дүрээр харагдана.

Марк Цукерберг F8 чуулганы үеэр ямар шинэ технологи танилцуулсан бэ? (фото 2)

Ирээдүйд Facebook Spaces олон нийтийн сүлжээ зөвхөн Oculus Rift виртуал нүдний шилний эзэд төдийгүй бусад виртуал орчинд суурилсан төхөөрөмжтэй хэрэглэгчдэд нээлттэй болно гэдгийг Facebook-ийн виртуал төслийн удирдагч Майкл Бут мэдэгдлээ. Одоогоор Facebook Spaces олон нийтийн сүлжээг бета хувилбараар гаргаад байна.

Мессенжер ба дуу хөгжим

Facebook олон нийтийн сүлжээ Chat Extensions үйлдлийн тусламжтай мессенжер дотор бусад апптай холбогдох боломжтой боллоо. Ингэснээр хамгийн түрүүнд хэрэглэгчид Spotify, Apple Music зэрэг хөгжим түрээсийн үйлчилгээг мессенжерээсээ гаралгүй ашиглах юм. Мөн хүмүүс мессенжер дотор дуртай уран бүтээлчдийнхээ дууг хоорондоо хуваалцаж болно.

Марк Цукерберг F8 чуулганы үеэр ямар шинэ технологи танилцуулсан бэ? (фото 3)

цааш үзэх