Хайх

Урьсанд баярлалаа: Clubhouse-н амжилт юунд оршиж байна вэ?

Өнгөрсөн хоёр долоо хоногийн турш дэлхий дахиныг шуугиулсан шинэ апп

Text: Buro.Mongolia


Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Clubhouse хэмээх апп бидний өдөр тутмын амьдралд нүд ирмэхийн зуур л нэвтэрч, өнөөдөр Монголд энэ аппыг ашигладаггүй хүн бараг үлдээгүй мэт сэтгэгдэл төрнө. Яг үнэндээ Clubhouse-г шинэ апп гэж хэлэхэд хэцүү. Учир нь 2020 оны хавар уг апп анх бета хувилбараар танилцуулагдсан ч дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Илон Маскийн ачаар дэлхий даяар алдартай болж "шинээр мэндэлж" байна.

Одоогоор энэ аппын талаар сонсоогүй эсвэл ашиглаж эхлээгүй байгаа хүмүүст (Android-ын хэрэглэгчид анхаарлаа хандуулаарай) танилцуулбал энэ нь зөвхөн урилгаар оролцох боломжтой live подкаст гэж хэлж болох аудио апп юм. Гэхдээ үүнийг үл харгалзан энэхүү аппын хэрэглэгчдийн тоо сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд 8 сая давж, үнэлгээ нь 1 тэрбум ам.долларт хүрээд байна. Тэгвэл зөвхөн iOS үйлдлийн систем дээр танилцуулагдсан энэхүү аппын гэнэтийн амжилт яг юутай холбоотой болохыг судалцгаая.

Нетворкинг

Яг үнэндээ үйлдлийн хувьд Clubhouse-д шинэлэг зүйл бараг байхгүй. Зөвхөн урилгаар ашигладаг Zoom, гэймерүүдийн дурладаг Discord гээд ижил төрлийн олон апп бий. Telegram дотор ч Clubhouse шиг үйлдлүүдийг хийж болдог тохируулга байгаа. Анх Google-н хуучин ажилтан Пол Дэвисон болон Роэн Сет нар "сонирхолтой хүмүүстэй хэлэлцүүлэг өрнүүлэх хаалттай клуб" үүсгэн байгуулахаар уг аппыг зохион бүтээжээ. Үүнээс хэдхэн сарын дараа старт-ап бизнесменүүд, хөрөнгө оруулагчид, технологийн салбарын акулууд, жүжигчид, поп одод болон тэдэнтэй холбоотой хүмүүсээс бүрдсэн хэдэн мянган байнгын хэрэглэгчидтэй болсон байдаг.

Энэхүү апп нь нетворкинг хийх зориулалттай платформ учраас хүмүүс өөрийн ажилладаг салбарынхаа сонирхолтой хүмүүстэй танилцаж, туршлага хуваалцаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гайхалтай боломжийг олгодгоороо онцлогтой. Clubhouse үзэл бодлын лидерүүдийг татдаг учраас тэднийг дагаад олон сая хэрэглэгчтэй болсон. Мөн алдартан, CEO болон энгийн хүмүүсийн хооронд хаалт байхгүй болгодгоороо энэхүү апп нь олон сая хэрэглэгчийг татаж байна. Жишээ нь таны ярианд гэнэт л Reddit-ийн үүсгэн байгуулагч нэгдэж болно. Өөр хаана танд Марк Цукерберг, Илон Маск, Опра Уинфри, Жаред Лето болон бусад алдартнуудтай "буу халах" боломж олдоно гэж?

Урьсанд баярлалаа: Clubhouse-н амжилт юунд оршиж байна вэ? (фото 1)

FOMO

Аппын зохион бүтээгчид "Fear of Missing Out" буюу ямар нэгэн чухал үйл явдлаас хоцрох вий гэсэн хүмүүсийн айдас дээр тоглолт хийсэн нь яах аргагүй амжилтад нь нөлөөлсөн. Зөвхөн урилгаар аль нэг өрөө рүү орж, яриа өрнүүлж эсвэл хэн нэгний сонирхолтой хэлэлцүүлгийг сонсох боломжтой байдлаар бүтээгдсэн нь олон хүн татах тун ухаалаг шийдэл болсон гэж хэлж болно. Түүнчлэн подкаст ихэвчлэн бичлэг хэлбэрээр байдаг бол Clubhouse-д бүх зүйл шууд дамжуулагдаж байдаг. Контентыг хадгалж, мэргэжилтний яриаг сонсох хоёр дах боломж дахиж олдохгүй учир хэрэгцээтэй мэдээллээс хоцрохыг хүсээгүй хүмүүс аппын эрэлт өндөр байхад хамгийн гол үүргийг гүйцэтгэж байгаа юм.

Энгийн байдал

Clubhouse-д текст мессеж, зураг, видео, коммент гэсэн зүйлс байхгүй бөгөөд зөвхөн сонсох эсвэл ярих гэсэн хоёрхон үйлдэлтэй. Мөн хэрвээ бид зурган дээр өөрсдийгөө фильтердэж, фотошопдох боломжтой бол энд хэл яриа болон үзэл бодлоо шууд дамжуулалтаар редакторлох бараг л боломжгүй. Тиймээс жинхэнээсээ хамгийн сонирхолтой яриа өрнүүлж чаддаг спикерүүд л олон хүнийг татна. Түүнчлэн загвар, технологи, спорт, урлаг соёл, веллнесс, улс төр, нийгэм гээд хүн бүр илүү дутуу зүйлд сатааралгүй зөвхөн өөрийн сонирхсон сэдвээрээ яриа өрнүүлж, эсвэл хэн нэгний үнэ цэнэтэй мэдээллээр дүүрэн яриаг сонсох боломжтой нь аппын бас нэгэн давуу тал болж байна. Clubhouse-н нууц ердөө л энэ. Харин ирээдүйд энэхүү апп нь Zoom шиг тогтвортой, удаан хугацааны турш амжилтаа хадгалж үлдэх эсэхийг зөвхөн цаг хугацаа л бидэнд харуулах болно.

цааш үзэх