Хайх

Зүрхний бичлэг хийдэг, илүү том дэлгэцтэй Apple Watch

Зүрхний бичлэг хийдэг, илүү том дэлгэцтэй Apple Watch

Apple Watch Series 4

Text: Г.Тэмүүлэн


Apple компани өнөөдөр гурван шинэ iPhone-оос гадна шинэ үеийн Apple Watch Series 4 ухаалаг цагаа танилцууллаа. Эрүүл мэнддээ анхаардаг, фитнессээр хичээллэдэг хүмүүсийн дунд олон шүтэн бишрэгчтэй энэхүү цаганд хэд, хэдэн шинэчлэлтүүд хийгдсэн байна.

Илүү том дэлгэцтэй шинэчлэгдсэн дизайн

Apple Шинэ Apple Watch-ын дэлгэцийг 30% томруулж, гаднах дизайндаа маш том өөрчлөлт оруулжээ. Мөн 40 ба 44 мм гэх хоёр төрлийн хэмжээтэй, ган ба алтлаг өнгийн сонголттой болсон байна.

Зүрхний цохилтыг хэмжиж, зүрхний бичлэг хийнэ

Эрүүл мэнддээ анхаардаг хүмүүст сайхан мэдээ дуулгаж байна. Одоо шинэ Apple Watch ашиглан зүрхний бичлэг (ECG) хийж, зүрхний хэмнэлийг давхар хянадаг болжээ. Хамгийн гайхалтай нь Apple Watch таны эрүүл мэндийн бүх мэдээллийг агуулсан PDF тайлан гаргаж, эмчийн тань ажлыг хөнгөвчилнө.

Үзүүлэлт хоёр дахин нэмэгдсэн

Apple компани шинэ ухаалаг цаганд 64 битийн S4 процессор суулгасан байна. Ингэснээр шинэ Apple Watch өмнөх загвараасаа хоёр дахин илүү үзүүлэлттэй ба бүхэл өдөржин цэнэгээ барих боломжтой (18 цаг) болсон гэдгийг тэд мэдэгдсэн юм. Мөн цагны чанга яригч нь 50% илүү хүчтэй дуугаралттай болсноос гадна микрофоны байрлалыг өөрчилснөөр цуурайтах нь багассан байна.

Уналтыг мэдэрнэ

Шинэ ухаалаг цаг таныг бүдэрч унасныг илрүүлэх чадвартай болжээ. Тодруулбал таныг хэр хүчтэй унасныг олж тогтоон, эмнэлэгт хандах шаардлагатай эсэхийг хэлж өгнө. Хэрэв та унасныхаа дараа ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй бол таны цаг автоматаар түргэн тусламж дуудах болно.

Үнэ ба худалдаанд гарах хугацаа

Apple Watch Series 4 ухаалаг цагны үнэ $399-оос эхэлж байгаа бөгөөд энэ баасан гарагаас урьдчилсан захиалга эхэлнэ.

цааш үзэх