Хайх

Чемпинг: Эртний сүмд хонож үзэхийг хүсдэг хүмүүст зориулсан аяллын шинэ тренд

Чемпинг: Эртний сүмд хонож үзэхийг хүсдэг хүмүүст зориулсан аяллын шинэ тренд

Их Британид өргөн дэлгэрсэн тренд

Text: Buro.Mongolia


Их Британийн The Churches Conservation Trust хэмээх сан зургаан жилийн турш эртний сүмүүдэд хонох боломжийг олгох тусгай хөтөлбөрүүд зохион байгуулж байсан бол энэ нь саяхан буюу цар тахлын үед улам хүчээ авч эхэлсэн юм. Хил хаагдсанаас улбаалан Англичууд гадагш аялах боломжгүй болсон тул тэд улс орноороо аялахын сацуу энэхүү шинэ төрлийн кемпингийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Ингээд бид чемпинг гэж яг юу болох, мөн яагаад ойрын хэдэн жилийн хугацаанд энэхүү аяллын төрөл эрэлттэй байх талаар мэдээллийг бэлтгэлээ.


Чемпинг гэж яг юу вэ?

Чемпинг (champing) гэдэг нь Англи хэлнээс “church” (сүм) болон “camping” (байгалийн аялал) үгнүүдээс үүсэлтэй бөгөөд хүссэн хүмүүс тодорхой хэмжээний төлбөр төлөөд эртний гайхамшигт сүмүүдэд хоноглохыг хэлдэг. 21-р зуунд шашны байгууллагууд залуучууд дунд тийм ч эрэлттэй биш байгаа тул хүмүүс сүм хийдүүд рүү явахаа больж, эдгээр нь хэрэгцээгүй болж байна. Гэсэн хэдий ч эдгээр үзэсгэлэнт, эртний түүх агуулсан барилгуудад шинэ дүр төрхийг бий болгох шаардлагатай байгаа ба чемпинг нь уг зорилгыг биелүүлэх хамгийн тохиромжтой аргаар тодроод буй билээ.

Хэдий Англичууд эх орноороо тойрон аялах дуртай хүмүүс ч гэлээ цар тахлын өмнөхөн чемпинг аялал ихэвчлэн тус газар нутгийн түүх болон соёлыг илүү сайн ойлгохыг эрмэлзсэн Америкчуудыг голчлон татдаг байжээ. Харин цар тахал эхэлсэнтэй холбоотойгоор Англичууд амралтын өдрүүдээ өнгөрүүлэх сонирхолтой аргуудыг эрж эхэлсэн юм. Тийм ч учраас чемпинг гэх бусдаас өөр, өвөрмөц аяллын төрөл алдаршиж эхэлсэн байна. Ерөнхийдөө The Churches Conservation Trust сан Airbnb-тай төстэй үйлчилгээг үзүүлдэг. Тэд зочид ирдэггүй, мартагдсан сүмүүдэд зочдыг татаж, хонох хүсэлтэй хүмүүсийн мөнгийг эдгээр сүмүүдийн засвар үйлчилгээнд зарцуулдаг байна.


Чемпинг сүмд хэрхэн хонох вэ?

Хэрэв та сүмд хонож, аяллын шинэ туршлага хуримтлуулахаар шийдсэн бол тус сангийн вебсайт руу нэвтрэн өөрт тохиромжтой хугацаа, зочдын тоо болон хэд хонохоор төлөвлөж байгаа зэрэг мэдээллээ оруулснаар вебсайт нийт 14 чемпинг сүмүүдээс захиалах боломжтой жагсаалтыг санал болгох юм. Сүмүүд Их Британийн Эссекс, Норфолк, Ланкашир, Сомерсетт гэх зэрэг дүүргүүдээр тархсан байдаг. Чемпинг сүмд нэг хоноход ойролцоогоор 49-59 фунт стерлинг болох бөгөөд сүмийн хэмжээнээс үл хамааран зөвхөн нэг бүлэг хүмүүс сүмд хонох боломжтой юм. Өөрөөр хэлбэл нэг хүн ч гэсэн нэг хоногийн турш бүхэл бүтэн сүмийг өөрийн мэдэлд байлгах боломжтой байна. 

Чемпинг сүмд хонохын өмнө зочдод сүмийн түлхүүрийг хүлээлгэн өгдөг бөгөөд орой 18:00 цагаас өглөөний 10:00 цаг хүртэл сүм тэдний мэдэлд очдог нь жуулчдыг ихэд татдаг юм. Гэхдээ зохион байгуулагчдын анхааруулж буйгаар бусад жуулчид орой эсвэл өглөөний цагаар сүм рүү орох боломжтой байдаг байна.

Сүмд хонохоор болсон зочдод тав тухтай романтик уур амьсгалыг олгох үүднээс цай, кофе, ус, чийдэн, зайгаар ажилладаг лаа зэргийг өгдөг гэнэ. Мөн хэрэв өмнө нь дэр, даавуу зэргийг өгдөг байсан бол одоо ариун цэврийн шинэ стандартын дагуу зочид эдгээр хэрэгслүүдийг өөрсдөө авч ирэх шаардлагатай болжээ.

Чемпингийг туршиж үзсэн хүмүүс энэ нь санхүүгийн хувьд тун боломжийн хэмээн үздэг бөгөөд сүмд хонож үзэх нь маш шинэлэг, өөр хаана ч дахин авахгүй мэдрэмжийг өгдөг гэнэ.


Чемпинг хийх боломжтой Их Британийн 5 сүм

Бүрэн жагсаалттай энд дарж танилцана уу.

All Saints’ Church, Олдвинкл тосгон

Чемпинг: Эртний сүмд хонож үзэхийг хүсдэг хүмүүст зориулсан аяллын шинэ тренд (фото 1)
Чемпинг: Эртний сүмд хонож үзэхийг хүсдэг хүмүүст зориулсан аяллын шинэ тренд (фото 2)

15-р зуунд баригдсан сийлбэр цамхагтай жижиг сүм Нэна голын эрэг дээр сүндэрлэсэн байдаг. Энэхүү сүм доторх нь дундад зууны үеийн агуйг санагдуулам гоёмсог чимэглэл, хэдхэн ширхэг орчин үеийн тавилга, шохойн чулуун нуман хаалга зэргээр чимэглэгдсэн юм. Сүмийн эргэн тойронд хуучны оршуулгын газар байдаг тул Хэллоуины баяраар найзуудтайгаа хоноход тун тохиромжтой байх болно.

Сонирхуулахад, 17-р зууны Их Британийн яруу найрагч Жон Драйден энэ сүмд баптизм хүртсэн бөгөөд түүний өвөө нь энд хамба лам байжээ.

Вебсайт

St. Peter’s Church, Вольфхэмпкот тосгон

Чемпинг: Эртний сүмд хонож үзэхийг хүсдэг хүмүүст зориулсан аяллын шинэ тренд (фото 3)

Энэхүү 14-р зуунд боссон сүм нь Вольфхэмпкот тосгоноос үлдсэн цорын ганц барилга юм. Шовх үзүүртэй цонх, бат бөх дөрвөлжин цамхаг нь сүмд харгис хэрцгий дүр төрхийг өгдөг хэдий ч доторхыг нь нэлээд дэгжин байдлаар тохижуулсан байгааг та дээрх зургаас харах боломжтой. Шохойн материалаар цайруулсан хана, мөн л 14-р зуунд хийгдсэн гоёмсог сийлбэртэй хаалтан дээр унаж буй нарны туяа, хатан хаан Анн Стюартын сүлд, царс модон сандал гээд маш чамин бөгөөд дулаан уур амьсгалыг бэлэглэх интерьер дизайны шийдэл нь таныг гайхшруулах болно.

Вебсайт

All Saints’ Church, Лангпорт хот

Чемпинг: Эртний сүмд хонож үзэхийг хүсдэг хүмүүст зориулсан аяллын шинэ тренд (фото 4)

15, 16-р зууны үед баригдсан сүрлэг байдлаараа олныг алмайруулдаг сүм. Тус сүмийн сүндэрлэсэн толгодоос Бенедиктийн сүм хийдийн балгас үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг байна. Энэхүү сүмийн хамгийн сонирхол татдаг хэсэг бол “Hunky Punks” хэмээн нэрлэгддэг баруун хэсэгт байрлах урт үзүүртэй цамхаг юм. Гэхдээ сүмийн жинхэнэ эрдэнэс хэмээн зүйрлэж болохуйц зүйл бол зүүн хэсэгт байрлах дундад зууны үеийн будагдсан цонхнууд билээ.

Вебсайт

St. Mary the Virgin Church, Фордвич хот

Чемпинг: Эртний сүмд хонож үзэхийг хүсдэг хүмүүст зориулсан аяллын шинэ тренд (фото 5)

Кентербери хотоос 3 милийн зайд орших энэхүү жижиг сүм нь анх мөргөлчдийн орогнох газар байжээ. Маш жижиг нутаг дэвсгэртэй Фордвич хот нь сүмийн эртний сэтгэл татам өнгө үзэмжийг нь хэвээр хадгалсаар ирсэн бөгөөд 1544 онд баригдсанаас хойш доторх засал нь бараг өөрчлөгдөлгүй хэвээр үлджээ. Хонохоор ирсэн зочдод The George & Dragon, The Fordwich Arms гэх хоёр клабд сэнгэнэсэн үнэртэй шар айраг амтлахыг зөвлөдөг байна.

Вебсайт

St. James’ Church, Кулинг тосгон

Чемпинг: Эртний сүмд хонож үзэхийг хүсдэг хүмүүст зориулсан аяллын шинэ тренд (фото 6)

Энэхүү намагт хойг дээр байрлах сүмээр Их Британийн зохиолч Чарльз Диккенсын шүтэн бишрэгчид зочлох ихэд дуртай байдаг. Мөн түүний туурвисан “Great Expectations” номын эхний бүлэгт уг сүмийн талаар дурддаг бөгөөд номын гол дүрийн баатар Пип энд ялтан Магвичтай уулзсан тухай хэсэг байдаг. Тус сүмд ашиглагддаггүй нийт 13 хүүхдийн булшны чулуу байдаг тул ганцаараа энд хоноход тохиромжгүй л болов уу. Хэрэв та тус сүм рүү зургадугаар сард зорих бол зэргэлдээ байрлах Рочестер хотод зохион байгуулагддаг Диккенс наадамд оролцох боломжтой юм.

Вебсайт

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх