Хайх

Эргэн тойронд ус: Бали арлын Rimba концепц зочид буудал

Эргэн тойронд ус: Бали арлын Rimba концепц зочид буудал

Бали явах хүмүүсийн анхааралд

Text: Buro.Mongolia


Зураг:

Бали арлын Ayana зочид буудлын нэгэн хэсэг болох Rimba зочид буудлыг танд танилцуулъя. Энэхүү зочид буудлын төслийг гүйцэтгэсэн архитекторууд болон дизайнерүүд зочдыг байгаль дэлхийтэй улам ойртуулахад анхаарчээ

Бали арлын баруун урд хэсэгт, Жимбаран загасчны тосгоны хажууд орших Ayana зочид буудлын хэмжээ нь хамгийн түрүүнд анхаарал татаж байлаа. Асар том буюу 90 гектар талбайтай зочид буудлын бүс нь томоохон хот, тосгон шиг хэмжээтэй. Аз болж энд хотыг санагдуулах зүйл огт байхгүй. Оронд нь халуун орны ширэнгэн ой, хадан хавцал зэрэг үзэсгэлэнт байгалийг харах боломжтой. Харин энэхүү ширэнгэн ойн захад хадан хавцал дээрээс Энэтхэгийн далайн толгой эргэм гайхалтай дүр зураг үзэгдэнэ.

Мөн саяхнаас Ayana зочид буудал нь Rimba нэртэй цоо шинэ концепц зочид буудалтай болсон байна. Хэрэв Ayana зочид буудал нь гаднаасаа Бали арлын үндэсний соёл болон байгалийг тансаг байдалтай хослуулсан байдаг бол Rimba зочид буудал Япон орныг санагдуулах орчин үеийн геометрын минимализмийг өөртөө шингээжээ. Rimba зочид буудлын гол онцлог нь усан онгоцны хэлбэртэй үүдний өрөө юм. Энэхүү үүдний өрөө болон амралтын хэсгүүд нь олон тооны усан сангаар хүрээлэгдсэн байдаг. Энэ дундаас буйдантай дугуй хэлбэрийн хоёр асарыг усан сангийн яг голд байрлуулсан нь хамгаас үзэсгэлэнтэй харагдана. Тиймээс усан сангийн яг голд байрлах дугуй буйданд тухлангаа Бали аралд нар жаргахыг харж болно. Жаргаж буй нарны гал улаан туяа усны тусгалд тусан буудлын зочдыг ховсдох бөгөөд энэ үед тэд бүр Instagram- даа зориулж зураг авахаа ч умартана.

Эргэн тойронд ус: Бали арлын Rimba концепц зочид буудал (фото 1)

Эргэн тойронд ус: Бали арлын Rimba концепц зочид буудал (фото 2)

Rimba зочид буудлын архитекторууд олон түвшин бүхий усан орчин бий болгохыг хүсчээ. Тодруулбал, зочид буудалд орших зургаан усан сан хоорондоо хүрхрээ, усан оргилуур, цутгалангуудаар холбогдсон байдаг. Та энд хооллосон ч, зугаалсан ч, эсвэл бүр зүгээр л амрах үед тань хаа сайгүй ус харагдах болно. Зарим газарт ус дөлгөөхөн байдаг бол буудлын өөр нэг хэсэгт шоржигнож урсана. Харин хадан хавцал руу дөхөхөд догширч дуу чимээтэйгээр цохилно. Жишээ нь хадан хавцал дээр байрлах Rock Bar нэртэй газар яг л ийм дуу чимээ сонсогддог. Энэхүү ресторан, баар нь бусад арлын хүмүүсийг ч өөртөө татаж байдаг. Уг баар нь далайн эргийн огцом хадан цохион дээр баригдсан тул далайн давалгаа цалгиж зочид руу далайн давсархаг ус үсэрнэ. Хэрэв та Бали арал дээр ирээд Rock Bar-д ганц удаа ч болов орж үзэхгүй буцна гэдэг бол жинхэнэ харамсалтай хэрэг. Яагаад гэвэл ийм үзэсгэлэнт дүр зурагтай, романтик баар та Бали арлын хаанаас ч дахиж олохгүй.

Эргэн тойронд ус: Бали арлын Rimba концепц зочид буудал (фото 3)Эргэн тойронд ус: Бали арлын Rimba концепц зочид буудал (фото 4)

Энэхүү зочид буудал нь зөвхөн гаднаа төдийгүй дотроо ч концепц хэв маягтай. Зочдод маш цэлгэр том зайтай өрөөнүүд санал болгодог бөгөөд та өрөөндөө орсон даруйдаа л шилдэг дизайнер дотоод заслыг хийсэн гэдгийг мэдрэх болно. Зочид буудлын өрөөнүүд гэрэл гэгээтэй орон зайтай бөгөөд тансаг орны толгойд сонирхолтой зураг ханыг чимэглэнэ. Харин орны эсрэг талд нугарсан хэлбэртэй үнэхээр тухтай буйдан байх ба яг л гэр лүүгээ аваад явмаар сэтгэгдэл төрөх болно. Мөн та дугуй хэлбэртэй усан онгоцонд хэвтэнгээ өрөөний дотор болон гадаа юу болж байгааг ажиглах боломжтой. Бас дээр нь загварлаг, тансаг хувцасны өрөөндөө мини гольф тоглож болно гээд бод доо. Ер нь Rimba зочид буудлын өрөөнүүд нь гаднах талбай шигээ асар том хэмжээтэй тул яг л хувийн байшинд байгаа мэт санагдана.

Эргэн тойронд ус: Бали арлын Rimba концепц зочид буудал (фото 5)Эргэн тойронд ус: Бали арлын Rimba концепц зочид буудал (фото 6)Эргэн тойронд ус: Бали арлын Rimba концепц зочид буудал (фото 7)Эргэн тойронд ус: Бали арлын Rimba концепц зочид буудал (фото 8)

Тэгэхдээ Ayana болон Rimba зочид буудлуудын далайн эрэг нь нэлээд авсаархан ч үнэхээр тав тухтай. Зочид буудлаасаа доошоо 197 алхам хийхэд л та тунгалаг устай, үзэсгэлэнт дүр зурагтай, диваажин мэт тусгаарлагдсан газарт ирэх болно.Эргэн тойронд ус: Бали арлын Rimba концепц зочид буудал (фото 9)Эргэн тойронд ус: Бали арлын Rimba концепц зочид буудал (фото 10)Эргэн тойронд ус: Бали арлын Rimba концепц зочид буудал (фото 11)

цааш үзэх