Аяллын маршрут: Говийн нутагт юу үзэж, хаана байрлах вэ?
Байгальтайгаа ойртоцгооё!
Монгол орон бол олон янзын байгалийн үзэсгэлэн цогцолсон гайхамшигт нутаг билээ. Өмнө зүгт дэлхийн томоохон цөлийн бүсүүдийн нэг болох Говь, умард зүгтээ хөгшин Европыг санагдуулам ой модод, өрнө зүгт хадан сарьдаг уул нурууд, зүүн зүгтээ эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх тал газар гээд зүг бүр өөрийн гэсэн онцлогтой. Жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай тул Монгол орноор аялах хамгийн тохиромжтой үе бол зуны улирал байдаг. Тиймээс байгаль цаг уурын таатай үеийг ашиглан, өдөр тутмын амьдралын хэмнэлээсээ түрхэн зуур хөндийрч, байгальтайгаа ойртох аяллууд хийгээрэй.
ГОВИЙН БҮС
Говь бол нийт нутаг дэвсгэрээрээ дэлхийд зургаадугаарт бичигддэг томоохон цөлийн бүс юм. Уламжлалт буддын шашны хийдүүд, элсэн манхан дундуурх тэмээтэй аялал, сонирхолтой уур амьсгал бүхий резортууд гээд Говиор үзэх харах юм бишгүй бий. Зуны улиралд дулааны температур өндөр, халуун бөгөөд хуурай байдаг тул наранд түлэгдэх, арьс хуурайших зэргийн эрсдэл бий. Иймд нарны тос, нарны шил авч явах нь зайлшгүй юм. Мөн түүнчлэн цайвар өнгийн хувцас нарны гэрлийг ойлгодог тул халуунд өмсөхөд тохиромжтой. Сахарын цөлийн нүүдэлчин овог аймгууд нарны гэрэл, элсэн шуурганаас хамгаалах зорилгоор толгойндоо том даавуугаар тюрбан ороож өмсдөг нь Говьд ч мөн хэрэгжүүлж болох арга билээ. Ингээд танд санал болгох маршрутаа танилцуулъя.
Улаанбаатар - Сайншанд
Говиор аялах аяллаа та Дорноговь аймгийн төв Сайншанд хот тийш эхлүүлээрэй. Нийтдээ 450 километр замыг туулах ба хэрэв та автомашинаар явж байгаа бол ойролцоогоор таваас зургаан цаг явах юм. Туж засмал замаар явах бөгөөд хэрэв та жуулчдын нүдэнд өртдөггүй сонин содон байгууламж үзэх дуртай бол Сайншанд явах зам дагуу Говьсүмбэр аймгийн Баянтал сумын төвийн ойролцоо байрлалтай ЗХУ-ын үеийн, одоо орхигдож хуучирсан агаарын цэргийн баазын балгасыг зайлшгүй үзэх хэрэгтэй гэж зөвлөе. Сайншанд хотод мэдээж Говийн догшин хутагт Данзанравжаагийн музей, түүний байгуулсан Хамрын хийдээр зочлох хэрэгтэй юм. Тус хотод үзэх зүйлстэйгээ ойрхон хэр нь чимээ аниргүй, тав тухтай буудаллах газраар бид “Хур Говь” зочид буудлыг нэрлэж байна. Өндөрлөг газар байрлалтай тул та дөрвөөс тавдугаар давхарт өрөөгөө сонгосноор Говийн нар мандах, эсвэл жаргах үзэсгэлэнг таашаан ажих боломжтой талаар тус буудалд буусан нэгэн аялагч tripadvisor.com сайтад дурджээ.
Сайншанд – Gobi Caravanserai
Сайншандаас гараад та Дундговь аймгийн төв Мандалговь хотыг зориорой. Явах замдаа баруун тийш салж байгалийн давтагдашгүй тогтоц бүхий Их газрын чулуу, тэнд байгуулсан байгалийн задгай театр зэргийг сонирхох боломжтой юм. Мандалговьд харин хонолгүйгээр шууд урд зүгт Өмнөговь аймаг хүрэх автозамаар Grand Canyon-ийг санагдуулам өвөрмөц, үзэсгэлэнтэй Цагаан суваргаар зочлоорой. Цагаан суваргаас тавхан километрийн зайд байрлах Gobi Caravanserai жуулчны баазыг хоноглох газраа болгон сонгохыг санал болгож байна. Эргэн тойронд нүдэнд торох юу ч үгүй, цөлийн шаргал өнгө болон цэлмэг тэнгэрийн хөх өнгө яг л өөр гарагт ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Мөн цэлмэг шөнө хоноглож таарвал зөвхөн Говьд л үзэж болохуйц тэнгэрт асгарах оддын ховорхон тохиох дүр зургийг харан баясаарай. Gobi Caravanserai-ийн үзэл санаа, үйл ажиллагаа нь байгаль дэлхийд ээлтэй байхын зэрэгцээ “escapism” буюу амьдралын хэмнэлээсээ түрхэн хөндийрөх, “зугтах” гэсэн ойлголт дор зангидагдана. Иймд та аль ч үед аливаа стрессээсээ салах, “амарсан шиг амрах” газар хайж байгаа бол Gobi Caravanserai хамгийн оновчтой сонголтуудын нэг байх болно. Мандалговь хүртэл засмал замаар 350 орчим километр зам туулах бөгөөд цааш 180 километр засмал, 30 орчим километр шороон замаар явж Цагаан суварга, Gobi Caravanserai-д хүрнэ.
Gobi Caravanserai – Three Camel Lodge
Цагаан суваргаас цаашлан Өмнөговь аймгийн Булган сумын нутагт байрлах Three Camel Lodge-д буудаллаарай. Нийт 250 орчим километр засмал болон шороон зам ээлжлэн туулах ба Даланзадгад хотоор дайрч өнгөрнө. Ингэхдээ тус хотод энэ тавдугаар сард шинээр нээгдсэн “Говийн байгаль” музейгээр зочлохыг санал болгож байна.
Three Camel Lodge бол тансаг зэрэглэлийн жуулчны бааз бөгөөд олон улсын нэр хүнд бүхий аяллын сэтгүүлүүдэд үнэлэгдсэн, үйлчилгээний чанараараа Монголдоо хамгийн өндөрт тооцогддог газруудын нэг билээ. Three Camel Lodge танд тансаг зэрэглэлийн тав тухаас гадна Говьд үзэж болох олон янзын, сонирхолтой, жижиг аяллууд санал болгодог. Тухайлбал, баазаас хойд зүгт нэг цаг орчим явах зайд Баянзаг нэртэй 20-50 метрийн өндөртэй цонжууд байх бөгөөд 1920-иод оны үед америк судлаачид улаан шаварлаг хөрс нь жаргах нарны гэрэлд асаж буй гал шиг харагдаж байгааг нь ажиглаад “Flaming Cliffs” гэж нэр өгч байжээ. Палеонтологийн олдворын өлгий болсон энэхүү газарт хэрэв та хүсвэл тус баазын аяллын мэргэжилтэнтэй тохиролцон ШУА-ын эрдэмтдийн багтай хамтарч малтлага хийх ч боломжтой юм байна. Мөн түүнчлэн нутгийн тэмээчин айлтай хамт Молцог элс дэх элсэн манхнууд дундуур тэмээтэй аялах аялал таныг байгаль эхтэй сэтгэл зүрхээр тань холбох нь дамжиггүй юм.
Ингээд аялалд гарахаасаа өмнө хадгалаад авахад илүүдэхгүй утасны дугааруудыг хүргэе.
Дорноговь аймаг:
- Нэгдсэн эмнэлэг – 70522382
- Цагдаагийн газар – 70523239
- Онцгой байдлын газар – 86330105
Дундговь аймаг:
- Нэгдсэн эмнэлэг – 70593800
- Цагдаагийн газар – 7059102; 70194450
- Онцгой байдлын газар – 7059101
Өмнөговь аймаг:
- Бүсийн оношилгоо, эмчилгээний төв – 70533354; 70532734
- Цагдаагийн газар - 70194601
- Онцгой байдлын газар - 7053101; 89460105
Та аян замдаа сайн яваарай!