Хайх

Италид тавтай морилъё гэвэл: Алассио хотын Grand Hotel Alassio зочид буудал

Италид тавтай морилъё гэвэл: Алассио хотын Grand Hotel Alassio зочид буудал

Санаа зовох зүйлгүй амралт

Text: Buro.Mongolia


Зураг:

Лигурын тэнгисийн эрэг дээр оршдог Алассио хэмээх жижиг хот нь Ницца, Милан, Генуя зэрэг хотуудаас холгүй байрлана. Тиймээс амралтаараа Франц эсвэл Италийн аль руу нь явахаа шийдэж чадахгүй байгаа хүмүүст энэхүү хот хамгийн зөв сонголт болно

Европ, тэр дундаа Итали орон бол аяллын маршрут зохиоход хэзээд хамгийн тэргүүн эгнээнд жагсдаг сонголт билээ. Тэгэхдээ аялал бүр шинэ байх хэрэгтэй тул бид танд энэ удаа Ницца, Генуя биш Алассио хотыг санал болгож байгаа юм. Яагаад гэвэл эндэхийн далайн эрэг маш гоё элстэй. Харин Grand Hotel Alassio зочид буудал зөвхөн буудлын зочдод зориулсан хувийн наран шарлагын газартай. Тэнд зөвхөн нэг хүнд зориулсан тусгай сандал гаргаж өгдөг учраас ирсэн зочид нь далайн эрэг дээр олон хүнтэй шахцалдана гэж санаа зовох хэрэггүй байдаг. 

Хэрэв та их хотын үймээн шуугианаас холдохыг хүсвэл Grand Hotel Alassio хамгийн тохиромжтой сонголт байх болно. Энд амраад зогсохгүй сувилалд хамрагдах боломжтой. Энэхүү зочид буудал нь "Thalassio" нэртэй спа төвөөрөө Европ даяар алдартай ба энд Европын хамгийн том далайн устай усан сан бий. Тиймээс далайн ус болон шавраар олон төрлийн эмчилгээ хийлгэхийн зэрэгцээ бүтэн биеийн болоод нүүрний иллэг хийлгэж болно. Спа төвд ирсэн зочдод тухайн хүнд тохирсон тусгай үйлчилгээг хийж өгдөг. Жишээ нь саун, уур, Кнейппийн арга барилаар хийгддэг усан эмчилгээнүүд, мөсөн эмчилгээ, усан иллэг зэрэг нь таныг долоо хоногийн дотор зүгээр ч нэг "хүн" төрхөнд тань оруулаад зогсохгүй, бие болон сэтгэлийг тань бүрэн амраана.

Италид тавтай морилъё гэвэл: Алассио хотын Grand Hotel Alassio зочид буудал (фото 1)Италид тавтай морилъё гэвэл: Алассио хотын Grand Hotel Alassio зочид буудал (фото 2)

Энэхүү зочид буудалд нийт 61 өрөө байгаа. Grand Hotel Alassio зочид буудлын нэг давхарт наранд биеэ шарж болох цэлгэр том тагтнуудтай тансаг өрөөнүүдтэй. Мөн энгийн өрөөнүүд нь ч дутахааргүй тансаг бөгөөд далай руу харсан сайхан дүр зурагтай. Харин тансаг зэрэглэлийн өрөөнүүд нь зочид буудлын дээд давхаруудад байрладаг. Тиймээс дээврийн хэсэг бүхэлдээ зочдын мэдэлд очиж байгаа бөгөөд энд наран шарлагын тавцан, хувийн усан сан зэрэг зочдын тав тухыг хангах бүх зүйл бий.

Зочид буудлын ресторанд Лигурын болон Газар дундад тэнгисийн уламжлалт зоогнуудыг бэлтгэдэг. Энд зочид ресторан дотор эсвэл гадаах сэрүүн асарт тухлан, далайг ширтэнгээ оройн зоогоо барих боломжтой. Энэхүү рестораны далайн гаралтай зоогнууд, олон төрлийн загас, алдарт Лигурын песто сүмстэй паста болон пиццаг заавал амталж үзээрэй. Энд пиццаг өсгөгчгүй гурил болон олон төрлийн ногоо, бяслагаар таны нүдэн дээр хийж өгнө. Та дараа нь амтыг нь удтал мартахгүй гэдэгт итгэлтэй байна.

Италид тавтай морилъё гэвэл: Алассио хотын Grand Hotel Alassio зочид буудал (фото 3)Италид тавтай морилъё гэвэл: Алассио хотын Grand Hotel Alassio зочид буудал (фото 4)

Түүнчлэн зочид буудлаасаа гарч хотын жижиг гудамжуудаар зугаалангаа алдарт "Muretto di Alassio" ханан дээр очиж үзэх хэрэгтэй. Учир нь Алассио хотод ирсэн дэлхийн одууд заавал "Muretto di Alassio" ханан дээр өөрийн гарын үсгээ үлдээдэг юм. Тухайлбал, Америкийн алдарт зохиолч Эрнест Хемингуэй энд өөрийн гарын үсгээ зурж үлдээсэн байдаг. Мөн энэхүү хананаас дутахааргүй алдартай "Caffe Roma" гэх кафе хажууханд нь оршдог. Энд анх кофе уухаар ирсэн алдартнууд гарын үсгээ зурж үлдээдэг байсан бөгөөд энэ нь уламжлал болон явсаар "Muretto di Alassio" ханан дээрх гарын үсгүүд болон хувирсан юм. Жишээ нь Луи Армстронг, Софи Лорен, Адриана Челентано болон Уинстон Черчилль гэх мэт алдартай хүмүүс энд гарын үсгээ үлдээжээ.

Эцэст нь хэлэхэд, хэрэв та нохойнд үнэхээр хайртай бол танд Алассио хот гарцаагүй таалагдана. Яагаад гэвэл эндэхийн ихэнх оршин суугчдын олонх нь нохой тэжээдэг ба тэд өөрийн гэрийн тэжээвэр амьтантайгаа хаа сайгүй зугаалж байдаг. Энд зөвхөн далайн эрэг гэлтгүй, дэлгүүр, ресторануудад ч нохойтойгоо орохыг зөвшөөрдөг. Тиймээс Алассио хот таныг болон таны нохойг баяртайгаар хүлээн авах болно.

цааш үзэх