Эрэгтэй загварын долоо хоног: Gucci, хавар-зун 2017
Цирк хүрээд ирэв үү?
Загвар зохион бүтээгч Алессандро Микеле маш их аялах дуртайгаа, мөн аялал бүрээсээ жижиг сажиг дурсгалын зүйлс авчирч, цуглуулах сонирхолтойгоо нэг биш удаа хэвлэлийнхэнд ярьж байсан билээ. Түүний өчигдөр танилцуулсан шинэ цуглуулгаас дүгнэхэд тэр олон орноос цуглуулсан сувенирын хувийн цуглуулгаасаа санаа авч ажилласан бололтой. Тэр өөрийн хайртай 1970-аад оны романтик уур амьсгал, торго ба хамба хилэн материал, чихрэн ягаан ба ургамлын ногоон өнгө, эртний аястай ханын обой, анхаарал татам гоёл чимэглэл, винтаж эд зүйлс зэргээ бүгдийг нь нэг доор хольсон байлаа. Энэ олон элемент дундаас цуглуулгын ерөнхий сэдвийг олж харах гэж хичээсний ч хэрэггүй. Микеле бол өөрт таалагдсан деталиудаараа загвараа чимэглэх дуртай олон талт бүтээлч юм. Түүний урлагийн бүтээлийг дахин тунгаах шаардлагагүй байдаг.
Дизайнерын цуглуулгуудаас шинэ дүрс эсвэл силуэт олж харах нь тун ховор ч, загварууд дээрх чимэглэл ба хээ угалз үргэлж сонирхолтой түүхийг өгүүлж байдаг. Торгомсог бомбер хүрмийн ард талд нь грек бичиг, мөн цагаан футболкны энгэр дээр future гэх үг үзэгдэж, цагаан хөх судалтай ноосон цамцыг улаан хээ чимж, торгон даашинз дээр тахины цоохор хээ хэвлэгдэж, харин хар өнгийн брюк өмдтэй хослолыг лууны дүрс гоёсон байлаа. Алессандро Микелегийн дүрс ба өнгөнүүдийг хооронд нь хослуулах, хэний ч таашгүй зугаатай чимэглэл оруулах, хамгийн энгийн зүйлийг high fashion болгож чадах авьяас чадвар загварын салбарыг байлдан дагуулж байна. Сүүлийн хэдэн улиралд тэр бүх дизайнеруудыг ялан дийлж, ганцаараа л гялалзаж байгаа мэт санагдана.