BURO. Expert: О.Наранбилэг минимал будалтын нууц болон өөрийн онцлог төрхийг хайрлах талаар ярилаа

Instagram болон Facebook feed дээр харагдах ихэнх загварын том зураг авалтуудын нүүр будалтыг гүйцэтгэдэг, бүтээлч салбартаа асар их үнэлэгдсэн, бусдад Anara’s Makeup студийн үүсгэн байгуулагч гэдгээрээ танигдсан О.Наранбилэг манай BURO. Expert булангийн ээлжит зочноор уригдаж минимал будалт, сошиал медиагийн сэтгэл зүйд үзүүлэх нөлөө, мөн хүн өөрийнхөө онцлог давтагдашгүй төрхийг хүлээн авч хайрлах хэрэгтэй талаар ярилцлаа.

Эмэгтэй хүн бүрийг өөрийгөө байгаагаар нь хайрлахыг уриалдаг Монголын гоо сайхан болоод загварын салбар дахь цөөн бөгөөд анхдагч уран бүтээлчдийн нэг бол О.Наранбилэг юм. Тэрээр өдгөө бараг 20 жилийн турш гоо сайхны чиглэлээр ажиллаж, ОХУ дахь Beauty Academy-д дөрвөн ч удаа мэргэжил дээшлүүлсэн асар их туршлагатай мэргэжлийн мейкап артист хэдий ч хэзээ ч будгаар хүний байгалийн төрхийг дарах гэдэггүй, харин эсрэгээрээ тухайн хүн бүрийн онцлогийг гаргаж, өө сэвийг нь нуухаас илүү сайхан чанаруудыг нь тодотгохыг эрмэлздэгээрээ бусад уран бүтээлчдээс ялгардаг билээ. Будалт хийх бүртээ үйлчлүүлэгчийнхээ гоё сайхан, өвөрмөц чанаруудыг нь онцлон магтаж, өөрийнхөө байгалийн гоо үзэсгэлэнг илүү үнэлээсэй гэсэндээ үргэлж урмын үгс хэлж байдаг О.Наранбилэг манай уншигчдад ч мөн хэрхэн байгалийн төрхөө тодотгосон будалт хийх талаар зөвлөж, өөрийн олон жилийн турш харж судалсан будалтын нууц аргачлалуудаасаа хуваалцаж байна.

Та амьдралынхаа яг ямар мөчид мэргэжлийн нүүр хувиргагч болох шийдвэрээ гаргаж байсан бэ?

Арван жилд байхдаа л хичээлийнхээ дэвтэрний арын хуудаснууд дээр хүний хөрөг зурдаг, хувцсаа их өөрчилж оёдог хүүхэд байсан. Төгсөх ангидаа мэргэжлээ сонгохдоо хүмүүсийг гоё болгодог зүйл хийнэ гэж бодоод СУИС-ийн харъяа Дизайн, Урлагийн Дээд сургуульд хувцас дизайнер мэргэжлээр элсэн орсон. Суралцаж байх хугацаанд маань “Гоодаль” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, урлаг судлаач, дизайнер Ц. Амгалан багш маань миний голчлон хийдэг нүүр будалтын хэв маягт маш том нөлөө үзүүлсэн “Проект төсөл зохиомж”-ын хичээл ордог байснаас гадна бусад мэргэжлийн чадварлаг багш нараасаа нүүр хувиргагч мэргэжлийн чухал суурь болох хар зураг, уран зураг, анатоми, урлагийн түүх, хувцасны түүх, урлагийн сэтгэл зүй зэрэг хичээлүүдийг сурч байлаа. Харин хоёрдугаар дамжаанд суралцаж байхдаа "Идеал дүр төрх ба өвөрмөц дүр төрх" гэх хичээл орж, тус хичээлийн хүрээнд хувцасны дизайн, модель сонголт, тайз засалт зэргийг зохиож зурахаас гадна makeup, үс засалт ямар байлгах дээр ажиллах хэрэгтэй болсон. Тухайн үедээ авангард гэгддэг байсан хэв маягаар будалтууд хийж, бүтэлгүйтсэн курсийн ажлаа танилцуулж билээ. Яг л тэр үеэс нүүр будалтад татагдаж эхэлсэн.

Энэ мэргэжлээрээ ажиллахад шантрах үе байсан уу?

Загварын makeup чиглэлээр ажиллахыг хүсэж байгаа бол гол нь ажилдаа дуртай байх хэрэгтэй. Тэгж байж өөрийгөө цаг үргэлж хөгжүүлж, ачааллыг даана. Хөндлөнгийн нүдээр харахад хүнд сонирхолтой, гоё, амархан ажил шиг санагддаг ч хэцүү зүйлүүд маш их байдгийн хамгийн тод жишээ нь л хорин цаг тасралтгүй ажиллах, арван цаг зогсоогоороо будах, хотоос гадуур нар мандаж байх үеийн зураг авалтад шөнө эсвэл үүрээр будалт хийх, ингээд ч болоогүй тухайн өдрийн турш моделиудынхаа будгийг шинэ хэвээр нь хадгалан сэргээж будах, цоо шинэ будалт хийх гэх мэт хэцүү зүйлүүд байна. Харин надад бол гоё байдаг.

Бүтээлч ажлынхаа эцсийн үр дүнг харах хамгийн оргил мөч байдаг уу?

Эцсийн үр дүнгээс гадна болж байгаа процесс бол маш гайхамшигтай зүйл. Олон жил хамтарч ажилласан дизайнерууд, зурагчид, маркетингийнхан, моделиудтай гар нийлэн хамтдаа ажиллах үнэхээр таатай байдаг. Тэд нар яг л миний хоёр дахь гэр бүл болсон мэт санагддаг. Яг л хамгийн тухтай газраа хэвтэж байгаа мэт сэтгэл амармаар мэдрэмжийг авдаг. Гэхдээ олон шавь нараа дадлагажуулаад сургаад явж байхад хүн болгон надтай адил мэдрэмж авдаггүйг харсан. Үнэхээр л энэ ажилдаа дуртай биш бол ядарч, түүртэж, жижиг зүйл дээр өө хайж, төд удалгүй тус салбараас гардаг.


"Адилхан хувцас өмссөн эмэгтэйчүүд бие биетэйгээ тааралдвал яах бол? Мэдээж дурамжхан байх байлгүй. Гэтэл яагаад охид, бүсгүйчүүд ижилхэн будалт, нэг хэвийн царайтай байхыг хүсээд байна вэ?"


Бүтээлч салбарт таны байгалийн нүүр будалтууд өөрийн гэсэн орон зайг бий болгож, хүмүүст үнэлэгдэж амжсан. Таны будалтдаа баримталдаг гол зарчим юу вэ?

Би тухайн хүнийг өөрөөр нь байлгахыг хүсдэг. Хүмүүс будуулж дуусаад толинд харахдаа өөрийгөө танихгүй байна гэж уулга алдахад зарим хүмүүс баярладаг бол миний хувьд энэ нь гунигтай санагддаг. Би хүнийг өөр хүн болгох биш харин түүний хамгийн үзэсгэлэнтэй хувилбарыг нь гаргахыг хичээдэг. Мөн дараагийн миний баримталдаг чухал зарчмуудын нэг бол нүд, уруул, хамар гэх мэт аль нэг деталийг онцлолгүйгээр тухайн хүний нүүрний харьцааг илүү тодотгож, сул тал дээр биш давуу тал дээр нь ажилладаг. Жишээлбэл, батгатай нүүрний батгыг дарах, эсвэл том хацрыг багасгаж харуулахын оронд сайхан уруулыг нь тодотгож, зөөлөн харцтай бол ялдам харагдуулж будахыг хичээдэг. Мөн суурь будалт дээр маш их анхаарлаа хандуулж, гэрэл сүүдрийг natural байдлаар тавихыг хичээдэг. Ингэснээр тухайн хүн будагны тусламжтай өөрчлөгдсөн биш харин цаанаасаа, байгалиасаа тэгж заяагдсан мэт харагддаг.

Natural look, минимал будалтыг олонд түгээж, энэ чиглэлийг хөгжүүлдэгт тань их баярладаг. Олон улсад ч одоо улам бүр л байгалийн төрхийг эрхэмлэж, аль болох нимгэн будалт хийж, хэрэглээгээ багасгахаас гадна илүү органик болгохыг уриалж байна. Харин Монголд энэ чиг хандлага хэр дэлгэрч байна вэ?

Ер нь нүүр будалтын салбар Монголд их хожуу хөгжиж эхэлсэн. Хөгжих явцыг товчоор хэлбэл makeup өөрөө эхлээд хэрэгтэй, чухал зүйл гэж хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Үүний дараа артистүүдийн тоо нэмэгдэж, тэд makeup-ын техникүүдийг эзэмшиж, үйлчлүүлэгчид олон болж, улмаар нүүр будалтын төрлүүд илүү их хөгжиж эхэлдэг. Тиймээс одоогоор минимал хэв маяг дөнгөж танигдаж эхэлж байна гэхэд болно. Бусад орнуудтай харьцуулбал хангалттай биш ч өмнө нь минимал, natural будалтыг маш цөөн хүмүүс үнэлдэг байсан бол одоо харьцангуй их болсон. Гэхдээ жишээ нь загварын зураг авалтууд дээр тод, драматик будалтууд хийлгүүлэхийг хүсдэг хэвээрээ байна.

Үүнд бас олон нийтийн сүлжээ багагүй нөлөөлж байгаа болов уу. Нийгэмд тодорхой нэг гоо сайхны стандарт бий болсноос болж түүнд хүрэхийн тулд тод будалт хийж, өөрийнхөө онцлогийг тодотгохын оронд нэгэн ижил үр дүн, төрх рүү тэмүүлээд байх шиг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

Өмнө нь диктатур биднийг удирддаг байсан бол орчин үед сошиал медиа, мэдээлэл удирдаж байна. Тиймээс удирдагдах уу, үгүй юу гэдгээ тухайн хүн өөрөө сонгох хэрэгтэй. Хэн нэг Инстаграмын од сайхан харагдаж байлаа гээд түүний хэрэглэх бүтээгдэхүүнүүд, будалтын техникүүд танд тохирно гэсэн үг биш. Жишээ нь нүдээ хөнхийлгөх, хамраа нарийхан өндөр болгох түгээмэл техник нь ойр нүдтэй, хавтгай өргөн нүүртэй хүнд шууд зохицохгүй бөгөөд нүүрний харьцааг тэнцвэржүүлэх нэмэлт техник зайлшгүй хэрэгтэй болдог. Намайг бага байхад буюу 80-аад онд бараг бүгд адилхан хувцас өмсдөг байсан. Орос дэлгүүрийн ижилхэн үстэй гутал ч гэдэг юм уу. Тухайн үед шинэ зүйл үзэж харах боломж бага, худалдан авалтын сонголт хомс байсан учир олон давтагдах зүйлүүд түгээмэл байсан нь тэр. Харин одоо адилхан хувцас өмссөн эмэгтэйчүүд бие биетэйгээ тааралдвал яах бол? Мэдээж дурамжхан байх байлгүй. Гэтэл яагаад охид, бүсгүйчүүд ижилхэн будалт, нэг хэвийн царайтай байхыг хүсээд байна вэ?

Олон улсын судалгаагаар таван эмэгтэйн дөрөв нь сошиал медиа дээр харсан бүтээгдэхүүнээ худалдаж авдаг гэсэн үзүүлэлт гарсан байсан. Үүнээс л харахад сошиал медиа бидний далд ухамсарт их хүчтэй нөлөөлж байна.

Энэ сэдвийн хүрээнд сүүлийн үед бодогдоод байгаа зүйл нь Instagram, Facebook гэх мэт сошиал платформууд амьд гэж хэлэхийн аргагүй "хүүхэлдэй" шиг үзэсгэлэнтэй, төгс нүүр будалт, засвар, фильтертэй зургуудаар дүүрчээ. Гэтэл би энэ салбарт ажилладаг хүний хувьд зарим тохиолдолд зурагны цаадах бодит байдлыг мэдэж байдаг. Засвар ихтэй зургууд хэт их нийтлэгдээд байхаар бусад хүмүүс, тэр тусмаа өсвөр үеийнхэн маань яах вэ? Жишээ нь би өөрийнхөө будаагүй, эффектгүй зургийг оруулахад надад яалт ч үгүй эвгүй байдаг. Харин фильтертэй, дажгүй зураг тавих гэхээр худлаа ярьж байгаа мэт санаа зовсон мэдрэмж авдаг тул үүнээс зайлсхийдэг. Тиймээс миний Instagram, Facebook хуудсанд миний зургууд цөөхөн байдаг. Сэтгэл зүйн хувьд төлөвшчихсөн, аливаа зүйлийн учрыг ойлгодог хүмүүс харьцангуй хөнгөн хүлээж авах байх. Харин бага, өсвөр насны өөрийгөө бүрэн таньж амжаагүй хүмүүс гоо үзэсгэлэнг төгс засвартай зургаар хүлээж авдаг болчихвол яах вэ? Дөнгөж хорвоотой танилцаж байгаа шилжилтийн насныхны гоо үзэсгэлэнгийн хэмжүүр нь бодит байдлаас хэт зөрсөн байх юм бол тэдэнд ямар нөлөөтэй байх вэ гэж бодохоос айж байна.

Энэ бол үнэхээр чухал асуудал болж байна. Аз болж зарим инфлюэнсерүүд үүнийг эвдэх гэж хичээн өөрийн фильтергүй зургийг нийтэлж, өөрийгөө байгаагаар нь хайрлахыг уриалсан давлагаа эхлүүлдэг болсон нь их баярлууштай.

Тийм ээ. Хүн болгон дахин давтагдашгүй. Ихэр хүмүүсийн хүртэл дотоод ертөнц өөр. Тиймээс ямар нэг трендийг тусгаж авахдаа автоматаар дуурайх биш харин уур амьсгал болон характерийг нь дагавал илүү тохиромжтой санагддаг. Миний хувьд Facebook болон Instagram-даа өөрийн гэсэн ертөнц, хэв маягтай хүнийг илүү дагахыг хичээдэг. Мөн гоо сайхны болон бусад мэдээллээ ямар эх сурвалжаас, яаж авах вэ гэдгээ сайн шүүдэг. Найдвартай эх сурвалж байх хэрэгтэй. Сошиал ертөнцийг бид хянаж чадахгүй. Ихдээ л өөрийгөө төгс биш гэдгийг илтгэсэн будаггүй зургаа оруулж болно. Үүнээс гадна ээж, эгч нар охиддоо хэлж, зөвлөдөг байгаасай гэж хүсэж байна. Энэ үзэгдэл хэсэг хугацааны дараа алга болох л байх. Учир нь хоорондоо хэт адилхан төгс зургуудаас хүмүүс уйдаж эхэлнэ. Тиймээс хэсэг хугацааны дараа би төгс биш гэдгээ илэрхийлсэн зургууд илүү тренд болж магадгүй юм. Давхраагүй нүд, сэвх, мэнгийг үнэлж "чамд байхгүй надад байгаа" гэх концепцыг баримталж эхлэх байх. Харин одоо бол "би чамаас дутахгүй" гэдгээ харуулсан зургууд нийтлэгдэж байна.


"Хүмүүс зурган дээр гоё гарвал л гоё будалт болсон гэж боддог. Яг үнэндээ маш гоё тавьсан контур нь инээхэд долгиолоод явчихдаг, эсвэл үнсэх газаргүй болтлоо будчихдаг, доошоо хартал гурван давхар сормуус харагддаг бол таагүй шүү дээ"


Будаг зохидоггүй хүн гэж байдаг уу? Та мэргэжлийн makeup артистын хувьд манай уншигчдад нүүрээ будах тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?

Өөрийгөө ойлгоод, сонс гэж хэлмээр байна. Ямар ч будалт тухайн хүний мөн чанар болон тухайн цаг үеийн мэдрэмжтэй холбогдож байж зохино гэж боддог. Гялгар, ганган, төгс царайтай харагдахыг хүсэж байна уу эсвэл байгаа байдалдаа сэтгэл хангалуун байна уу гэдгээ бодолцох хэрэгтэй. Хүнийг үзэсгэлэнтэй харагдуулдаг зүйл бол будагтай царайнаас илүү хүний нүүрний хөдөлгөөн, манер, нүдний харц гэж би боддог. Хүнтэй харилцах үед гардаг нүүрний хувирал, санаашрал, баяр хөөр илүү гоо үзэсгэлэнтэй. Нэмж хэлэхэд хүмүүс зурган дээр гоё гарвал л гоё будалт болсон гэж боддог. Яг үнэндээ маш гоё тавьсан контур нь инээхэд долгиолоод явчихсан байсныг маш их харж байсан. Мөн болзоондоо явж байгаа охин үнсэх газаргүй болтлоо будчихсан, доошоо хартал гурван давхар сормуус харагдвал таагүй шүү дээ. Тиймээс миний сайхан зүйл юу вэ, би юунд дуртай вэ гэдэгтээ төвлөрөх хэрэгтэй. Түүнчлэн бид бие биенийхээ сайхан зүйлүүдийг нь сануулж хэлж байя. Миний хувьд үйлчлүүлэгчдэдээ сайхан талуудыг нь хэлэхийг их хичээдэг. Надаас сонсохоор хүмүүс илүү итгэх хандлагатай байгаа нь анзаарагддаг шүү.

Бас би нүүр будалтад амьд зүйл үлдээхийг их чухалчилдаг бөгөөд нүдэнд контур тавих, уруулыг тод хүрээлэх зэргээс аль болох зайлсхийдэг. Учир нь хүний сормуусны угийн цайвар шугам болон сормуусны уг хэсгийн ялгарал нүдийг маш их чимдэг. Харин үүнийг бүхэлд нь хараар будах нь өдөр тутамд ихэнхдээ хурцаддаг. Контургүйгээр зүгээр л сормуусаа будах нь илүү ялдам харагдуулдаг. Тиймээс контур тавихдаа зөвхөн төгсгөл хэсэгт зурах, ингэхдээ болж өгвөл саарал, бор өнгийн тень, харандааг ашиглахыг зөвлөх байна.

Харин та өдөр тутамдаа ямар будалт хийдэг вэ?

Би өдөр тутамдаа бараг буддаггүй. Чухал ажил хэргийн уулзалт, арга хэмжээнд л буддаг. Анзаараад байхад сардаа нэг удаа будах нь их юм болдог шүү. Миний хувьд нүд сэргэг, уруул чийглэг, бальзамтай байхад л болно. Нүүр будалтын талаар миний үзэл бодол бол их зузаан будсан үзэсгэлэнтэй байснаас төгс төгөлдөр биш ч гэсэн бага будагтай харагдахыг илүүд үздэг тул крем болон гэрэл, сүүдрийг аль болох тавихгүй байхыг хичээдэг. Зузаан будах нь миний хувьд яг л халуун зун булган үслэг эдлэлтэй явж байгаатай адил санагдаж, таагүй мэдрэмж төрүүлдэг. Мөн би өөрөө нүүрний мимик болон сэтгэл хөдөлгөөн ихтэй учир будганд хагарал үүсэхээс айдаг. Харин миний нүүр будалтын гол зэвсэг бол праймер гэж хэлэх байна. Ялангуяа нарны тосны дараа матт праймер түрхэх нь нүхжилт, жижиг үрчлээ, тослог болон гялгар байдлуудыг дардаг. Улмаар таван насаар залуу, нэг тон цайж, нүүр өргөгдөж харагддаг юм. Тэгэхээр их будалтанд дургүй, эсвэл будах завгүй уншигчиддаа ердийн арьс арчилгаагаа хийсний дараа энэ аргыг туршаад үзээрэй гэж зөвлөе. Праймер түрхсэний дараа нэг метрийн зайнаас харахад мэдэгдэхүйц өөрчлөлт орсон байдаг. Нэмж хэлэхэд, нүүрээ будахдаа толио нүүрэндээ тав, арван см-ийн зайтай барихад арьсан дээрх бүх асуудлууд харагдаж зузаан буддаг. Харин үүний оронд хүмүүстэй харьцдаг ердийн зайнаас харж будахад арьс жигд харагдаж байвал л болох нь тэр. Тус зай нь ковидоос болоод бүр 1,5м боллоо шүү дээ (Инээв - ред. тэмдэглэл).

Өмнө нь хэзээ ч энэ талаар бодож үзээгүй юм байна. Аль болох толиндоо ойртоод л өө сэвүүдээ дараад байдаг шүү дээ.

Би өө сэвүүдийг хуваарилаж үлдээх их дуртай. Амьд хүн юм хойно тэгш бус хэм байна шүү дээ. Тиймээс илүү амьд, байгалиасаа харагдахын тулд бүх өө сэвээ далдлахыг хичээх хэрэггүй. Жижигхэн улаан туяа, сэвх гэх мэт зүйлүүдээ хэвээр нь үлдээгээрэй. Өө сэв, мэнгэ, толбо, сэвх, нүдний дээр доор байршил зэрэгт би их дуртай болоод байгаа.

Илүү байгалийн төрх бий болгохын тулд сууриа хэрхэн тавивал илүү зохистой вэ? Ямар төрлийн foundation хэрэглэхийг та зөвлөх вэ?

Эхлээд будаг сонирхолгүйгээр өөрийгөө болон арьсаа сонирхоод үзээрэй. Арьсны төрөл, шинж чанар, нүүрний пропорцоос судалгаагаа эхлүүлэхийг зөвлөж байна. Хэрэв таны арьс амархан тослогддог, нүүрний будаг хурдан урсах хандлагатай бол нунтаг пудр хэрэглэнэ. Харин өө ихтэй бол өө дарагчийг сонгоорой. Хэрэв нүүрний хэлбэртээ сэтгэл хангалуун бол заавал гэрэл, сүүдэр хэрэглэх албагүй.

Үрчлээс суусан арьсанд ямар foundation тохиромжтой бол?

Ийм нөхцөлд шингэн крем сонгож түрхвэл илүү залуу харагддаг. Өө дарж байна гээд зузаан foundation сонгох нь яаг будахад гоё харагдах ч наранд гараад, нүүрээ хөдөлгөөд ирэхээр хагарал үүсэж гоё харагдахаа больдог. Харин залуу охидод нимгэн, тослог биш, усан суурьтай, хамгаалалтын бүрхүүл үүсгэдэг бүтээгдэхүүн зүгээр. Ер нь бага будаг л их зүгээр. Гэхдээ тухайн хүн юунд сонирхолтой байгаагаа тооцож үзэх нь их чухал. Жишээ нь үрчлээ суулгахгүйн тулд инээдэггүй, мөн сэтгэл хөдлөлөө бага илэрхийлдэг хүн бол хамгийн зузаан кремийг түрхсэн ч асуудалгүй.

Харин өсвөр насны хүүхдүүд хэдэн наснаасаа будаг хэрэглэж эхлэх нь зүйтэй вэ?

Яг тэд гэж заахад хэцүү. Миний хувьд 15-тайгаасаа буд, эсвэл 21-тэйгээсээ л буд гэж шууд хэлж чадахгүй байна. Учир нь дөнгөж нэг настай хүүхэд ээжийнхээ будгаар тоглож байгаа нь цаанаасаа татагдаж, цусанд нь шингэсэн байдгийнх гэж боддог. Би бол зургаа билүү долдугаар ангидаа анх будаж үзсэн. Нууцаар ээжийнхээ пудрээс түрхэж үзээд, өөрийгөө аймаар л юм болгож билээ. Тиймээс үүнээс дүгнээд хэлэхэд өсвөр насныханд хэдэн наснаасаа будахыг зөвлөх бус харин гоо сайхан юунд оршиж байгааг таниулах нь илүү чухал. Эрүүл шүд, эрүүл арьс, түүнийгээ хэрхэн арчлах, цэвэрлэх дарааллуудыг зааж өгөх хэрэгтэй. Харин бага насны будах сонирхолтой байгаа хүүхдүүдэд жаахан туяатай бальзам өгөхөд л хэдэн жилдээ тайвшрах болов уу гэж бодож байна. Нууцаар будах гээд байгаа бол хорьсны оронд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, хор болохооргүй цөөн бүтээгдэхүүнээр хөнгөхөн будалт хийхийг зааж өгвөл зохистой.


"Нэмж хэлэхэд, нүүрээ будахдаа толио нүүрэндээ тав, арван см-ийн зайтай барихад арьсан дээрх бүх асуудлууд харагдаж зузаан буддаг. Харин үүний оронд хүмүүстэй харьцдаг ердийн зайнаас харж будахад арьс жигд харагдаж байвал л болох нь тэр"


Хүн болгоны мэдэх хэрэгтэй нүүр будалтын нэг техник гэвэл та юуг хэлэх вэ?

Хамгийн чухал юм нь зөвхөн өөртөө тохируулж сормуус ба уруулаа будах гэж хэлмээр байна. Бусад зүйлсийн хувьд тийм ч чухал биш. Жишээ нь суурь тавихгүй байсан ч болно. Эсвэл суурийг нимгэн, жигд тавихад л хангалттай. Хамгийн түгээмэл харагддаг алдаануудаас суурь кремний өнгө тон болон туяаг тааруулаагүй байх, гэрэл сүүдрийн тэнцвэр алдагдах зэрэг байна. Мөн маш гоё уруулын хэлбэртэй атлаа хэт илүү гаргаж эсвэл болхи будах нь түгээмэл харагддаг. Уруулын хувьд будахад хамгийн амархан юм шиг мөртлөө ихэнх хүмүүс хэлбэрээ зөв гаргаж чаддаггүй. Түүнчлэн сүүлийн үед сормуус маш ихээр суулгах болсон. Зарим хүн дээр суулгасан сормуус нь нүднийх нь харцыг унтрааж харагдуулах тал байдаг. Тиймээс эмэгтэйчүүд маань сормуус суулгахдаа надад зохих уу үгүй юу гэдгээ бодоорой. Түүнчлэн саяхан миний ойлгосон нэг зүйл бол том нүдийг түүний хэмжээ нь гэхээс илүү нүдний орчинд үүссэн контраст нь тодорхойлдог юм билээ. Жишээ нь жижигхэн нүдтэй мөртлөө зовхины хэсэг илүү бараан өнгөтэй бол нүд илүү том харагддаг. Мөн нүдийг илүү сэргэлэн, залуу, цоглог харагдуулдаг хамгийн гол шинж чанар нь хүүхэн харааны ялгарал байдаг. Нас ахих тусам хүний хүүхэн хараа цайж, тунгалаг биш булингартаж эхэлдэг шүү дээ. Харин нүдний цөцгий нь өнгөө алдаад эхлэхээр яаж ч будгаар хувиргасан нүдний харцыг өөрчилж чаддаггүй. Тиймээс залуу, гоё харагдаад байгаагийн шалтгаан нь нүдний хар болон цөцгийний ялгаралд байдаг. Жишээ нь доошоо чиглэлтэй ургадаг сормуустай хүмүүс сормуус суулгахад нүдний цөцгийг далдалж, гал цогийг унтраадаг. Би их хэмжээний сормуустай нүдийг будаж чаддаггүй. Яагаад будаж чадахгүй байгаагаа судлаад үзэхэд дээр дурдсан зүйлийг анзаарсан бөгөөд энэ нь маш том хичээлийн сэдэв болсон юм. Тиймээс сормуусаа дэрвийлгэх ёстой юу, угаас нь өргөж будах ёстой юу, хавчаад эргүүлэх ёстой юу, нүднийхээ төгсгөл хэсгийг дээш нь өргөх ёстой юу гэдгээ нүднийхээ онцлог, хэмжээ, хэлбэр, чиглэлд тааруулах хэрэгтэй.

Цаг зав гарган ярилцаж, олон гоё зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Яг одоо та цүнхэндээ ямар будаг авч явж байна вэ?

Будаг биш нарны тос л авч явдаг даа. Урт хугацаанд гоё харагдахын тулд арьсаа нар, салхинаас хамгаалах нь хамгийн чухал шүү.

Ө.Тодгэрэл

2021-05-27, 11:00