Гоо сайханчаас асуусан нь: Гоо сайхны бүтээгдэхүүний pH хэмжээ яагаад чухал вэ

Арьсны pH хэмжээ тэнцвэртэй байх нь эрүүл толигор арьсны үндэс болдог

Хүний биеийн шингэнд агуулагдаж буй хүчил, шүлтийг устөрөгчийн ион буюу рН-ээр тодорхойлдог. Устөрөгчийн ион буюу pH-ийн хэмжээг 0-14 хүртэлх нэгжээр илэрхийлэх ба бага бол хүчиллэг, их байх тусам шүлтлэг гэсэн үг юм. Тэгвэл  нүүрний арьсны pH хэмжээ яагаад чухал вэ?

Арьсны эрүүл толигор байдалд арьсны pH буюу хүчил шүлтийн хэмжээ чухал байр суурь эзэлдэг. Тодруулбал нүүрний арьсны pH хэмжээ 4.2-5.6 хооронд буюу бага зэрэг хүчиллэг байх нь хамгийн тэнцвэртэй гэж үзэх бөгөөд энэ нь эрүүл арьсанд агуулагдах рН-ийн хэмжээ юм. Учир нь арьсыг серамид, өөхөн хүчил, липидээс бүрдсэн нимгэн давхарга хамгаалдаг ба энэхүү давхарга нь арьсыг загатнах, батга үүсэх, ус чийгээ алдахаас сэргийлдэг. Харин арьсны pH хэмжээ алдагдах нь уг өнгөн давхаргыг гэмтээдэг ба ингэснээрээ таны арьс ямар ч хамгаалалтгүй болно гэсэн үг юм.

Арьсны pH хэмжээ яагаад алдагддаг вэ?

Арьсны pH алдагдахад нарны гэрэл, орчин тойрны бохирдол, хоол хүнсний хэрэглээ, цаг уурын өөрчлөлт, pH өндөр заалттай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх гээд олон хүчин зүйл нөлөөлдөг.

Тэр дундаа нүүр цэвэрлэгч саван, хөөс, тоник зэрэг арьс арчилгааны эхний алхмын бүтээгдэхүүнүүд рН-ийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал байр суурь эзэлдэг. Тиймээс хэрэглэж буй бүтээгдэхүүний найрлагад спирт зэрэг рН хэмжээг алдагдуулах бодис байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй болохыг арьсны мэргэжилтнүүд зөвлөсөн юм. Нүүр цэвэрлэгч саван ба хөөсний pH өндөр байх тусам арьсыг гэмтээн арьс арчилгааны дараагийн шатны бүтээгдэхүүн болох эссенс, серум, чийгшүүлэгч тосны үйлчилгээг бууруулж байдаг.

Гэхдээ сүүлийн үед гоо сайхны брэндүүд Low pH болон Balancing pH гэх заалттай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгодог болсон тул хэрэв таны хэрэглэж буй саван арьсыг хуурайшуулж, таталдуулах мэдрэмж өгч байгаа бол Low pH болон Balancing pH гэх заалттай бүтээгдэхүүнээс сонголтоо хийгээрэй. Түүнчлэн нүүрээ цэвэрлэсний дараа тоник, эссенсийг хэрэглэх нь pH-ийн тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлдэг.

Мөн арьсаа гуужуулах болон арьсандаа нэмэлт тэжээл өгөх зорилгоор AHA, BHA, C амин дэм, ретинол зэрэг хүчиллэг найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэж байгаа нөхцөлд pH тэнцвэржүүлэгчтэй тоник зайлшгүй хэрэглэх шаардлагатай.

Low pH болон Balancing pH заалттай бүтээгдэхүүнүүд:

 

Buro.Mongolia

2020-04-03, 16:31