Үсний хагаасаа хэрхэн салах вэ?: Мэргэжилтний зөвлөгөө


Үсний хаг ямар ч насны хэнд ч тохиолдож болох асуудал бөгөөд жижиг зүйл мэт боловч амьдралын чанарт нөлөөлж чадахуйц тавгүйтэл дагуулдаг. Бид энэ талаар арьс, үсний эмч Альбина Хохловагаас асуулаа. Тэрээр хаг үүсгэдэг шалтгаан, үүнээс хэрхэн ангижрах талаар Buro.-гийн уншигчдад зөвлөж байна.


Хаг гэж юу вэ? Ямар шалтгааны улмаас үүсдэг вэ?

Хаг гэдэг нь хуйхнаас гуужсан үхэжсэн арьс бөгөөд хуйх загатнах, хуурайших, улайх, мөн тосны булчирхай хэт ачаалах үр дагавартай байдаг. Хаг үүсгэдэг шалтгаануудын нэгт үс болон хуйхны буруу арчилгаа ордог бөгөөд үүнд хэт их давтамжтай угаах, эсрэгээрээ цөөн тоогоор угаах, аль эсвэл химийн хүчтэй найрлагатай бүтээгдэхүүн урт хугацаагаар ашиглах зэрэг багтана. Үүнээс гадна хүрээлэн буй орчны өөрчлөлт хагтах шалтгаанд тооцогддог. Жишээ нь хуурай уур амьсгалтай газраас өндөр хэмийн дулаан болон чийглэг газар луу орчин сэлгэхэд хаг үүсэх нөхцөл бүрдэх боломжтой. Түүнчлэн зарим тохиолдолд хаг нь дааврын өөрчлөлт, удамшил, эсвэл псориаз, себорей дерматит гэхчлэн арьсны өвчлөлөөс улбаалах нь бий.

Эмчилгээний хувьд хаг үүсэхэд нөлөөлсөн шалтгаанаас үүдэн харилцан адилгүй байх бөгөөд дан ганц гэрийн нөхцөлд бэлтгэсэн бүтээгдэхүүнээр анагаана гэдэг боломжгүй зүйл. Тиймээс таны оношийг оновчтой тогтоож, тохирох эмчилгээг бичиж өгөх мэргэжилтнээс зөвлөгөө аваарай.

Эмчилгээг тань эрчимжүүлэхэд туслах 7 зөвлөгөө

Хаг үүсэж эхлэхэд хүмүүс ихэвчлэн эмчид хандахаасаа урьтаж асуудлыг бие даан шийдэхийг хичээдэг. Ингэхдээ зориулалтын шампунь, серум болон цацлага худалдан авч хэрэглэх нь бий. Угтаа бол эдгээр бүтээгдэхүүн нь үндсэн эмчилгээний дараа үр дүнг хадгалахын тулд хэрэглэдэг ердөө туслах зориулалттай зүйлс гэдгийг санаарай.

1. Арчилгаандаа өөрчлөлт оруулаарай. Үсний бигуди, чанга боолт ашиглах болон үсээ их давтамжтай самнах үйлдлийг арчилгаанаасаа хасах хэрэгтэй.

2. Үс болон хуйхаа өндөр хэмийн халалтаас хамгаалаарай. Үүний тулд халуун ус, сэнс ашиглахаас зайлсхийх шаардлагатай. Мөн үсний индүүг аль болох бага ашиглавал зохино.

3. Хуйх руу агаар нэвтэрч байх ёстойг санаарай. Үсний алчуур, парик зэрэг агааржуулалт хаасан эд хэрэглэл тогтмол хэрэглэхээс зайлсхийж, мөн үсээ дээш шууж, эсвэл боохгүйгээр аль болох задгай тавихыг хичээгээрэй.

4. Зуны улиралд, эсвэл халуун оронд амьдардаг бол нарны шууд тусгалаас үсээ хамгаалаарай.

5. Эмчилгээний үеэр үсний будаг, цайруулагч зэргийг ашиглахгүй байх нь хүссэн үр дүндээ хүрэхэд тусална. Будагч бүтээгдэхүүнд агуулагддаг бодис хуйхны арьсыг үрэвсүүлж, хагийн асуудлыг улам хүндрүүлэх шалтгаан болдог.

6. Үрэвсэл болон загатнааны эсрэг үйлчилгээтэй маск, тос, цацлага хэрэглэхэд зохимжтой. Тухайлбал, гаа, розмарин, хус болон алтан товч цэцгийн ханд энэ төрлийн үр ашигтай байдаг.

7. Хооллолтдоо өөрчлөлт оруулах нь мөн л эмчилгээг түргэсгэх аргуудын нэгт тооцогддог. Нүүрс усны хэрэглээгээ бууруулж, цайр болон ханаагүй тосны хүчлээр баялаг хүнс хоолны дэглэмдээ оруулаарай. Мөн эмч танд нэмэлтээр зарим амин дэм уухыг зөвлөж болзошгүй.

Buro.Mongolia

2024-07-15, 15:00