Сормуусны будгаа зөв сонгох нь: Ямар хэлбэрийн багс ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

Багсны хэлбэрт анхаарлаа хандуулаарай

Орчин үед гоо сайхны брэндүүд маш олон төрлийн сормуусны будаг танилцуулах болсон тул тэдгээрээс өөрт хэрэгцээтэйг сонгоно гэдэг хүндхэн даалгавар билээ. Хэрэв та ямар төрлийн сормуусны будаг сонгохоо мэдэхгүй байвал сормуусны будаг дээрх тайлбараас гадна багсны хэлбэрт анхаарлаа хандуулахыг бидний зүгээс санал болгож байна. 

Сормуусаа уртасгахыг хүсвэл

Үслэг багснаас илүү силикон багснууд сормуусыг урт харагдуулах үйлчилгээ үзүүлдэг ба сормуусыг хооронд нь жигд салгаж өгдөг. Benefit брэндийн "BADgal BANG!" будаг хамгийн шилдэг уртасгагчтай будгаар нэрлэгддэг бөгөөд сормуусыг хооронд нь наалдуулахгүй, бөөгнөрүүлэхгүй гэдгээрээ онцлог.

Сормуусаа өтгөрүүлэхийг хүсвэл

Сормуусаа өтгөн харагдуулахыг хүсч байвал өргөн конус хэлбэрийн, шигүү үстэй сормуусны будаг сонгоорой. Dior брэндийн "Diorshow Pump 'N' Volume" болон Maybelline брэндийн "Colossal Big Shot" сормуусны будгууд ийм хэлбэрийн багстай ба өтгөн гаралттай гэдгээрээ давуу талтай.


Сормуусаа дэрвийлгэхийг хүсч байвал

Benefit брэндийн "Roller Lash" сормуусны будагтай ижил муруй хэлбэрийн багс нь ямар ч төрлийн сормуусыг маш сайн дэрвийлгэж чаддаг. Түүнчлэн ийм төрлийн хэлбэртэй багс сонгохдоо усны хамгаалалттай будаг авах нь зүйтэй. Ингэснээр сормуус дэрвэгэр байдлаа илүү удаан барьдаг.


Богино сормуусанд зориулсан багс

Нүдний уг хэсэгт байрлах богино, шингэн сормуусыг энгийн багсаар будах үед хоорондоо наалдах, будаг хэт их түрхэгдэх гэх мэт асуудал үүсдэг билээ. L'Oréal брэнд уг асуудалд зориулан нугардаг багстай Unlimited Pro Volume Bendable будгаа танилцуулаад байна. Уг будгийн багс 45 градусаар нугардаг учир нүдний булан дахь сормуусыг төвөггүй будах боломжтой.

Хиймэл сормуус наасан мэт харагдахыг хүсч байвал

Тод будалтад дурладаг бүсгүйчүүд элсэн цаг мэт хэлбэрийн багстай сормуусны будгийг туршаад үзээрэй. Учир нь ийм төрлийн багс сормуусыг уртасгаж, дэрвийлгэхдээ хамгийн шилдэг нь. Too Faced брэндийн "Better Than Sex" болон Rimmel-ийн "Wake Me Up" гэх будгууд элсэн цаг хэлбэрийн багстай билээ.

 

Buro.Mongolia

2019-01-14, 17:26