Залуу насны гоо үзэсгэлэн
Өсвөр насны охид нүүрээ будах нь зөв үү? Эмэгтэй хүн бүр гоо үзэсгэлэнгээ тодотгохыг хүсдэг учир нүүрээ будах нь мэдээж буруу зүйл биш юм. Гэхдээ нүүр будалтын ертөнцөд дөнгөж хөл тавьж буй залуу охид юуг анхаарах хэрэгтэй бол?
Эмэгтэйчүүд бидэнд байгалиас заяасан гоо зүйн өндөр мэдрэмж байдаг. Багаасаа л Барбитай найзалж, гүнжийн дүрд хувирахыг хүсч, ээжээрээ хумсаа будуулах дуртай байсан шүү дээ. Нүүрний будаг гэж юу болох, аль будгийг хаана түрхэх талаарх мэдлэгийг балчир наснаасаа эхлэн цуглуулсан бид өсвөр насандаа ирээд тэрхүү сонирхолтой мэдлэгээ практикт хэрэгжүүлэхийг хүсдэг. Тэр тусмаа технологи өндөр хөгжсөн өнөө үед өсвөр насны охин бүр олон нийтийн сүлжээгээр Кайли Женнер, Ким Кардашьян гэх зэрэг төгс эмэгтэйн хуурамч төрхөнд автах болсон. Охид нүүр будалтын ачаар яг тэдэн шиг "төгс" эмэгтэй болж чадах болов уу хэмээн сонирхдог билээ.
Хамгийн гол нь өөрийнхөөрөө байж, дотоод ертөнцөө илэрхийлэх төрх бүрдүүлээрэй
Нүүр будалтын ертөнцөд шинээр хөл тавьж буй өсвөр насныханд мэдээж хэрэг туршлага гэж үгүй. Тиймээс тэд эргэн тойрны загварын сэтгүүл, гоо сайхны нэвтрүүлэг, аль эсвэл ангийн охидынхоо өгөх зөвлөгөөг сонсож, эцэст нь будгаа "хэтрүүлж", 16-тай хэрнээ 25-тай мэт харагдах тохиолдол цөөнгүй. Мэдээж хэрэг хүн бүр өөрийн гэсэн хэв маягтай, өөрийн гэсэн үзэл бодолтой учир энэ сэдвээр тодорхой нэгэн дүрэм заах боломжгүй. Хамгийн гол нь өөрийнхөөрөө байж, дотоод ертөнцөө илэрхийлэх төрх бүрдүүлээрэй.
Гэхдээ бид бүгд хөгширдөг. Хөгширсөн хойноо илүү залуу харагдахыг хүссэндээ ямар ч сонголтгүйгээр будаг хэрэглэх шаардлага гардаг. Тийм учир залуу насандаа байгалийн гоо сайхнаараа гоёх нь сайхан биш гэж үү? Тэгээд ч сүүлийн үеийн загварын тайз, брэндүүдийн сурталчилгаа, томоохон арга хэмжээнүүдийн улаан хивсэн дээр аль болох байгалийн будалттай охид бүсгүйчүүд үзэгдэх болсныг бүгд анзаарсан биз ээ.
Тэгэхээр ердөө л өөрийн төрөлх гоо үзэсгэлэнгээ хөнгөн будалтын ачаар бага зэрэг тодотгож, насандаа харагдах нь зүйтэй гэж бид үзлээ.
Арьсаа хайрлах нь
Paula's Choice арьс арчилгаа ба гоо сайхны брэндийн үүсгэн байгуулагч, арьс арчилгааны талаар 20 гаруй ном бичсэн Паула Бегоны зөвлөж буйгаар өсвөр насны залуу арьсанд аль болох суурь крем түрхэхгүй байх нь зүйтэй аж. Эс тэгвээс арьсны нүх бөглөрч, батгажилт үүсэх магадлалтай. Тиймээс жижиг өө сэвээ дарахын тулд өө дарагч (concealer) хэрэглэхийг санал болгож байна. Өө дарагчийг арьсандаа түрхэхдээ багсаа тогтмол цэвэрлэж, бас гараа угааж байгаарай. Хамгийн гол нь арьсандаа аль болох хөнгөн бүтэцтэй, non-comedogenic гэсэн заалттай бүтээгдэхүүн ашиглах хэрэгтэй. Түүнчлэн арьсаа нарны хэт ягаан туяанаас хамгаалахын тулд SPF агуулсан тос түрхэхээ мартуузай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт