Та ч бас чадна
Анжелина Жоли, Женнифер Лопез, Николь Кидман, Гвинет Пелтроу гээд бидний хайртай жүжигчин бүсгүйчүүд гоо үзэсгэлэнгээ хадгалахын тулд хэрхэн амьдардагийг эндээс уншаарай
Нас бол зүгээр л тоо гэдгийг бид аль эрт л ойлгосон ч энэ нь үнэхээр үнэн үг юм гэдгийг сүүлийн үед тов тодорхой харах боллоо. Орчин үеийн бүсгүйчүүд огтхон ч нас нэмэхээ байчихав уу, эсвэл манай дэлхий дээр Бенжамин Баттоны хачирхалтай түүх өрнөөд байна уу? Холливүүдын хамгийн үзэсгэлэнтэй, амжилттай яваа тэргүүн зэргийн бүсгүйчүүд ихэнх нь 40 гарсан настай гэдгийг та бүгд мэдэх үү? Женнифер Лопез (46), Николь Кидман (48), Анжелина Жоли (41), Гвинет Пэлтроу (43), Кейт Бланшетт (47), Женнифер Анистон (47), Кейт Бекинсейл (42), София Вергара (43), Жулия Робертс (48), Шарлиз Терон (40) гээд л энэ жагсаалт маш урт үргэлжлэх болно. Саяхан бид эмэгтэй хүний 40 насыг 30-тай адилтгадаг байсан бол, сүүлийн үед сайн ген ба төгс арьс арчилгааны үр дүнд 40 настангууд 20-той мэт харагдаж байна. Эдгээр бүсгүйчүүд нас нэмэх тусам улам үзэсгэлэнтэй, улам сайхан бие галбиртай болж байна. Бид гоо сайхны хагалгаагаа хэтрүүлчихсэн, инээмсэглэж ч чадахаа байсан бүсгүйчүүдийг биш, харин байгалийн гоо үзэсгэлэнтэй, өөрийгөө хамгийн шилдгээр арчилж, гоо үзэсгэлэнгээ авч үлдэж чадсан гайхамшигт бүсгүйчүүдийг онцолж байгаа юм.
Урьд өмнө нь бид эмэгтэй хүнийг тодорхой насанд хүрмэгцээ гоо үзэсгэлэнгээ бага, багаар гээдэг тул "хөгшрөлтийн шинж тэмдгээ" нуун дарж амьдрах хэрэгтэй болдог гэх хамгийн хуучинсаг үзэл бодолтой тулгардаг байлаа. Ахимаг настай эмэгтэй хүн цагаан үсээ дарахын тулд аль болох бараан өнгөөр үсээ будаж бас богино тайралт хийлгэж, суларсан галбираа нуухын тулд илүү даруухан бас битүү хувцас өмсөж, мөн хөгшрөлтийн улмаас үүссэн үрчлээсээ далдлахын тулд илүү зузаан нүүр будалт хийж эхэлдэг гэх ойлголт нийгэмд хаа сайгүй л байсан. Харин өнөөдөр бүсгүйчүүд тэдгээр утгагүй үзэл санааг ор мөргүй устгаж байна. Тэд илүү өтгөн бас хөвсгөр үстэй, илүү чанга бас гуалиг бие галбиртай, илүү сайхан арьстай болж байна.
Тэгэхээр байгалийн гоо үзэсгэлэнтэй, мөнхийн залуу харагдах нууц юунд оршиж байна вэ? Бид дээр дурдсан зарим алдартнуудын арьс арчилгаа болон фитнессийн нууцыг судлаж, танд хэрэгтэй зөвлөмжүүд бэлдлээ.
Женнифер Лопез
Женнифер Лопезын хувийн цаг урагшаа биш, харин хойшоогоо хөдөлдөг байх өндөр магадлалтай. Түүний тоон нас нэмэгдээд байгаа атлаа түүний арьс ба бие галбир улам л залуужаад байх шиг санагдах юм. Үзэсгэлэнт дуучин бас жүжигчин бүсгүй энэ оны нэгдүгээр сард NBC сувгийн Today нэвтрүүлэгт оролцохдоо өөрийн мөнхийн залуу төрхийн нууцыг дэлгэж, шүтэн бишрэгчдээ баярлуулаад авсан. "Би залуу байхаасаа л наранд биеэ шардаггүй байсан. Түүнчлэн би анхнаасаа л спиртийн агууламжтай шингэн уудаггүй, тамхи татдаггүй байсаар ирсэн. Ялангуяа каффейны агууламжтай бүтээгдэхүүн огт хэрэглэдэггүй. Энэ нь биднийг нас нэмэх тусам арьсанд маш муугаар нөлөөлдөг зүйл юм шүү дээ. Хоол хүнсний хувьд гэвэл би маш их хэмжээний ногоон өнгөтэй ногоо иддэг. Хэрээ нүд, Брусселийн байцаа, брокколи, буржгар байцаа зэргийг гэр бүлээрээ тогтмол хэрэглэдэг. Гэхдээ үнэндээ бидний гаднах төрх дотоод сэтгэлээс хамаардаг юм шиг надад санагддаг. Бид дотроо хэн болох, өөрсдийгөө яаж мэдрэх нь бидний гадаад төрхөөр илэрдэг" хэмээн Женнифер Лопез ярьсан байна. Түүнчлэн тэр өдөрт 20 минутын турш бясалгал хийж, өдөр бүр арван цаг унтаж амрахыг хичээдгээ нэмж хэлсэн юм.
Женнифер Анистон
Хүн бүрийн сэтгэлд хоногшсон Friends цувралын Рэйчел буюу Женнифер Анистон 1990-ээд оны гоо сайхны жинхэнэ шүтээн байсан. Тэр цаг үеэс хойш бараг хоёр арван жил өнгөрөөд байгаа ч Анистон одоо хүртэл байгалийн гоо үзэсгэлэнтэй, залуухан хэвээрээ байна. Тэр энэ оны гуравдугаар сард Vogue сэтгүүлд ярилцлага өгөхдөө "Өөрийгөө ба өөрт оноогдсон зүйлээ хайрлаж, арчлах хэрэгтэй. Энэ нь бидэнд оноогдсон цорын ганц бие шүү дээ. Тэгэхээр бид юу идэж, ууж, хэрэглэж байгаагаа сайтар анхаарч байх нь зүйтэй. Миний хувьд сайн унтаж амрах нь бас их хэмжээний ус уух нь хамгийн чухал. Ингэснээр арьс байгалиасаа гэрэлтэж, сайхан болдог" гэж өгүүлсэн. Түүнээс мөн ямар хоолны дэглэм баримтлаж, ямар дасгал хийдгийг нь асуухад "Би маш эрүүл хооллодог. Тухайлбал өглөөний цайндаа би бэрсүүт жүрж, овьёосны кааш, буйлсны сүү болон жимсгэнэ иддэг. Харин дасгалын хувьд гэвэл гүйх бас йогагаар хичээллэх дуртай. Ерөнхийдөө олон төрлийн дасгалыг хооронд нь хольж хичээллэдэг. Ингэснээр хүний бие нэг төрлийн зүйлд дасалгүй, хувирамтгай болдог юм" гэж хариулжээ.
Гвинет Пэлтроу
"Оскарын" шагналт үзэсгэлэнт жүжигчин өөрийнхөө эрүүл амьдралын хэв маягаараа алдартай билээ. Тэр эко гаралтай арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж, цавуулаггүй дэглэм баримталж, ихэвчлэн бүхэл үрийн хүнс идэж, нэмэлт амин дэм хэрэглэх дуртай юм. Тэр энэ оны гуравдугаар сард Into The Gloss сэтгүүлд ярилцлага өгөхдөө өөрийнхөө эрүүл амьдралын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. "Би өглөө бүр 6:30-д сэрж, хүүхдүүдээ бэлтгэж, сургуульд нь хүргэж өгдөг. Дараагаар нь заавал ч үгүй gym-д хичээллэдэг. Би ихэвчлэн cardio дасгалууд хийж, маш ихээр хөлөрдөг. Хөлрөх нь биеэс хорт бодисуудыг гадагшлуулж, арьсанд маш эерэгээр нөлөөлдөг. Арьс арчилгааны хувьд гэвэл би гуужуулагч бас тэжээлийн шингэн тосны үнэнч фэн юм. Харин үсэндээ би аль болох бага хүрэхийг боддог. Үсээ угаасныхаа дараа өөрөөр нь хатааж, халуун ууртай индүү хүргэхгүй байхыг хичээдэг. Эцэст нь хатсан үсэндээ үс бэхжүүлж хамгаалах үйлчилгээтэй шингэн тос зөөлөн түрхээд л гэрээс гардаг даа" хэмээн Гвинет Пэлтроу өдөр тутмынхаа дэглэмээс хуваалцжээ.
"Үнэндээ бидний гаднах төрх дотоод сэтгэлээс хамаардаг. Бид дотроо хэн болох, өөрсдийгөө яаж мэдрэх нь бидний гадаад төрхөөр илэрдэг"
Мэдээж хэрэг бидний харж, биширдэг алдартнууд гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдэхийн тулд маш их хэмжээний мөнгө зарцуулж, мэргэжилтнүүдийн туслалцаа авдаг нь нууц биш юм. Гэхдээ яагаад зарим алдартнууд дөнгөж 20 настай атлаа 40 хүрсэн мэт харагдаж, харин зарим нь эсрэгээрээ 40 настай атлаа 20-той мэт харагдаж байна вэ?
Хамгийн гол нууц нь эрүүл амьдралын хэв маягт оршиж байгаа юм. Эрүүл хооллож, тогтмол хөдөлгөөнтэй байх нь биднийг ихэнх өвчнөөс сэргийлж, залуу бас үзэсгэлэнтэй харагдахад тусална. Дээрх бүсгүйчүүдийн өдөр тутмын дэглэмээс дүгнэлт хийвэл юуны түрүүнд бүтэн нойр авч байх нь хамгаас чухал юм. Дараагаар нь хангалттай их ус ууж, арьсаа чийгшилтэй байлгах хэрэгтэй. Мөн хэрвээ та эрт хөгшрөхөөс сэргийлж байвал эртнээс муу зуршлуудаа хаях хэрэгтэй. Спиртийн агууламжтай бүтээгдэхүүнээс татгалзаж, тамхи татахгүй байхыг хичээгээрэй. Эцэст нь хэлэхэд орчин үед бүх зүйл боломжтой болсон тул бүсгүйчүүд бүгдээрээ хичээл зүтгэл гаргаж, нас бол ердөө л тоо болохыг өдөр бүр батлаж амьдарцгаая.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт