Белла Хадид үзэсгэлэнтэй харагдахын тулд ямар арга хэмжээ авдаг вэ?

Модель бүсгүй онгоцонд нисэхдээ хэрхэн арьсаа арчилдаг мөн ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг талаар

Загвар өмсөгч Белла Хадид маш шахуу хуваарийн дагуу ажилладаг. Тэрээр сард бараг арав гаруй удаа онгоцонд нисэх шаардлагатай болж, заримдаа бүр гэртээ харьж амжилгүй нислэг хооронд амьдарч байгаа мэт санагддаг гэнэ. Белла саяхан Их Британийн Vogue сэтгүүлд ярилцлага өгөхдөө энэ их ажлын хажуугаар хэрхэн арьсаа арчилдаг, мөн үзэсгэлэнтэй харагдахын тулд ямар арга хэмжээ авдгаа хуваалцжээ.

Беллагийн гэрэлтсэн арьсны нууц юуны түрүүнд онгоцонд нисэхдээ арьсаа сайтар арчилдагт оршдог гэнэ. "Би онгоцонд суусан даруйдаа шууд нүүрээ цэвэрлэж, чийгшүүлдэг. Серум болоод шөнийн тосыг үргэлж бэлэн авч явдаг юм. Энэ бүгдийг түрхсэний дараагаар аль болох унтахыг хичээж, сэрмэгцээ дахин нүүрээ цэвэрлэж, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ түрхдэг" хэмээн Белла дэлгэрэнгүй тайлбарласан байна.



"Түүнчлэн би эфирийн тос болон болор чулуунуудаа үргэлж биедээ авч явдаг. Миний хувьд онгоцон дотор зөв энерги үүссэн байх нь их чухал. Учир нь заримдаа нислэгийн үеэр би айдаст автаж, сандардаг юм" гэж Белла нэмж хэлжээ. Тэрээр хувийн цуглуулгынхаа болор чулуунуудыг нислэгийн өмнө заавал "цэнэглэж" онгоцон дотор яг л гэртээ байгаа мэт тайван уур амьсгалтай байхыг зорьдог байна. Ерөнхийдөө уулын болор, ягаан кварц, номин ба нил ягаан болор чулуунуудыг ихэнх алдартнууд унтлагын орныхоо дэргэдэх шүүгээн дээрээ тавин унтах дуртай байдаг билээ.

Харин өдөр тутмынхаа амьдралд Белла нүүрээ будах нь маш ховор бөгөөд тусгай арга хэмжээ, үдэшлэгүүдэд зориулан өвөрмөц будалт хийх дуртай байдаг. Тэрээр утсан дээрээ үе, үеийн алдартнуудын гоёмсог үс засалт ба нүүр будалтуудын зургийг хадгалдаг ба аль болох олон төрлийн төрх туршиж үзэхийг хүсдэг аж.

"Маникюр хийлгэнэ гэдэг миний хар дарсан зүүд. Ер нь хумсаа арчлах нь надтай огтхон ч нийцдэггүй зүйл юм шиг ээ" хэмээн Белла ярилцлагынхаа үеэр онцолсон байна. Загвар өмсөгч мөн саяхан кофеноос бүр мөсөн татгалзжээ.

Buro.Mongolia

2018-06-06, 12:00

  • Зураг: