Christian Louboutin гоо сайхны салбарыг байлдан дагуулсаар

Энэ удаад уруулын будгаар

Гутлын мэргэжилтэн Кристиан Лубутен өнгөрсөн жил хумсны будгийн цуглуулгаа амжилттай танилцуулж нэлээд сайшаал хүртсэн тул энэ удаад уруулын будаг гаргахаар шийджээ

Хумсны будгийн цуглуулгад брэндийн бэлэг тэмдэг болсон улаан өнгө гол баатар байсан. Харин энэ удаад шинэхэн уруулын будгийн цуглуулга нь маш олон төрлийн өнгөтэй гарчээ.

Намрын шинэ цуглуулгыг бүтээхэд загвар зохион бүтээгч маань Вавилоны хаант улсын үзэсгэлэн гоогоос шинэ санаа авчээ. Ингэснээр уруулын будгийн гаднах дизайнд тэр үеийн архитектур шингэж, алтлаг өнгөтэй конус маягийн гуурс хэлбэрийн савалгаатай болжээ. Цуглуулгад улаан, ягаан, улбар шар, нил ягаан гэх зэрэг өнгүүдийн туяатай 38 төрлийн будаг багтсан. "Эмэгтэй хүн цүнх үүрэхэд бид түүний мөр рүү хардаг. Тэр өндөр өсгийт өмссөн бол бид түүний алхааг ажигладаг. Хэрвээ тэд хумсаа будсан байвал бид гарыг нь харж биширдэг. Харин түүний хамгийн мэдрэмтгий бөгөөд үзэсгэлэнтэй уруулыг маш гайхалтай бүтээгдэхүүн чимэх ёстой" гэж Лубутен хэллээ.

Ө.Тодгэрэл

2015-08-08, 11:00

  • Зураг: