Кристиан Диорын амьдарч байсан харш шинэчлэгдлээ

Эргэн ирсэн нь

Dior-ын хамт олон Кристиан Диорын амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрүүлсэн байшинг сэргээн засварлажээ. Үүсгэн байгуулагчийн нандигнан хайрладаг байсан цэцгийн хүлэмж ч бас эргэн ирсэн байна

Францын Грасс хотод байрших La Chateau de La Colle Noire харш нь Dior ордны түүхэнд онцгой байр эзэлдэг. Алдарт үүсгэн байгуулагч Кристиан Диор амьдралынхаа сүүлийн жилүүдийг энэхүү гайхамшигт харшид өнгөрүүлсэн юм. Тэрбээр энэ харшид амьдарч байх хугацаандаа орчин цагийн домогт сүрчгүүд болох Miss Dior, Diorama ба Eau Sauvage нарын найрлагыг сэдсэн байдаг.

Кристиан Диор

Кристиан Диор La Chateau de La Colle Noire-д зургаан жил өнгөрүүлэхдээ харшийн талбайг цэцгийн хүлэмж ба жимсний ургацаар бүрхэж, диваажингийн мэт сайхан орчин бүрдүүлж амжсан. Тэр ойрын ирээдүйдээ байшингуудыг сэргээн засварлах мөрөөдөлтэй байсан ч харамсалтай нь зорилгодоо хүрч чадалгүй таалал төгссөн юм. 

Олон арван жилийн дараа орчин цагийн Dior-ын хамт олон үүсгэн байгуулагчийнхаа сүүлийн хүслийг биелүүлэхээр шийдэж, харшийн талбай болон байшингуудыг шинэчиллээ. Одооноос эхлэн La Chateau de La Colle Noire нь дахин нэг удаа цэцгийн хүлэмжид умбан, загварын ордны сүрчиг бүтээгч нарт бүтээлийн урам хайрлаж байна.

Buro.Mongolia

2016-05-02, 14:00

  • Зураг: