Үсний контуринг: Үс будалтын ачаар нүүрнийхээ хэлбэрийг өөрчлөх аргачлал

Мөн уг чиг хандлагыг харуулсан зураг авалт

Ухаалаг үс будалтын ачаар хэрхэн нүүрнийхээ хэлбэрийг өөрчилж болохыг “Анунгоо Фарм” компани ба Солонгосын мастер үсчин Кваны хамтран зохион байгуулсан зураг авалт харуулна

Шинэ улирал эхлэх бүрт бүсгүйчүүд бид өөрийн эрхгүй гаднах төрхөө шинэчлэхийг хүсдэг. Шинэ хувцас худалдан авах, шинэ төрлийн нүүр будалт сурах, мөн хамгийн гол нь үснийхээ өнгийг өөрчлөх нь бидний хувьд сэтгэл догдлом мөчүүдийн нэг яахын аргагүй мөн билээ. Үс засалт ба будалтын салбарыг сайтар ажиглаад үзвэл өнөө үед бүсгүйчүүд энгийн будалт хийлгэх нь маш ховордсон. Ердөө л үснийхээ өнгийг сэргээгээд болчихдог байсан үе аль хэдийнээ ард хоцорчээ. Одоо бүсгүйчүүд ухаалаг будалт хийлгэдэг болсон. Тэд үснийхээ ачаар нүүрнийхээ хэлбэрийг хүссэнээрээ "өөрчилж", гаднах төрхдөө бодит өөрчлөлт оруулж болохыг ойлгосон. Харин энэхүү зорилгыг биелүүлж чадах цөөн аргачлалуудын нэг бол контуринг будалт юм.

Контуринг гэх үгсийг бид гоо сайхны ертөнцөд нэг биш удаа сонсож байсан. Косметик бүтээгдэхүүний ачаар нүүрнийхээ хэлбэрийг тодотгож, өөгөө дардаг энэ аргачлал нь бага багаар моодноос гарч, одоо үсний салбар луу шилжин орлоо. Байгалийн будаггүй төрх тренд болсон энэ үед үс засалт ба будалтын ачаар нүүрнийхээ хэлбэрийг өөрчилнө гэдэг төгс шийдэл биш гэж үү? Мэдээж хэрэг энэ тохиолдолд нүүрний хэлбэрийг өөрчилнө гэдэг нь оптикийн төөрөгдлийн ачаар бий болох хуурмаг үзэгдлийг хэлж байгаа юм. Гэгээлэг ба бараан өнгийн будгийг нүүрний хэлбэрээс хамааран үсний тодорхой хэсэгт байршуулснаар нүүрний шаардлагатай хэсгийг сүүдэртүүлж, хэлбэрийг нь өөр болгон харагдуулах аргачлалыг контуринг будалт гэж хэлнэ.

2017 оны энэхүү трендийг Монголчуудад илүү дэлгэрэнгүй таниулах зорилгоор Wella брэндийн албан ёсны дистрибютер "Анунгоо Фарм" компани өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд "Wella-Өнгөний Ертөнц 2017" арга хэмжээг Шангри-Ла Moлл-д зохион байгууллаа. М-Си-Эс группийн хамгийн отгон охин компани "Анунгоо Фарм" нь дэлхийн алдарт Wella Professionals, Londa Professional брэндүүд болон Koleston, Illumina, System Professional, Nioxin, Oway гэх мэргэжлийн салоны үс арчилгааны цогц бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирдэг бөгөөд дотоодын үс засалт ба будалтын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулаад олон жил болж байгаа билээ.

"Wella-Өнгөний Ертөнц 2017" арга хэмжээнд Солонгосын мастер үсчин Кван хүрэлцэн ирж, контуринг будалтын онцлогийг бодит жишээ болгон харууллаа. Тэрээр үндэсний загвар өмсөгчдийн үсийг Ази болон Солонгос улсад тренд болж буй шийдлийн дагуу будаж, Монголын үзэсгэлэнт байгалийн фон дээр зураг авалт зохион байгуулсан юм. "Өнгөний хувьд гэрэл сүүдрийн аргачлалыг онцолсон байгаа. Харин тайралтын хувьд хэрвээ өнгөрсөн жил илүү өтгөн, хүнд харагдуулах аргачлал давамгайлж байсан бол, энэ жил хөнгөн бөгөөд дэгжин хэв маягийг санал болгож байна" хэмээн Wellа брэндийн Ази дахь төлөөлөгч, Солонгосын топ артист, VOID салоны захирал ноён Кван зураг авалтын талаар хуваалцсан юм.

Горхи-Тэрэлж байгалийн цогцолборт газарт зохион байгуулагдсан энэхүү зураг авалтад үндэсний брэндүүд оролцож, Монголын үзэсгэлэнт байгальтай төгс уусах загваруудаа дэлгэлээ. ГОЁО брэндийн сар шинийн цуглуулгад багтсан зураач С.Заяасайханы бүтээлийг шингээсэн кардиган цамц загвар ба дүрслэх урлагийн гайхалтай нэгдлийг илтгэж, тансаг төрх бүрдүүлнэ. Үндэсний хээ угалзыг орчин үеийн дизайнд оруулдаг Siilen Goo маркийн хүзүүний зүүлтүүд энэ оны том хэмжээтэй аксесуарын трендийг гэрчилж, хувцаслалтад өнгө нэмнэ. Мөн өндөр чанар, өвөрмөц загвараараа алдаршсан Trippen брэндийн гутлууд хөлд эвтэйхэн атлаа дахин давтагдашгүй хувцаслалтын элемент болж хувирсныг дараах зургуудаас олж харах боломжтой.

Стилист: Б.Амина
Үс засалт: Мастер Кван

Ө.Тодгэрэл

2017-06-30, 11:00