Гоо сайхны ухаалаг төхөөрөмжүүд: Батганы эсрэг LED гэрэлтэй маск, цахилгаан спонж болон бусад

Өндөр технологи бүхий төхөөрөмжүүд

Phytosial брэндийн AirBrush

Саяхан Францын пептид бүтээгдэхүүний Phytosial брэнд AirBrush нэртэй гэрийн нөхцөлд мезотерапи хийх зориулалттай нэгэн шинэ төхөөрөмж танилцуулсан байна. Гэхдээ мэдээж хэрэг энэ төхөөрөмж нь ямар нэгэн тариургүй гэдгээрээ онцлог болжээ. AirBrush-ын ерөнхий концепцийг тайлбарлахад тун хялбар. Ерөнхийдөө энэ нь спрей хэлбэрийн хошуутай, сарниулагч төхөөрөмж юм. Арьсны нүхийг нээж, цэвэрлэхийг хүсвэл төхөөрөмжийг эхлээд усаар цэнэглэж болно. Харин шаардлагатай цэвэрлэгээгээ хийсний дараагаар брэндийн санал болгох 14 төрлийн серумийн аль нэгийг нь сонгон, төхөөрөмжийнхөө ачаар арьсны гүн рүү нэвтрүүлэх хэрэгтэй. Ингээд л таны арьс шаардлагатай шим тэжээлээ мэргэжлийн түвшинд хүртэх болно.


ZIIP-ийн Nano Current Skincare Device

Энэхүү арьс залуужуулах үйлчилгээтэй төхөөрөмжийг маш олон салбарын шилдэг мэргэжилтнүүд хүчээ нэгтгэн бүтээсэн байна. Төхөөрөмж дээрх төмөрлөг бүтэцтэй массаж хийдэг хэрэгслүүд бага хэмжээний хүчдэлтэй тог дамжуулах бөгөөд энэ нь арьсан дахь коллаген ба эластины үйлдвэрлэлтийг сэргээж өгдөг аж. Уг төхөөрөмжийг тог дамжихад тусалдаг тусгай гелийн хамтаар ашиглаж болно. Nano Current Skincare Device-ийг мөн ухаалаг утастайгаа холбон, арьсныхаа нөхцөл байдлыг тогтмол хянах боломжтой юм.

Clarisonic брэндийн Sonic Foundation Brush

Нүүрний сойзоор алдаршсан Clarisonic брэнд будаг түрхэх зориулалттай Sonic Foundation Brush төхөөрөмжийг худалдаанд гаргалаа. Синтетик утсаар хийгдсэн төхөөрөмжийн зөөлөн багс шингэн ба тослог бүтэцтэй бүхий л бүтээгдэхүүнүүдийг арьсанд түрхэх чадвартай юм. Харин төхөөрөмжийн хамгийн гол зорилго нь төгс уусгалт хийхэд оршино.

Babyliss брэндийн Curl Secret

Babyliss брэндийн энэхүү төхөөрөмж нь хэсэгчилсэн үсийг өөрөө татаж, өөрөө ороох чадвартай юм. Төхөөрөмж доторх эргэдэг өнхрүүш үсийг дулааны нөлөөнд ороож, үр дүнд нь долгиолсон засалт бий болгоно. Халууны хэм ба ороолтын диаметрийг хэрэглэгч өөрөө тааруулах боломжтой аж.

ColorMe брэндийн Liquid Sponge Refill Pack

Суурь крем түрхэх зориулалттай энэхүү цахилгаан спонж нь чичирхийлэх хөдөлгөөний ачаар бүтээгдэхүүнийг арьсны гүн рүү шингээнэ. Өндөр технологи бүхий энэ төхөөрөмж бүтээгдэхүүнийг хэмнэлттэй зарцуулах атлаа нэгэн жигд, гөлгөр бүрхүүл бий болгодог том давуу талтай юм. Уг төхөөрөмжийг өмнө нь Benefit ба Urban Decay-д ажиллаж байсан нүүр хувиргагч Эрик Жименез зохион бүтээжээ.

StylPro-гийн Makeup Brush Cleaner and Dryer

StylPro брэнд мэргэжлийн нүүр хувиргагчид болон сонирхогчдод зориулсан багс цэвэрлэх үйлчилгээтэй шинэлэг төхөөрөмж танилцууллаа. Энэхүү төхөөрөмж нь будгийн багсыг 30 секундийн дотор цэвэрлэх чадвартай юм. Төхөөрөмж багсыг зөвхөн цэвэрлээд зогсолгүй, мөн ариутгаж, хатаах үйлчилгээ нэгэн зэрэг үзүүлнэ.

Me Power брэндийн Me Bright Eye Illuminating Device

Нүдний доорх хар хүрээтэй тэмцэх зориулалттай Me Bright Eye Illuminating Device нь арьсан дахь коллагены үйлдвэрлэлтийг эрчимжүүлж, цайруулах үйлчилгээ үзүүлэх зарчмаар ажилладаг. Төхөөрөмжийг өдөр бүр, таваас арван минутын хугацаанд нүдээ аньснаар ашиглах боломжтой юм.

Neutrogena брэндийн Light Therapy Acne Mask

Энэхүү маск нь арьсан дээрх үрэвсэл ба батгатай тэмцэнэ. Төхөөрөмжийн дотор хэсэг цэнхэр ба улаан чийдэнгүүдээр бүрхэгдсэн бөгөөд энэ нь нян устгах, үрэвсэл дарах, арьс тайвшруулах үйлчилгээ үзүүлэх юм. Ерөнхийдөө уг төхөөрөмжийг гоо сайхны салонуудад хийгддэг LED эмчилгээтэй харьцуулж болно.

Temptu брэндийн Air

Шингэн бүтэцтэй косметик бүтээгдэхүүн түрхэхэд зориулагдсан Air төхөөрөмжийг дэлхийн шилдэг нүүр хувиргагчид аль хэдийнээ ашиглаад эхэлсэн. Энэхүү төхөөрөмж нь суурь крем, хацар өнгөлөгч, бронзер ба хайлайтер гэх зэрэг шингэн бүтээгдэхүүнүүдийг спрей хэлбэрээр цацаж, маш нимгэн ба жигд бүрхүүл бий болгоно.

Buro.Mongolia

2017-05-08, 15:00

  • Зураг: