Яг одоо туршиж үзэх хавар-зун 2022 улирлын гоо сайхны трендүүд

Салбарын мэргэжилтнүүд эдгээр чиг хандлагуудад анхаарал хандуулж байна

Дэлхийн хэмжээний загварын шоунуудад ажилладаг мейкап артист, үс засалтын стилистүүдийн ажлуудаас сонирхъё.

Загвараар амьсгалдаг жил бүрийн есдүгээр сард шинэлэг, сонирхолтой хувцас болон загварын шийдлүүд нэвтэрснээс гадна анхаарал татсан нүүр, будалт, үс засалтын арга, техникүүд бий болжээ. Тухайлбал, Парис хотын загварын долоо хоногийн хүрээнд Givenchy, Acne Studios брэндүүд гялалзсан уруул, урт, мушгирсан сормуус, тод неон үсний засалтыг харуулсан бол Миланд зохион байгуулагдсан загварын шоунд 1990, 2000-аад оны шулуун үс, бандана, шүр, саа зэрэг дурсамж сэргээсэн төрхүүд зонхилсон юм.

Сүлжсэн үсний засалт

Нийт зохион байгуулагдсан загварын шоунуудад хамгийн түгээмэл харагдсан төрх бол сүлжсэн үс засалт билээ. Тухайлбал, Английн Erdem ордны цуглуулга дээр ажилласан үсний стилист Ларри Кинг доор сүлжиж, үзүүрийг нь бантиклан боосон засалтыг харуулж, харин Altuzarra 90-ээд онд моданд орж, тэр дундаа тухайн үеийн хиппичүүдийн дурладаг байсан хоёр хувааж сүлжсэн стилийг толилуулсан юм.

Гранж хэв маяг

Гранж хэв маягийг тодорхойлох гол шинжүүд нь бараан өнгийн уруул, матт суурь, смоки нүдний будалт билээ. Тэгвэл хавар-зун загварын долоо хоногт оролцсон артистууд зөвхөн эдгээр шаардлагуудад хязгаарлагдахгүйгээр тод уруулыг минимал нүдтэй, смоки нүдний будалтыг гялалзсан суурьтай хослуулсан шинэ төрлийн гранж глэм будалтуудыг хийсэн байна. Харин Маrk Fast загварын ордны шоунд зөвхөн эмэгтэйчүүдээс гадна эрчүүдэд смоки будалт хийсэн нь сонирхол татсан юм.

Боб тайралт

2021 оны намар-өвөл болон хавар-зун 2022 загварын долоо хоногийн үеэр зохион байгуулагдсан шоунуудад багагүй харагдсан дараагийн үс засалт бол боб стиль билээ. Жишээ нь, Chanel ордон загварын шоугаа 90-ээд оны хэв маягаар зохион байгуулж, тухайн үед эрэлттэй байсан классик боб тайралтуудыг хийсэн юм. Харин Парис хотод болсон Loewe брэндийн шоун дээр ажилласан үсний стилист Гвидо Палау пастель өнгийн боб засалтыг сонирхуулсан билээ.

Бүх анхаарал нүдэн дээр 

Хэрэв та хэт тод эсвэл хэт минимал будалтаас түр завсарлахыг хүсч байгаа бол сүүлийн үед мейкап артистуудын хэрэгжүүлээд буй энэхүү нүдний будалтыг хийж үзээрэй. Та Givenchy ордны артист Лучия Пьеронигийн Harajuku гудамжны соёлоос сэдэвлэсэн нүдний будалтыг эсвэл Dior брэндийн бүтээлч артист Питер Филипсийн хар болон цагаан өнгийн контур ашиглан хийсэн давхар cat eye будалтыг турших боломжтой.

Цэцгэн чимэглэлтэй үс засалт

Орчин үеийн гоо сайхны салбарт цэцэг чухал үүргийг гүйцэтгэдэг болсон. Мейкап артист, Instagram блогерууд цэцгийн дэлбээг нүд, дух, хацар гээд нүүрний байж болох бүхий л хэсгүүдэд наан загварчилж байна. Тэгвэл энэхүү трендийг хавар-зун 2022 загварын долоо хоногт оролцсон артистууд үргэлжлүүлэхээр шийджээ. Жишээ нь, RIXO ордны бүтээлч стилист Жон Фрида 1960-аад оноос санаа аван сэнсдэж загварчилсан засалтыг цэцэгсээр чимэглэсэн байлаа.

Толгойн алчуур

Versace загварын ордны хавар-зун 2022 цуглуулгад торгон алчуур чухал үүргийг гүйцэтгэсэн билээ. Бүтээлч захирал Донателла Версаче нь даашинз, юбка болон өмдөнд торгон оруулгыг нэмээд зогсохгүй моделиудыг торгон банданагаар гоёсон байсан юм. Түүнчлэн энэхүү чиг хандлагыг дэлгэрүүлэхэд Blumarine, Coperni болон бусад брэндүүд нөлөөлсөн билээ.

Чихний будалт

Collina Strada брэндийн цуглуулгад багтсан жимс, ногооны зурагтай хослолуудаас гадна мейкап артистын загварын шоунд зориулан бүтээсэн гоо сайхны төрхүүд салбарынхны анхаарлыг татсан билээ. Тус брэндийн артист маш энгийн, минимал мейкап хийж, моделиудын чихийг хувцаслалттай нь өнгө дагуу будгаар будсан байлаа. Мөн зөвхөн Collina Strada ч гэлтгүй Chet Lo брэнд ч мөн далайн ёроолоос гарч ирсэн мэт чихний чимэглэлийг урлаж, бүтээлч будалтыг хийсэн байв.

Усанд норсон төрх

Энэ онд зохион байгуулагдсан кино фестиваль, улаан хивсний ёслол болон загварын шоуны тайзыг яахын аргагүй усанд норсон мэт төрхүүд эзэлсэн юм. Тухайлбал, Меган Фокс MTV VMA-д нэвт гэрэлтэх даашинз өмсөж, үсэндээ нойтон эффект өгч зассан бол Зендея усанд норсон мэт харагдах beige өнгийн даашинз болон үсний засалттайгаар Венецийн кино фестивалийн улаан хивсийг чимсэн билээ. Түүнчлэн хавар-зун 2022 загварын долоо хоногийн хүрээнд Miu Miu, Balenciaga, Chloé болон бусад томоохон загварын орднууд тус чиг хандлагыг харуулж норсон хэв маяг моданаас тийм ч хурдан гарахгүйг баталсан юм.

Buro.Mongolia

2021-11-01, 11:25