Z үеийнхэн ба гоо сайхны мэс засал: Тэдний хувьд ямар үйлчилгээ тренд болж байна вэ?
Үнэхээр залуу үеийнхэн гоо сайхны мэс засал хийлгэх нь ихэссэн үү? Хэрэв тийм бол Z үеийнхэн ямар үйлчилгээг илүүтэй сонгож байгаа тухай DMC инновацын анагаах ухааны төвийн гоо сайхны мэс засалч Самвел Петросянцаас тодруулъя.
1997 оноос 2012 оны хооронд мэндэлсэн хүмүүсийг Z үеийнхэн хэмээн нэрлэдэг ба тэд өнөөгийн гоо сайхны мэс заслын салбарт шинэ салхийг оруулаад байна. Өмнө нь гоо сайхны мэс засал залуужуулах, хөгшрөлтийн шинж тэмдгийг арилгах гэх ерөнхий ойлголттой байсан бол өнөө үед өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бататгах нэгэн арга хэрэгсэл болон хувирчээ. Хэрэв милленниалууд хөнөөл багатай, мэсийн бус гоо заслын чиг хандлагыг тренд болгож байсан бол Z үеийнхэн тэрхүү трендийг шинэ түвшинд гаргалаа. Энэ үеийнхэн өөрийн гадаад төрхийг сайжруулах, гоо зүйн төгс төрхөд нийцэхийн тулд анхаарлаа бүрэн хандуулж байна. Тэд нийгмийн сүлжээ голлох үүрэг гүйцэтгэж буй ертөнцөд өссөн учраас цахим орчинд хийгээд бодит амьдрал дээр өөрсдийн гадаад төрхийг үнэлэх, бусад хүмүүс тэднийг яаж хүлээж авч байгааг маш сайн мэддэг.
Залуу үеийнхэн мэсийн болон мэсийн бус аргыг аль, алийг нь ашиглаж хүссэн үр дүндээ хүрэх нь бий. Хамгийн гол нь тэд бие махбодод хөнөөл багатай байхыг, мөн мэс засал хийлгэсэн ч үр дүн нь бусдад “анзаарагдахгүй” байхыг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл тэдний хувьд ямар ч ажилбар хийлгэсэн бай төрөлхийн мэт натурал харагдах нь нэн чухал юм. Сүүлийн үеийн судалгаагаар Z үеийнхэн гоо сайхны янз бүрийн аргыг хэрэглэх нь улам бүр ихсээд байна. Тухайлбал тэд өөрийн царайны онцлогийг тодруулахын зэрэгцээ орчин үеийн трендтэй хөл нийлүүлэн алхахын тулд хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх ботокс, хамрын хэлбэр засах мэс засал, уруул томруулах ажилбар зэрэг үйлчилгээнүүдийг түлхүү хийлгэдэг гэжээ.
Z үеийнхэнд өөрсдийн гадаад төрхийг яаж хүлээж авах тал дээр медиа платформууд ихээхэн нөлөө үзүүлдэг гэж хэлж болно. Учир нь фильтер, зураг засах аппликейшн, байнга нүдэнд өртөх “өөгүй төгс” хүмүүсийн дүрс зэрэг нь энэ үеийнхэнд цахим орчинд болон бодит амьдрал дээр өөрийгөө яаж харагдаж байгааг илүү ухамсартайгаар дүгнэхэд хүргэжээ. Тэд гоо сайхны ажилбаруудыг өөрсдийн бүтээсэн дижитал болон виртуал дүр төрхөд нийцүүлэн гадаад төрхөө өөрчлөх хамгийн сайн арга хэмээн үздэг. Мөн тэд дээрх өөрчлөлтийг өөрийн гадаад төрх хийгээд өөрийгөө үнэлэх үнэлэмжийг удирдах боломж хэмээн хардаг аж. Түүнчлэн гоо сайхны мэс засалд хандах хандлага хүртэл дагаад өөрчлөгдөж, Z үеийнхний хувьд гоо сайхны үйлчилгээ болон мэс засал нь өөрийгөө арчлах энгийн аргуудыг нэг болон хувираад байна. Инфлюнсер болон олны танил эрхмүүд хийлгэсэн үйлчилгээнүүдийнхээ тухай нээлттэй ярьдаг болсноор гоо сайхны мэс заслын тухай сөрөг ойлголтууд харьцангуй багасаж байгаа юм.
Залуу үеийнхний хувьд гоо сайхны мэс засал болон косметологийн сонголтууд нь харилцан адилгүй хэдий ч тэдний дунд түгээмэл байдаг хэд хэдэн онцлох ажилбаруудыг танилцуулъя.
Ринопластик буюу хамрын хэлбэр засах мэс засал
Хамрын мэс засал бүх цаг үед хамгийн эрэлт ихтэй мэс заслуудын нэг байсаар ирсэн. Z үеийнхний дунд ч мөн ялгаагүй. Хамрын тэгш бус хэлбэр, хамрын уг засах, эсвэл хамрын үзүүрийг нарийсгах мэс засал зэрэг нь Z үеийнхний ихэнх төлөөлөгчдийн хувьд нүүрний тэгш хэм болон нүүрний ерөнхий хэлбэрийг сайжруулахад чиглэсэн байдаг аж. Мөн энэ мэс засал нь залуу үйлчлүүлэгчдэд өөрийн төсөөллийн төрхийг бодит болгоход тусалдаг. Огцом өөрчлөлтийг хүсдэг дээд үеийнхэнтэй харьцуулахад Z үеийнхэн илүү натурал харагдахыг илүүд үздэг тул тэд ямар нэгэн хэтрүүлэггүйгээр өөрийн төрхийг сайжруулахыг эрмэлздэг байна. Мэс заслын бус ринопластик нь түр зуурын дүүргэгч ашиглан хамрын хэлбэрийг өөрчилдөг бөгөөд энэ арга ч гэсэн сүүлийн үед тренд болоод байгаа юм. Мэсийн аргыг туршихаас айж, ямар үр дүнд хүрэхээ мэдэхгүй эргэлзэж байгаа бол юун түрүүнд мэс заслын бус аргыг туршиж шинэ төрхийг бүтээж үзэх боломжтой.
Урьдчилан сэргийлэх ботокс
Ихэнх хүмүүс ботокс эмчилгээг үрчлээгээ тэнийлгэх хүсэлтэй ахимаг насныхны хийлгэдэг үйлчилгээ хэмээн боддог. Гэвч Z үеийнхэн энэхүү аргыг урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг болоод байна. Нимгэн үрчлээсийг тэнийлгэхийн тулд нейротоксиныг маш бага тунгаар хийж өгдөг ба 20-с дээш настай үйлчлүүлэгчид залуу насаа хадгалах, хөгшрөлтийн үйл явцыг удаашруулахын тулд тус үйлчилгээг сонгодог. Түүнчлэн ботокс хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ нүүрний хэлбэр засахад ашиглагддаг. Жишээлбэл нүүрийг V хэлбэртэй болгох зорилгоор зажлуурын булчинг суллахын тулд хийж өгнө. Эсвэл илүү цоглог, золбоолог харцтай болохын тулд хөмсгийг өргөж өгөх зорилгоор мөн ботокс эмчилгээг хийж болдог.
Уруул томруулах филлер
Сүүлийн жилүүдэд том, зузаан уруул гоо сайхны чиг хандлагыг тодорхойлж байгаа бөгөөд энэ трендийг Z үеийнхэн ч дагаж байна. Гиалуроны хүчил дээр суурилсан филлер буюу дүүргэлт нь уруулын хэмжээ болон хэлбэрийг өөрчлөхийг хүссэн залуу үеийнхний дунд эрэлттэй байдаг. Энэ үйлчилгээ нь хурдан, хөнөөл багатай бөгөөд агшин зуурын үр дүн үзүүлдэг давуу талтай. Филлер нь тэдний хувьд зүгээр нэг тренд дагах биш харин өөрийн байгалийн гоо үзэсгэлэнгээ сайжруулж, нүүрний төгс гоо зүйд хүрэх ач холбогдолтой юм. Гоо зүй болон байгалийн төрхийн хоорондын тэнцвэрийг хадгалахын тулд залуус зөөлөн бөгөөд цаг хугацааны аясаар удаан хийгээд бага багаар гаднах төрхийг сайжруулдаг аргыг илүүтэйгээр сонгодог.
Нүүрний хэлбэр засах эмчилгээ
Сүүлийн үед нүүрний хэлбэр засах зориулалттай арьсны филлер эмчилгээ түгээмэл болоод байна. Z үеийнхэн шанаагаа илүү тодруулж, эрүүний ясыг тодотгохын тулд эсвэл тэгш хэмтэй нүүрний хэлбэртэй болохын тулд филлер эмчилгээг сонгодог. Мэдээж энэ чиг хандлагыг нийгмийн сүлжээ болон селфи хийх соёл дэлгэрүүлж байна. Залуу үеийнхний гадаад төрх, үзэмж үргэлж олны өмнө шүүгддэг ертөнцөд амьдарч байгаа энэ үед филлер нь түр хугацааны хэдий ч гоо зүйн стандартад нийцэх найдвартай арга болоод байгаа юм.
Бусад арга
Z үеийнхэн арьс арчилгаа, гоо сайхны үйлчилгээнүүдийн эрин үед амьдарч байгаа учраас залуу наснаасаа эхлэн арьсны эрүүл мэнд болон гоо сайхандаа анхаарч лазер, химийн гуужуулалт, бичил зүүн эмчилгээ зэргийг хийлгэдэг болжээ. Лазер болон бичил зүүн эмчилгээ нь коллаген ялгарлыг дэмжиж, сорви, нөсөө толбо, арьсны өнгө, бүтэц гэх мэт асуудлуудыг шийдвэрлэхэд тус болдог. Тэдний хувьд ийм төрлийн үйлчилгээнүүд нь арьсны гэрэлтсэн байдлыг хадгалж, төрөл бүрийн асуудал үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэхийн тулд авч байгаа арга хэмжээ юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт