Урлаг Соёл | Дүрслэх Урлаг & Театр
Барималч Д.Гэрэл
Ойрын хугацаанд Монголын дүрслэх урлагт үзэгдээгүй онцгой баримлууд бүтээсэн барималч Д.Гэрэлтэй уулзаж, түүний бүтээлүүдэд ямар утга агуулга шингэсэн тухай асууж, сонирхлоо
Барималч Д.Гэрэл хоорондоо эрс, тэрс өөр бодгалиудыг билгэдлийн чанараар эвсүүлэн нэгтгэж, Монголчуудын хөгжлийн ганц "Шийдэл" бол эв нэгдэл хэмээн томъёолжээ. Хангарьд ба арслан хоёр агаарт эвсэж нэгэн төрлийн хүчирхэг амьтан бий болсон байгаа шиг хүмүүс бид өөрсдийн онцгой чадвар, зан араншингаа нэгтгэвэл тэдэн шиг дийлдэшгүй болно гэсэн санаа эдгээр бүтээлээс харагдана. Халиу гэгч загасыг иддэг ч эв эеийг хичээвэл тэд зэрэгцэн оршиж болох аж. Дээр нь луу хийгээд бар, матар болон дун нэгдэж ямар сонин, өвөрмөц төрхтэй амьтан бий болсныг харахад сонирхолтой.
Д.Гэрэл 1990 онд тохиосон Монголын нууц товчооны 750 жилийн ойн баярт зориулж бүтээсэн Чингис хааны төрхтэй гурвал баримлаараа алдаршсан уран бүтээлч юм. Чингис хааны дүрийг бүтээхэд албан ёсны дагаж, мөрдөх ёстой дүр гэж үгүй. Хэдийгээр Хубилай хааны зарлигаар Чингис хааны хөргийг зурсан зургийн эх одоо Тайваньд хадгалагдаж байгаа гэж үздэг ч Монгол хүн бүр эзэн хааныхаа дүрийг өөрийнхөөрөө дотроо төсөөлдөг билээ. Уран бүтээлчид ч мөн олон төрлийн дүр бүтээсэн ч тэднээс цөөн хэд нь олны таашаалыг хүртэж чадсан байдаг. Тэгвэл Д.Гэрэл өөрийнхөө бүтээлийн талаар "Олон хүний дотор оршдог зураглалтай миний бүтээлийн төрх ойролцоо болсон байх. Тиймээс л хүмүүс миний бүтээсэн Чингис хааны дүрийг хүлээн зөвшөөрдөг болов уу" гэж ярьлаа.
Түүний бүтээсэн төрхтэй Чингис хааны зураг 1990 оноос хойш олон айлын хойморьт заларч, гадаадын зохиолчдын Монголын талаар өгүүлсэн номны хавтсыг чимж, National Geographic сэтгүүлийн нүүрэнд мөн нийтлэгдэж байв. "Би монгол хүн учраас миний бүтээл манай улсын л өмч. Тиймээс Монголын төлөө гэсэн зүрх сэтгэлээр ашиглах юм бол би сохор зоос ч харахгүй. Харин архин дээр ашиглахыг би эсэргүйцдэг" гэлээ. Түүний бүтээсэн төрхийг хоёр өөр архи шошгондоо зөвшөөрөлгүй ашиглаж байжээ. Мэдээж Д.Гэрэл үүнийг зогсоолгохоор шүүхэд хандсан бөгөөд тэрбээр эхний тохиолдолд ялсан байна.
Уг гарвалаараа Завханы Сартуул овогтой Д.Гэрэл нь уран барималчаас гадна гурван үе дамжсан анчин хүн ажээ. Түүнтэй ан авын тухай, ховор содон амьтадын зан чанар, хүн байгалийн хоорондох шүтэлцээний талаар маш их зүйлсийг ярьж болох авч энэ удаад зөвхөн уран бүтээл дээр нь төвлөрлөө. Тэрбээр 1990-ээд оноос хойш олон жил уул ус, ан амьтантай ойрхон явсан бөгөөд газар газрын өвгөд, хөгшдийн ярианд анхаарлаа хандуулж, уран бүтээлдээ тусгадаг байна. Бидний энэ танилцуулж буй "Шийдэл" бүтээлийн эх санаа хаанаас төрсөн болохыг Д.Гэрэл ингэж ярьж байна.
"Монголчууд бид биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж ярьдаг ч энэ нь бидний ойлгодгоос илүү өргөн утгатай болохыг надад нэгэн хөгшин хэлсэн юм. Одоо бид биеэ засах гэдгийг хүн өөрийгөө хөгжүүлж, боловсруулж, зөв хүн болохыг, гэрээ засна гэдгийг зөвхөн өөрийн өрх гэрээ өөд нь татах, энэ бүхний дараа улс орондоо хүчээ өгөх хэрэгтэй гэж шууд утгаар нь ярьж хэвшсэн. Гэтэл эрт цагт Монголчууд биеэ зас гэж зөвхөн өөрийгөө биш ах дүү, айл саахалтаа тохинуулахыг, гэрээ засна гэдгийг улс орноо төвшитгэхийн төлөө амьдрахыг, харин төрөө засна гэхээр хөрш, зэргэлдээ орнуудтай ямар бодлогоор харилцах тухай зүйл гэж ойлгодог байжээ."
Урлагийн бүтээлийн өгүүлж буй мөн чанарт нэвтэрч чадвал харагдаж байгаагаасаа илүү их зүйл агуулагдаж байдаг нь энэхүү бүтээлийн эх санаанаас тод харагдана. Тэгэхээр магадгүй бид өмнө нь жижгээр харж байсан зүйлээ илүү өргөн хүрээнд ойлгож, өөрийнхөө амьдралыг сайхан авч явахаас гадна илүү ихийг хийж чадна гэдэгтээ итгэж, улам сайн байхын төлөө хувиран өөрчлөгдөж болох юм. Үүнд хүрэхэд бидэнд ганцхан эв нэгдэл л туслана.
Монголчууд яагаад эвээ олж чаддаггүй вэ гэвэл түмэн хариу хэлж болох ч харин яавал нэгдэж чадах вэ гэвэл ганц л чухал хариулт бий. Үүнийг Чингис хааны хэлсэн "Илүүрийн таван толгой мэт эвтэй найртай, ахас ихэсийн журамтай яваарай" гэх захиасаас харж болно. Д.Гэрэл гуайн харснаар тэрхүү Илүүрийн таван толгой уул үнэхээр л эрэмбээрээ эгнээд зогссон ах дүүс шиг байжээ. Тэгэхээр бид ах, захтай явахад л бүх зүйл бүтэмжтэй, сайн тал руугаа эргэх биз ээ.
Д.Гэрэл гуай залуудаа социалист орнуудаар явж хүрэл цутгах арга ухаанд суралцаж, үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж байхдаа барууныхан Монголчуудын оюуны чадамжийг маш их юм боддогтой холбоотой гэж тайлбарлаж байхыг сонсож явжээ. Үнэхээр л малаа хотлуулаад явж буй хүнд байгалийг харж, бодлоор зугаалахаас өөр хийх ажил үнэндээ үгүй мэт. Харин өнөөдөр бид юуг ч тухтай бодох завгүй амьдарч байна. Хүүхдүүд хүртэл зургаан настайгаасаа эхлэн сургуульд орж, хичээлд дарагдаж, яаруу сандруу амьдралын хэв маягт эрт орох боллоо. Тэгвэл энэ зөв гэж үү? Тэд сургуулиас гэртээ, гэртээ эцэг эхээсээ тусдаа өрөөнд, утас компьютертэй хамт цагаа өнгөрөөж байна. Бодох л зүйл.
Хэдий "Хүн-байгаль"-ийн шүтэлцээнд суурилсан уламжлалт нүүдэлчин ахуй хувиран өөрчлөгдөж буй ч зөв "Шийдэл" үргэлж бий гэдгийг эдгээр бүтээлүүд бидэнд өгүүлжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт