Урлаг Соёл | Дүрслэх Урлаг & Театр
Сэтгэгдлийн урлаг
Орчин үеийн дүрслэх урлагт реализм хэрхэн хөгжиж байгааг өөрийн натюрморт, байгаль, зохиомжийн зургуудаараа үзүүлсэн Ц.Эрдэнэцогийн "Шинэ цас" үзэсгэлэн МУЭ танхимд дэлгэгдлээ. Энэ үзэсгэлэнг гоё болгож буй зүйлсийн тухай танд өгүүлье
Таны бүтээлүүдийг харахад натюрморт, байгаль, зохиомж гэсэн гурван үндсэн чиглэл байх шиг. Энэ удаагийн үзэсгэлэнгээрээ та юу үзүүлэхийг зорьсон бэ?
Үзэсгэлэн бүр өөрийн зорилго, өгүүлэмжтэй байдаг. Миний өмнөх гурван үзэсгэлэн өөрийн чинь хэлдгээр натюрморт, байгаль, зохиомж, түүх гээд бүх зүйлсийг хольсон байсан бол энэ удаа монгол ахуй, хөдөө нутгийн амьдрал ямар байгааг үзүүлэхийг зорилоо. Амьдралыг түүхэн үе шатаар үзүүлж, Богд хаант засгаас хойш өөрчлөн байгуулалт, ХХ зууны сүүлч үе, ардчилсан нийгэм хүртэлх цаг үеийг панаром маягаар харуулж байгаа.
Тэгвэл эдгээрээс таны барьж авсан суурь зургийн сэдэв нь аль вэ?
Нүүдэлчин монголчуудын амьдрал. Нүүдлийн амьдрал маань бүр дуусчихаагүй ч гэсэн ХХ зуунтай хамт өнгөрч одох нь шиг байна. Би жил бүр хөдөө, янз бүрийн нутаг усаар явж судалгаа хийдэг. Хуучин үхэр, тэмээн жингээр нүүдэг байсан хүмүүс өнөөдөр цагийн эрхээр нүүдлээ машин техник рүү шилжүүлэх болж. Хорин жилийн дараа энэ жирийн л уламжлал болно. Үндсэндээ одоо баруун аймагт л байгалийн тогтоцоос хамаарч тэмээгээр нүүж байна. Бусад нутагт уламжлалт нүүдэл замхран алга болох нь үнэн юм шиг. Тиймээс л би "Шинэ нутаг", "Нар дагуулсан нутаг", "Нүүдлийн зам" цуврал зургуудыг зурсан.
Үзэсгэлэнгүүдэд натюрморт маш цөөн харагддаг. Таны үзэсгэлэнд ийм олон натюрморт харсандаа баяртай байна. Та үнэхээр натюрморт зурах дуртай бололтой?
Би натюрморт буюу эд юмсаар амьдралын мөн байдлыг илэрхийлэх дуртай л даа. Натюрморт гэхээр хүмүүс "Амьгүй юмс" гэж буруу орчуулж, буруу ойлгоод байдаг. Тийм биш. Энэ бол амьд зүйл бөгөөд амьдрал зурдаг. Тухайн эд зүйлсийн цаана хэн оршиж байна вэ гэдгийг илэрхийлдэг урлаг шүү дээ. Хүнийх нь хөрөг байхгүй мөртлөө ахуйгаар нь цаана нь ямар хүн оршиж байгааг танигдахуйц байдлаар илэрхийлдэг.
Миний ажигласнаар эдгээр цэцэгнүүдийн ваар нь бас дотроо зураг өгүүлэмжтэй байх шиг. Үүнд ямар нэгэн учир бий юу?
Тийм ээ. Энэ цэцгийн ваар нь Ван Гогийн нэгэн "цэнхэр цэцэг"-тэй алдартай зургийн ваар байгаа юм. Зураач, урлагийн хүмүүс бол хараад таних байх.
Энэ сайхан шүлэг, найраг шиг илэрхийллээр л би зургаа зурья гэж би бодсон юм. Энэ бол реализм, түүний хөгжиж байгаа хэлбэр юм.
Таны бүтээлүүдэд өнөөдөр тэр бүр залуу зураач нар зурахгүй байгаа сонгодог уран зургийн арга, ажиллагаа харагдаж байна. Энэ нь та Репиний академийг төгссөнд учир нь байна уу?
Өнөөдөр Репиний академ төгссөн болгон өөрийн чинь хэлдэгээр академик реалист чиглэлийг урьтал болгож бүтээл хийж байгаа гэвэл биш болчихно. Репиний академ төгссөн хүмүүс бүгд л хөгжөөд, өөр өөрийнхөөрөө зураад явж байгаа. Угаасаа реалист уран зураг байх ёстой гэж би ойлгодог. Зарим улс "Реализм байх хэрэггүй, энэ хоцрогдол" гэж ярьдагтай би санал нийлдэггүй. Реалист уран зургаар л бодит амьдралыг, түүхэн үйл явдлыг илэрхийлнэ. Хоёрдугаарт реализм сэтгэлгээ, арга барил, техникийн хувьд бүгд салбарлан хөгжөөд яваад байгаа.
Та зурахдаа голчлон ямар арга, ажиллагаагаар туурвидаг вэ?
Би өөрөө импрессинизм буюу сэтгэгдлийн уран зураг зурдаг. Энэ нь академик ажиллагаанаас юугаар ялгардаг вэ? Классик реалист зураг бүх юм төгс байхад чиглэдэг. Ерөөсөө л онолоо үндэслэж бүх зүйл зөв байх байх бөгөөд түүн дээрээ л зураач өөрийн сэтгэлгээг гаргадаг урлаг шүү дээ. Сул тал нь тодорхой үзэл баримтлалд баригдаж, дээд язгууртны давхаргыг илэрхийлж байсан. Жирийн амьдралыг төдийлөн илэрхийлж байгаагүй. Импрессионизм тэгвэл зураач юу зурахыг чөлөөлж өгдөг. Тэд гудамжинд, задгай орчинд гараад юмыг гоё болгох биш харин байгаль ямар байна вэ, тэндээс ямар сэтгэгдэл төрсөн тухай өгүүлдэг. Жирийн нэг тариачны урц, жижигхэн тосгоны хуучин сүм зурна. Классизм шиг аль хээнцэр сүмийг зурах гээгүй. Ядуусын орчин тойрон өөрөө нийгмийн хэсэг болохоор бас л урлагт орж болно. Хүн л юм чинь нийгмийн аль ч хэсэгт урлаг байгаа. Тиймээс арга, ажиллагаа нь их чөлөөтэй. Зургийн зарим хэсгийг гүйцээж, зарим хэсэгт нь дутуу орон зай орхиж, сэтгэгдлээ үлдээдэг. Энэ сайхан шүлэг, найраг шиг илэрхийллээр л би зургаа зурья гэж би бодсон юм. Энэ бол реализм, түүний хөгжиж байгаа хэлбэр юм.
Та бүтээлүүдээ хэр их цаг зарцуулдаг вэ?
Түүхэн сэдэвтэй зураг бол ойлгомжтой, сайн судалж, тухайн барилга байшин, хүмүүсийн хувцас хунар эдлэлийг судлаад, түүнийгээ урлаг болгож зохиомжлох болохоор цаг орно. Энэ "Цэргүүд ирлээ" гэдэг зураг бол баяр баясгалан биш сэтгэлийн догдлол юм. Зил машин дээр зогсчихсон долоон цэрэг нутаг руугаа буцаж байхад энэ улсууд тосч байна. Уул нь эх орны дайны өмнө энэ нутгаас гучаад сайхан эрчүүд цэрэгт мордсон бол долоон цэрэг буцаад ирэхэд энэ долоо хэн ирж байгааг хэн ч мэдэхгүй. Шовойсон хэдэн цэргүүдийг хараад "Миний хүү ирж байгаа болов уу, үгүй болов уу" гэсэн сэтгэл нь догдлоод байж байгаа. Тэр эцэг гэхэд хүүгээ авах гээд хөтөлгөө морьтой ирсэн. Морин дээр хүү сундалаад гэрийн зүг давхих юм уу, хоосон морьтой явах юм уу бүү мэд шүү дээ. Зарим нь түргэн. Намрын өнгө гэдэг бол судалбар. Хэдхэн бичилтээр өнгөө гаргасан болоо.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт