Уран сэтгэмжээр орчин үеийг илэрхийлсэн зураач Zazaa-гийн эвлүүлэг зургууд

Берлин хэв маяг

Дүрслэх урлагийн олон төрөл дотор холимог техник ашигласан эвлүүлэг зургууд үргэлж сонирхолтой санаа хэлдэг. Бид энэ удаад Берлинд суурьшин уран бүтээлээ туурвидаг уран бүтээлч Zazaa-гийн эвлүүлэг зургуудыг танилцуулж байна

Уран бүтээлч болох замнал хэр урт байхыг тодорхойлсон ямар нэг зааг хязгаар байдаггүй. Магадгүй энэ нь хүмүүс өөрийгөө таних гэсэн, өөрийн зорилгоо тодорхойлохын төлөө хийсэн урт аяны үр дүнд бий болдог зүйл байх. Бид энэ удаа танилцуулж буй зураач  Zazaa-гийн зургуудад буй тоть, үнэт эдлэлүүд, дуунаас хурдан онгоцон дээр сууж буй хүүхэд зэрэг дүрс бүхэн сонирхолтой түүх өгүүлнэ. Берлинд суурьшин уран бүтээлээ туурвидаг Ганболдын Зазаа нь сүүлийн үед эвлүүлэг зураг болон холимог техник ашигласан сонирхолтой бүтээлүүд гаргах болсон байна. Энэ нь түүний өмнө нь хийж байсан эмэгтэй хүнийг илэрхийлсэн уран зургуудаас илүү гүн утга агуулгатай, сонирхолтой шийдэлтэй болж чаджээ.

Тэрээр эвлүүлэг зургийнхаа нэг жижиг талбарт олон өвөрмөц санааг дэвшүүлсэн байх бөгөөд үзэж, уншихад төрөл бүрийн асуулт, хариулт гарах санаанууд гарч байна. Хамгийн гол нь хүн бүр үүнийг өөрийнхөөрөө тайлан уншиж, зургийн жижиг хэсэг бүрийг анхааралтай ажиглаж болох юм. Zazaa өөрийн зургууддаа зогсолтгүй өрнөх цаг хугацааны хувирал, өөрчлөлтийг тусгаж, эмэгтэй хүний дотоод сэтгэл, гоо үзэсгэлэнгийн нандин чанар хаанаа оршдогийг дэлгэн үзүүлэхийг зорьжээ. Тэрбээр 1999 оноос эхлэн уран бүтээлээ хийхдээ голчлон график дизайн дээр суурилсан бүтээлүүд хийсэн ба сүүлийн үед торгон дээр зургуудаа буулгах, эвлүүлэг зураг хийх зэрэг илүү холимог техник ашигласан бүтээлүүд хийх болжээ. 

Zazaa-гийн зургуудад буй чөлөөт, уран сэтгэмж нь Берлиний нөлөө гэлтэй. Олон орноос ирсэн залуу, чөлөөт уран бүтээлчдийн шинэ нийслэл болоод буй Берлинд урлагийн бүтээлүүд улам бүр чөлөөтэй хэллэгтэй болоод байгаа. Энэ нь тухайн нэг бүтээлийг харахад аль нэг улсын соёл ялгарч харагдахаас илүү орчин үеийн амьдралыг өгүүлсэн шинэ "бичилт"-тэй байдгаар илэрдэг билээ. Жишээ нь Zazaa-гийн Кай Холланд гэх уран бүтээлчтэй хамтарч хийсэн ажлууд түүний бүтээлүүдээс хамгийн сонирхолтой өгүүлэмжүүдтэй болжээ.

"Хүн өөрийнхөө хийе гэсэн зүйлээ хийж явахад л аяндаа уран бүтээлч болдог. Монголд болоод Берлинд гарч буй үзэсгэлэнгүүдэд мэдээж тодорхой ялгаа байдаг л даа. Жишээ нь би монголд гарч буй үзэсгэлэнгээс нэг зураг үзлээ гэхэд тухайн уран бүтээлчийг танихгүй байсан ч түүний багш нь хэн болохыг тааварлаж чаддаг. Тэгэхдээ би үүнд шүүмжлэлтэй ханддаггүй. Хүн хийе гэсэн зүйлээ бүтээж байх нь л чухал. Магадгүй уран бүтээлч болж эхлэх явцдаа бусдын бүтээлээр хөглөгдөж, түүнээсээ сэдэл авах юм уу, илт дуурайсан зураг зурсан байж болно. Гэвч хүн нэг л өдөр өөрийгөө олдог" гэж Zazaa бидэнд ярьсан юм. 

 

Ж.Чинбат

2016-08-08, 14:00