Дөрвөн мөртөөр илэрхийлсэн сонирхолтой хариултууд: Бөртөн

Ханш нээх урин цагаар цас ханзалж яргуй дэлбээлэх нь нэг тийм ер бусын дохио гэлтэй. “Хичээгээрэй, цаг нь ирэхээр чи ч бас над шиг хатуу бүхнийг ялан дийлж дэлбээлэх болно” гэж цэнхэр яргуй өөрийн биеэр үлгэрлэн үзүүлэх мэт...

Яруу найргийн гүн утгатай, сайхан мөртүүдийг шимтэн уншдаг BURO.-гийн уншигчдадаа зориулан бэлтгэдэг “Дөрвөн мөртөөр илэрхийлсэн сонирхолтой хариултууд” буланд маань энэ удаа “Бөртөн” хэмээх 78000 дагагчидтай пэйжийн нууцлаг админ уригдлаа. Хар цагаан голдуу ретро стилийн фото зураг ба хүн бүхний сэтгэлийн чанадад нуугдаж байдаг гүн бодлуудыг цөөн өгүүлбэрээр илэрхийлдэг бичлэгийн хэв маягаараа тэр алдартай. Хөнгөн инээмсэглэл, ялихгүй маазраагаар дүүрэн нийгмийн харилцаанд хааяахан нухацтай, чин сэтгэлийн яриа өрнүүлмээр санагдах үе бий. Тийм л үедээ энэ хуудас руу хэрэг болгон зочлох дуртай. Учир нь “Бөртөн” дагагчдаасаа сэтгэлийн нарийн, нандин асуулт асууж, өөрсдөөр нь бодуулж, хариултыг нь олуулах дуртай мэт санагддаг юм. Ингээд дараах асуултуудаар дамжуулж түүний ертөнцөд зочилцгооё.


Амьдралаас мэдэрч байсан хамгийн гоё мэдрэмжийнхээ талаар бидэнтэй хуваалцаач?

“Дурсагдаж үлдсэн зүүд, үнэн хайр, нулимстай инээд гурвыг би хүн болж төрсний хамгийн том эрх ямба гэж боддог.”


Таныхаар хос хоорондох хамгийн хортой харилцаа юу вэ?

Ханьсахгүй хүнийхээ дэргэд удаан байх нь хуурай цастай өвлийн дундуур эцэс төгсгөлгүй алхаад л байх шиг биш гэж үү?

Цас хаялаад л, будраад л, нүүр нүдгүй шуураад л байхад тэр өвлийн жавар үргэж дуустал нойрмогхон газрын цангаа тайлагдана гэж даанч үгүй.


Хүмүүсийн харилцааны хамгийн нандин мөн чанар нь юу вэ?

Хэн нэгэн чиний өнгөрснөөс тасарсан цаг хугацааг тээж яваа.

Хэн нэгний дотор чамаас алдарсан дурсамж амьд, халуун цохилж яваа.

Хэлсэн сайхан үгийг чинь хайрцаглаж үлдсэн нэгэн тагийг нь сөхүүт тайтгардаг ид шид бүтээчихсэн мэлмэрч суугаа.

Яг энэ хоромд чи хаа нэгтээ инээж яваа.

Хэн нэгний ертөнцийн дээвэр дээр, шувууд хөлөглөж үүлстэй цуг давдаг ээнэгшлийн нэртэй уулсын дээгүүр...

Яг энэ хоромд чи хэн нэгний амьдралыг тэнгэрийн цэнхрээр будаж яваа.


Өөрийн дотоод ертөнцөө дөрвөн мөртөөр илэрхийлбэл?

“Зогсдоггүй, зогсох зогсоолгүй ертөнцийн амь эрэг – хүний бяцхан амьдрал

Ухардаггүй, ухрах ухлаадасгүй амьдралын үр нөмрөг – хором үүдний дурсгал

Хүн л хальж чадна, хүн л зольж чадна

Хүү, дуул!”


Шархалсан зүрх, эмтэрсэн сэтгэлийг эдгээх хамгийн шилдэг арга таныхаар юу вэ?

“Сэтгэлээс угаагдсан буртаг гэдэг хогийн машин иртэл гаднаа тавиад мартчихаж болдог эд биш.

Эд биетэд энэ дэлхийн хаа ч орогнох зай олддог байхад дурсамж, санаашрал, цөхрөл, аль эсвэл бачуурал, гомдол.. хүнээс хийрхсэн, түлхээд унагачихсан хуучин шалтгаанаас гадна харууслууд – Бусдад өгч болдоггүй, алган дээр нь асгачхаж болдоггүй ийм сэтгэлийн хаягдлуудад бол хэнхдэгээс магнай хүртэлх хэдхэн сөөмөөс илүү зугтах газар хаа ч үгүй.”


Т.Номин-Эрдэнэ

2023-04-11, 11:09