Кино бүтээгчид жилийн нэг, хоёр болон найм, есдүгээр саруудыг "новшийн" гэх тодотголд хамруулдаг. Харин аравдугаар сард Оскарын сар эхлэх болно. Тиймээс Оскарын улирал эхлэхээс өмнө амжиж энэ оны хамгийн муу арван киног авч хэлэлцэхээр шийдлээ
Жил бүр наймдугаар сар дуусахад хамгийн идэвхитэй киноны улирал дуусдаг гэж хэлж болно. Хамгийн үзэгч багатай, сонирхолгүй кинонууд аль хэдийнэ дэлгэцэнд гарч дууссан болохоор энэ онд хийгдсэн хамгийн муу киноны жагсаалтыг яг одоо гаргах боломж бүрдээд байна. Одоогийн байдлаар нээлтээ хийсэн кинонуудаас би гарахаасаа өмнө нь өндөр хүлээлт үүсгээд байсан бүтээлүүдийг сонгон авч, энэхүү жагсаалтыг гаргалаа.
10. X - Men Apocalypse (20th Century Fox)
Найруулагч Брайн Сингерийн дөрөв дэх, X-Men цувралын найм дах анги болох энэ кино 178 сая долларын өртгөөр бүтэж, театраас 541 саяыг олсныг харахад энэ зуны хамгийн том блокбастер гэж нэрлэж болох юм. Гэхдээ харамсалтай нь киноны хувьд цувралын өмнөх ангиудаас ахисан зүйл байсангүй. Зохиол нь бусад ангиудын адилаар дайснаа эцсийн мөчид хамтын хүчээр дарж, Магнето (Майкл Фасбандер) дахиад л аль талд орохоо шийдэж ядан будилна. Нийт 144 минутын турш үргэлжлэх энэ киноны тал хугацааг Апокалипс (Оскар Исаак) өөрийн багийг бүрдүүлэхэд зарцуулдаг бол үлдсэн цагийг мутантуудын амьдрал ямар хүнд, хэцүү тухай өгүүлдэг гэхэд нэг их хэтрүүлсэн хэрэг болохгүй. Сүүлийн арван жилийн турш амжилттай үргэлжилж гарсан энэхүү цуврал ашгийн хувьд тун давгүй байсан ч кино компани одоо болтол дараагийн ангийн төлөвлөгөөг гаргаагүй байна.
9. Gods of Egypt
Нийт 140 сая долларын өртөгтэй уг киноны бүх зардлаас 30 сая долларыг нь киноны сурталчилгаанд зарцуулжээ. Тиймээс энэ оны хамгийн өндөр сурталчилгаатай кино гэдэг ангиллыг "Gods of Egypt" бүтээл тэргүүлнэ. Харамсалтай нь тэд театраас ердөө 145 сая доллар л олж чадсан юм. Кино зураг авалт эхлэхээсээ өмнө л бүтэлгүйтэж эхэлсэн байдаг. Тэд Египт бурхадын дүрд цагаан арьст жүжигчин тоглуулж, арьс өнгөний үзэл гаргасан гээд чамгүй шүүмжлэл хүртсэн юм. Ер нь кино эхлэхээсээ өмнө нь л муу болох нь гэсэн хүлээлт өгчихсөн байсан гэхэд нэг их буруудахгүй. "Dracula Untold", "The Last Witch Hunter" зэрэг жил дарааллан дампуурсан муу кинонуудын зохиолыг бичсэн баг энэхүү киноны зохиол дээр ажилласан. Киноны зохиол жүжигчдийн сонголтоос ч долоон доор байсан. Дүрүүдийн харилцан яриа, зураг авалтын хэлбэр ямар ч сонирхолгүй, хэтэрхий энгийн үзэгдэл, гажиг хошигнол, муу найруулга дээр нь нэмээд дэндүү хиймэл компьютер графикийн ажил нь энэ киног утгаар нь мөхөөсөн юм. Ерөнхийд нь киног эргэн харах юм бол баяр ёслол, баяр ёслол, баахан далавч, зодоон, баяр ёслол, уйтгартай урт яриа, дахиад баахан далавч, зодоон, баяр ёслол гэсэн зүйлс байлаа.
8. Warcraft (Universal/ Comcast Corp.)
Blizzard компани Warcraft тоглоомоор кино хийнэ гэж зарласнаас хойш үнэнч фенүүд нь энэ киног бүтэн арван жил хүлээсэн юм. Хоёр жилийн өмнө интернэтэд ганцхан Warcraft гэдэг бичиг тавигдахад л хүмүүс хэдэн зуун сая удаа үзсэн нь уг киноны хүлээлт хэр их байгааг хангалттай батлаж байв. Киноны найруулагчаар өсч яваа авьяаслаг найруулагч Данкан Жонесыг сонгох үед киног тоглоом сонирхогчид төдийгүй кино хорхойтнууд ч гэсэн сайн кино болно гэсэн хүлээлт үүссэн. Дараагийн "Lord of the Rings" гэсэн нийтлэлүүд ч энэ тэндгүй бичигдэж байлаа. Гэхдээ бүх зүйл эсрэгээрээ эргэв. Киноны зураг авалт эхлэх үетэй зэрэгцэн найруулагч Данкан Жонесын ээж хөхний хорт хавдраар хорвоог орхисон бол киноны зураг авалт өндөрлөж, эвлүүлгийн ажил явагдаж байхад түүний эцэг Дэвид Боуи мөн хорт хавдараар өөд болсон. Кино бүтээгчид тоглоомын үйл явдлыг хиймэл гэж үзээд, Blizzard компанитай зөвшилцсөний үр дүнд зохиолыг өөрчилсөн нь уг киноны гол сүнсийг шууд хөнөөчихсөн юм. Дараа нь зурмал мэт компьютер графикийн ажил нь Питер Жаксоны "Хоббит" цувралтай адил киног хэтэрхий ядуу харагдуулсан. Мөн энэхүү кинонд цаашид намтар нь үргэлжлэх боломжтой 12 гол дүр сонгосон нь бүр холион бантан хутгаж орхисон. Мэдээж тоглоомын фенүүд "Дараагийн анги гарах ёстой, найруулагчаа солих ёстой" гэсэн хоёр төрлийн сэтгэгдэл илэрхийлж байгаа бол тоглоомыг нь огт тоглож үзээгүй үзэгчид бүрэн төөрөгдөл дунд хоцорсон юм. Хамгийн хөгтэй нь киног 160 сая долларын өртгөөр бүтээсэн ч Америкт ердөө 46 сая долларын ашигтай ажилласан. Азаар Азийн зах зээлд кино тун амжилттай байж, нийт ашгаа 430 сая доллар хүргэж дампуурах аюулаас аврагдсан билээ. Blizzard компани ямар ч байсан дараагийн ангийг хийхээ зарласан бөгөөд харин "Хэзээ, хэн, хэрхэн хийх вэ" гэдэг асуултанд одоо болтол хариулаагүй байна.
7. Now You See Me 2
"Эхний ангитайгаа хэтэрхий их холбоотой" гэдэг өгүүлбэр уг киног энэ жилийн хамгийн муу кинонд тодорхойлоход хангалттай болов уу? Ялангуяа эхний ангийг үзээгүй үзэгчдэд огт ойлгомжгүй зохиолтой болсон ба эхний ангийг үзсэн ч гурван жилийн өмнө гарч байсан киног нь эргэн санахад тун төвөгтэй гээд зохиол хөгжүүлэлтийн асуудал дээр тэд хэтэрхий хойрго хандсан. Дээрээс нь зөвхөн бүжиг, дуутай бөгөөд амжилт муутайхан киноны найруулагч Жон М.Чуг сонгож ажиллуулсан нь бүр холион бантан болсон. Тэгэхдээ л 90 сая долларын өртгөөр бүтсэн энэ кино 320 саяыг театраас олсон бөгөөд кино компани гуравдугаар ангийг хийнэ гэдгээ аль хэдийнэ зарласан байгаа.
6. Batman v Superman: Dawn of Justice
Комик номын түүхэн дэх, ер нь сүүлийн 80 жилийн хамгийн алдартай, хамгийн гайхалтай супер баатруудын кино олны анхаарлыг мэдээж маш ихээр татсан. Киног нийт 250 сая долларын төсөвтэйгээр хийж, театраас 872.7 саяын ашиг олсон. Гэхдээ энэ ашгийг олохын тулд нэмэлт хөрөнгө оруулалт хийж, маркетингийн зардлыг 100 сая давуулсан гэвэл та итгэх үү. Дээрээс нь энэ кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо, нээлтийн ашгаас даруй 82.5 хувийн уналт хийж, үүгээрээ Холливүүдын түүхэнд дээд рекорд тогтоосон юм. Кино DC комикийн "Justice League" цувралын эхлэл болох ёстой учраас ерөнхий "Justice League"-гийн үүсэл рүү хандах ёстой байсан. Ер нь кино Марта хүртэл дажгүй байсан ч харин Мартагаас хойш өөрөөр эргэсэн. Өнгө нь хэтэрхий бараан, дээрээс нь Wonder Woman-ыг танилцуулах гэж хэт яарсан, логикийн хувьд дараалалгүй асар олон алдаа гаргасан.
5. Alice Through the Looking Glass
Өндөр зардлаар бүтсэн кинонуудаас энэ оны хамгийн том дуулиан "Алис гайхалтай оронд" цувралын хоёр дах кино байлаа. Анх 2010 онд бүтээгдсэн эхний анги нь тэрбум долларын ашиг олсон амжилт үзүүлж, 83 дахь удаагийн Оскарын наадмын "Шилдэг арт директор" шагналыг хүртэж байлаа. Харин энэ онд нээлтээ хийсэн "Alice Through the Looking Glass" анги нь 190 сая долларын өртгөөр бүтэж, 270 саяыг олсноор дампуурсан төдийгүй киноны найруулга, зохиолоороо энэ оны хамгийн муу кинонд нэрлэгдэж байна. Хэрэв та миний өмнөх "Кино дампуурлын түүх" нийтлэлийг уншсан бол цуврал киног хийх бартаа саадын тухай хангалттай сайн мэдээлэл авсан байгаа байх. Кино өмнөх ангийн адил өнгө, гэрэл, график ажиллагааны хувьд төгс байлаа. Харамсалтай нь киноны үндсэн зохиол, зорилт нь болж өгсөнгүй. Киноны зохиолчоор "The Lion King", "Alice in Wonderland"-ын зохиолыг бичсэн Линда Вүүлвертон ажилласныг дурдах ёстой байх. Анхнаасаа Disney компани мөнгөний машин болж чадсан амжилттай киноны хоёрдугаар ангийг яаралтай гаргах ёстой гэсэн утгаар хандсанаас болж үзэгчдийн хамгийн их үзэхийг хүсч буй ид шидийн утгаа бүрэн гээгдүүлж, оронд нь жүжиглэлтэнд тулгуурласан бүтээл хийж орхисон нь энэхүү киног дампуурал төдийгүй, бүрэн төгсгөл рүү аваачжээ.
4. Dirty Grandpa
Анхнаасаа энэ киног хийж болно, тэр тусмаа театраар гаргаж болно гэж бодсон нөхөрт эхлээд баяр хүргэх ёстой байх. Сайн хүний нэрийг 1000 удаа худалдана гэх зүйр үгийг энэ кинотой шууд холбон ойлгож болно. Киноны нийт зардал болох 11 сая долларын 80 хувь нь Роберт Де Ниро, Зак Эфрон хоёрт оногдсон бөгөөд театраас 99 сая долларын ашиг олсноор бүтээгчид баяртай хоцорсон. Харин үзэгчид нүдээ нухаж, зарцуулсан цагандаа гомдолтой үлдэв. Ер нь л Зак Эфроны дарааллаж гарсан явцгүй олон кинонууд түүний сайхан эхэлсэн карьерыг нэг мөр дуусгаж байх шиг байна. Педофил (насанд хүрээгүй хүүхэд сонирхдог) сэдэв хэзээ ч зугаатай зүйл байдаггүй. Ийм сэдэв дэлгэцэнд, кинонд, тэгээд бүр инээдмийн кинонд хамгийн хөгийн сэдэв байсан гэдгийг заавал дурьдах ёстой байх. Ер нь товчхондоо энэ жилийн хамгийн тэнэг кино.
3. My Big Fat Greek Wedding 2
Дэлхийн дэлгэцийн түүхэн дэх хамгийн өндөр ашиг олсон инди киноны үргэлжлэл. Эхний ангиасаа хойш 14 жилийн турш гарч буй энэ киноны бүтээгчид цаг хугацааг анзаараагүй мэт. Эхний анги нь уламжлалт кино бүтээх уран сайхны гэдэг ангилалд шинэ агаар оруулж байсан гавьяатай. Тэд ситком жанрын, 20 минутын олон киноны өрнөл, хэв маягийг уран сайхны кинонд чадварлаг тусгаж өгсөн. Ингэснээр цагаан инээдээр олон сая үзэгчдийг байлдан дагуулж байсан юм. Тэрхүү хэв маяг хоёрдугаар ангид огтхон ч өөрчлөгдсөнгүй. Харин цаг хугацаа, үзэгчид өөрчлөгджээ.
2. Independence Day: Resurgence (20th Century Fox)
Юуны өмнө энэ киног 165 сая доллараар бүтээснийг онцлоё. Хоёрт анхны ангиасаа хойш 20 жил өнгөрсөн гэдгийг мөн сануулъя. Эхний ангийг үзэлгүйгээр энэ киног үзсэн үзэгчдэд хэлэхэд энэ бүтээл нэгдүгээр ангитайгаа яг адилхан болсон гэвэл та итгэх үү? Хоорондоо 20 жилийн зайтай бүтээгдсэн хоёр ангид өчүүхэн жоохон ялгаа байгаа нь гол дүрд Вил смит, Лиам Хемсворт нар тоглосон явдал юм. Ингээд л болоо. Анх 2004 онд уг киноны зохиолын санааг хэлэлцэж байгаа мэдээ олон нийтэд гарч, нэлээд дуншсаны эцэст 2012 онд уг төслийг санхүүжүүлж эхэлсэн билээ. Гэвч хоёрдугаар ангид бүх кино шүүмжлэгчид муу үнэлгээ тавьсан бөгөөд хөгжилтэй сэтгэгдлүүд дотор "Киноны төгсгөлийг үргэлжлэл байх боломжтойгоор хийжээ. Бурхан минь тэр өдрөөс өмнө жинхэнэ харь гарагийнхан ирээд биднийг арчаасай билээ" гэсэн байна.
1. Suicide Squad (Warner Bros./Time Warner Inc.)
За даа, үзсэн хүмүүс ч ойлгож байгаа биз дээ. Киноноос сайлж болох ганц зүйл бол Маргот Роббигийн жүжиглэлт гэхэд хилсдэхгүй байх. Гэхдээ ганц энэ шалтгаанаас болж бүтэн киног өмөөрөх нь утгагүй үйлдэл юм. Уул нь энэ кино анхандаа үзэгчдэд энэ оны хамгийн энтэртайнмент кино гэсэн мессежийг өгч байсан ч бодит байдал дээрээ, хэтэрхий уйтгартай, дүрүүдтэйгээ хэтэрхий зууралдсан, богино хэмжээний олон киноны нийлбэр мэт хийгдсэн сэтгэгдэл төрүүлж байсан юм. Хэрэв "Warcraft" кино энэ зун нээлтээ хийгээгүй байсан бол, ашиг орлоготой холбоотой бүх муу амжилтыг "Suicide Squad" тэргүүлэх байсан юм. Ямартай ч киноны ашиг сайн байсан төдийгүй киноны үргэлжлэлийг хийх хуваарь аль хэдийнэ гарсан байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт