1929 оны тавдугаар сарын 16-ны өдөр анх зохион байгуулагдаж байсан Америкийн Кино Академийн нэрэмжит шагнал гардуулах ёслол нийт 270 зочинтойгоор 15 минутын турш үргэлжилж байсан бөгөөд телевиз, радиогоор цацагдаагүй цорын ганц шагнал гардуулах ёслол болж байсан юм. Тэр үеэс жил бүр уламжлал болон зохиогдсоор дөнгөж өчигдөрхөн бид 95 дахь удаагийн ёслолын арга хэмжээг хүлээн авч үзэж, кино урлагийн салбарын энэ оны шилдгүүдтэй танилцаад байгаа билээ.
Энэ жилийн хувьд кино урлагийн одод гламур дүр төрх болоод байгальд ээлтэй винтэж сонголтуудаар улаан хивсний төрхөө бүрдүүлснээс гадна улаан уруул, смоки нүд, урт сормуус болон нэг ч өө сэвгүй төгс үсний засалтаас бүрдэх Холлливүүдийн сонгодог гоо сайхны төрхийг голчлон сонгожээ. Энэ үдэш "Everything Everywhere All at Once" кино долоон Оскарын эзэн болж үнэмлэхүй ялалт байгуулсан бол өмнө нь маш өндрөөр үнэлэгдэж байсан хэд хэдэн кино гар хоосон буцсан юм.
18.7 сая хүн шууд хүлээн авч үзжээ
"Everything Everywhere All at Once" киног шагнал авах бүрд Оскарын шууд дамжуулалтыг хүлээн авч үзэх хүний тоо нэмэгдэж байсан бөгөөд Шилдэг кино шагналыг зарлах үед нийт үзэгчдийн тоо 18.7 саяд хүрсэн нь өмнө жилийн наадмаас даруй 12%-иар өссөн үзүүлэлт байлаа. Мөн түүнчлэн таван жилийн дараа ахин Оскарыг хөтлөхөөр ирсэн Жимми Киммел өнгөрсөн жилийн ёслолын арга хэмжээн дээрх Уилл Смит болон Крис Рок нарын дуулианыг хэрхэн сөхөж ярих нь үзэгчдэд сонирхолтой байсан нь гарцаагүй.
Шинэ түүхүүд бичигдэв
1. Мишель Ео: Энэ жил 61 нас хүрч буй малайз гаралтай хятад жүжигчин Мишель Ео 95 дахь удаагийн Оскарын наадамд "Everything Everywhere All at Once" киногоор Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагнал хүртэж, тус төрөлд шилдгээр шалгарсан анхны ази гаралтай жүжигчин болж түүх бүтээв. Тэрээр Жеймс Бондын "Tomorrow Never Dies" киногоор өөрийн Холливүүдийн замналаа эхэлж байсан бөгөөд нийт карьерынхаа туршид 50 гаруй кинонд дүр бүтээж, дуу оруулсан байдаг.
2. Рут Картер: Дөрвөн жилийн өмнө Рут Картер “Black Panther” киногоор Оскарын Шилдэг хувцас дизайны шагнал авсан анхны өнгөт арьст эмэгтэй болж байсан. Тэгвэл өчигдөр тэрээр “Black Panther: Wakanda Forever” киногоор ахин Шилдэг хувцас дизайны шагнал хүртэж Оскарын хоёр шагнал хүртсэн анхны хар арьст эмэгтэй болж шинэ түүхийг бичлээ.
3. Naatu Naatu: Тэлугу хэлээр гарсан “RRR” киноны дуу "Naatu Naatu" нь Оскарын шагнал хүртсэн анхны энэтхэг киноны дуу болов.
Дуучин Lady Gaga-гийн будаггүй төрх
Улаан хивсний ёслол дээрх Versace ордны тансаг гоёл, тод нүүр будалтаа эрс өөрчлөн будаггүй төрх, сүлжсэн үс, хар өнгийн футболка өмсөн тайзан дээр гарч ирсэн Lady Gagа олны анхаарлыг татав. Тэрээр 2024 оны аравдугаар сард нээлтээ хийх “Joker: Folie à Deux” кинонд Харли Квинний дүрийг бүтээж байгаа бөгөөд киноны зураг авалттай холбоотойгоор наадамд оролцох боломжгүй гэж мэдэгдэж байсан ч ёслолын арга хэмжээ эхлэхээс хэдхэн цагийн өмнө түүний үзүүлбэр товлогдож ийнхүү Оскарын Шилдэг дуу төрөлд нэр дэвшсэн “Top Gun: Maverick” киноны “Hold My Hand” дуугаа тайзнаа толилуулсан юм.
Дуучин Рианна ахин тайзнаа
Урт хугацааны дараах эргэн ирэлтээ нэгхэн сарын өмнө Super Bowl тэмцээний халфтайм шоун дээр хийхдээ ахин бие давхар болсноо сүр дуулиантайгаар зарлаж байсан дуучин Рианна Оскарын тайзнаа ахин нэг удаа гялалзлаа. Тэрээр энэ удаад Шилдэг дуу төрөлд нэр дэвшсэн “Black Panther: Wakanda Forever” киноны дуу болох “Lift Me Up” бүтээлээ толилуулсан бөгөөд Maison Margiela брэндээр өөрийн тайзны төрхөө бүрдүүлсэн байна.
Хамгийн сэтгэл хөдөлгөм талархлын үгс
Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагналаа гардан авахдаа Мишель Ео: “Өнөө орой намайг үзээд сууж буй надтай ижилхэн охид, хөвгүүдийн хувьд энэ бол боломж, итгэл найдварын гэрэл. Энэ бол том мөрөөд, тэгээд мөрөөдөл биелдэг гэдгийн нотолгоо. Харин бүсгүйчүүдээ, хэнд ч таныг үеэ өнгөрөөсөн нэгэн гэж хэлэхийг бүү зөвшөөр. Хэзээ ч битгий бууж өг”.
Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин Ке Хюи Куан: “Миний аялал завин дээр эхэлсэн. Би дүрвэгсдийн хуаранд бүтэн нэг жилийг өнгөрөөж байсан. Гэтэл би өнөөдөр ингээд Холливүүдийн хамгийн том тайзан дээр зогсож байна. Хүмүүс ийм түүх зөвхөн кинон дээр л гардаг гэж ярьдаг. Надад ийм зүйл тохиолдож байгаад би итгэж чадахгүй байна. Энэ бол 'Америк Мөрөөдөл'. Би хайрт ханьдаа бүх зүйлээрээ өртэй. Тэр минь 20 жилийн турш миний ээлж нэг л өдөр ирэх болно гэдгийг үргэлж хэлж дэмждэг байсан. Мөрөөдөл бол итгэж байх ёстой зүйл. Та бүхэн мөрөөдлөө үргэлж 'амьд' байлгаарай”.
Сонирхолтой гоёл
"Everything Everywhere All at Once" киногоор шилдэг найруулагчийн шагнал авсан Даниел Куан киноны гол дүр Эвелин Вонгийн хувцаснаас санаа аван бүтээгдсэн "PUNK" гэсэн бичиг бүхий улаан өнгийн хослол өмсөж түүнд хүндэтгэл үзүүлсэн байна. Эвелин Вонгийн дүрд тоглосон Мишель Ео нь "PUNK" гэсэн бичигтэй улаан өнгийн цамцыг кинон дээр угаалгын газрынхаа цонхыг хагалан, өөр нэгэн болж буй хэсэгт өмссөн байдаг бөгөөд уг цамцны цор ганц хувилбар саяхан дуудлага худалдаагаар 15,000 ам.доллароор зарагдаж бүх орлогоо ижил хүйстний эрхийг хамгаалах хуулийн төвд хандивлахаар болжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт