
Pride and Prejudice киноны шинэчилсэн хувилбар хийгдэнэ
Гол дүрд тоглох жүжигчид зарлагджээ
Зохиолч Жэйн Остины 1813 онд гаргаж байсан ижил нэрт сонгодог зохиолоос сэдэвлэсэн Pride and Prejudice кино анх 2005 онд буюу 20 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болж байсан. Тус бүтээлийн гол дүрд жүжигчин Кейра Найтли болон Мэттью Макфадиен тоглож, тухайн үедээ үзэгчид болон кино шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авч байсан түүхтэй билээ.
Тэгвэл саяхан Netflix албан ёсоор мэдэгдэл хийж Pride and Prejudice киног шинэчлэн, зургаан ангит цуврал болгон бүтээхээр болсноо зарлажээ. Тус бүтээлийн найруулагчаар Heartstopper цувралаараа алдартай Евро Лин ажиллахаар болсон байна. Харин гол дүрүүдийн хувьд The Crown цувралаараа олонд танигдсан залуу жүжигчин Эмма Коррин авхай Элизабет Беннетийн дүрд, жүжигчин Жак Лоуден ноёнтон Дарсигийн дүрд тоглохоор болжээ. Мөн Оскарын шагналт жүжигчин Оливиа Колман киноны гол баатар Элизабет Беннетийн ээжийн дүрийг бүтээх юм.
Жүжигчин Эмма Коррин энэ талаар "Элизабетийн дүрд тоглоно гэдэг амьдралд ганц тохиох маш ховор боломж. Энэхүү гайхалтай түүхийг чадварлаг жүжигчдийн хамтаар дахин үзэгчдийн хүртээл болгох гэж буйдаа туйлын баяртай байна" хэмээн хуваалцжээ.
Одоогоор Pride and Prejudice цувралын нээлтээ хийх өдөр болон бусад дүр бүтээх жүжигчдийн нэрс зарлагдаагүй байгаа юм.