Хайх

Prada групп Versace брэндийг 1.375 тэрбум ам.доллараар худалдан авлаа

Prada групп Versace брэндийг 1.375 тэрбум ам.доллараар худалдан авлаа

Text: Ж.Булган


Prada групп өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-нд Versace брэндийг эзэмшигч Capri Holdings-оос худалдан авах 1.375 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Итали улсаас гаралтай алдартай хоёр хувцас загварын брэнд нэгэн дээвэр дор нэгдэж буй нь дэлхийн загварын ертөнцөд томоохон шуугиан тарилаа.

Тансаг хэрэглээний эрэлт саарч буй энэ үед ч Prada групп тогтвортой өсөлтөө хадгалсаар байгаа нь сайшаалтай. АНУ-аас гаргаж буй худалдааны тарифын өсөлт зэрэг эдийн засгийн сорилтуудыг үл харгалзан, Capri Holdings-ийн мэдэлд байсан Versace брэндийг худалдан авч буй энэхүү хэлэлцээр нь Prada групп Итали гаралтай брэндүүдийг нэгтгэх бодлого өвөртөлж буйн илрэл болой. Нөгөөтээгүүр, энэхүү үйл явдал нь Францын LVMH, Kering тэргүүтэй алдартай брэндүүдийг эзэмшигч монопол группүүдтэй Prada өрсөлдөж, Италийн загварын салбарын нөлөөг олон улсын тавцанд улам бэхжүүлэх стратегийн чухал алхам болж байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

“Бид Versace-гийн зоримог шийдэл, тэдний хувцас дизайнаар дамжуулж буй үзлийг хүндэтгэн дараагийн үедээ өвлүүлж, дахин төгөлдөржүүлэхийг зорьж байна” хэмээн Prada группийн ТУЗ-ийн дарга Патрицио Бертелли мэдэгджээ.

Prada групп Versace брэндийг 1.375 тэрбум ам.доллараар худалдан авлаа (фото 1)

Донателла Миуччаг хүндэлдэг

Загварын ертөнцөд өөрийн нэрийг түүхэнд мөнхөлсөн хүн бол яах аргагүй хатагтай Донателла Версаче. Тэрээр төрсөн ах Жанни Версачег 1997 онд харамсалтайгаар амиа алдсаны дараа, түүний үүсгэн байгуулсан загварын ордныг залгамжлан, гүйцэтгэх болон бүтээлч захирлын албыг зэрэг хашиж ирсэн билээ. Гэвч 2018 онд тэрээр Versace компаниа АНУ-д төвтэй Capri Holdings группт худалдаж брэндээ албан ёсоор шилжүүлсэн юм. Үүний дараагаар энэ оны гуравдугаар сард Донателла бүтээлч захирлын албан үүргээ өгч, Версачегийн гэр бүл өөрсдийн босгосон тансаг загварын хаант улсаа бүрэн орхих болсон гэсэн цуу тархсан ч Донателла Versace-с бүр мөсөн гаралгүй брэндийнхээ элчийн үүргийг гүйцэтгэж байгаа билээ.

Юутай ч өчигдөрхөн шинэ түүх бичигдлээ. Versace брэндийг Prada групп албан ёсоор худалдан авснаар, загварын ертөнц дах Versace-гийн ирээдүйн хувь заяа хэрхэн эргэх бол хэмээх асуулт мэргэжилтнүүд болон олон нийтийн анхаарлын төвд байна. Олон нийтийн шүүмж, таамгаас илүү брэндийнхээ ирээдүйг Прадагийн гэр бүлд даатгаж буйд сэтгэл хангалуун байгаагаа Донателла илэрхийлсэн нь хамгийн чухал бизээ. “Жанни (талийгаач ах) бид хоёр үргэлж Миучча болон Патрицио Прадаг биширч хүндэлсээр ирсэн” хэмээн тэрээр онцолсон юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх