Хайх

Загварын салбарын нөлөө бүхий дизайнер Миучча Прада гэж хэн бэ?

Загварын салбарын нөлөө бүхий дизайнер Миучча Прада гэж хэн бэ?

Text: Б.Энххүслэн


Сүүлийн үед бүх л тренд болж буй зүйлс Миучча Прадагийн гараар дамжсан гэхэд хилсдэхгүй. Халаасны уутны үзүүр нь цухуйчихсан Miu Miu-гийн микро юбка, Prada хэмээх гурвалжин логотой нейлонон цүнх, тэлээний хэмжээтэй топ, эмжихээ мартчихсан мэт харандаа хэлбэрийн юбка зэрэг орчин үеийн загварын ертөнцийн moodboard нь болж буй тус бүтээлүүд цөм Миучча Прадагийнх. Тэрээр загварын салбарт биш, улс төрд зүтгэх зорилго өвөртлөн Миланы их сургуульд улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хүртлээ явж байсан ч тэрбум доллароор үнэлэгдэх хоёр ч брэндийг бойжуулж чадсан нууцлагдмал, сонирхолтой, хүчтэй нэгэн билээ.


Fratelli Prada


Загварын салбарын нөлөө бүхий дизайнер Миучча Прада гэж хэн бэ? (фото 1)

Prada брэндийг Миуччагийн өвөө Марио Прада ах Мартиногийн хамтаар 1913 онд үүсгэн байгуулж байжээ. Анх нээгдэхдээ Fratelli Prada буюу Ах дүү Prada хэмээх нэртэй байсан ба арьсан эдлэлээр дагнадаг байв. Марио нь аливаа бизнест эмэгтэй хүн оролцох ёсгүй гэсэн эцгийн эрхт үзэл баримтлалтай байсан ч түүний дөрвөн хүү загварын брэндийг нь өвлөн авах ямар ч сонирхолгүй байснаас үүдэн охин Луиза нь хариуцахаар болдог. Луиза бол Миучча Прадагийн ээж бөгөөд тус компанийг 20 орчим жилийн турш удирдсан түүхтэй.


Бага нас


Түүний жинхэнэ нэрийг Мариа Бианки гэдэг бөгөөд 1980 онд авга эгчдээ үрчлүүлснээр нэрээ Миучча Прада болгон өөрчилсөн байна. Прада 1949 онд Италийн Милан хотноо чинээлэг гэр бүлд төрсөн ба бага байхын л бусад хүмүүсээс, тэр дундаа гэр бүлийнхнээсээ өөр байхыг эрмэлздэг байв. Ийнхүү тэрээр улс төрийн шинжлэх ухааны мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан төдийгүй Миланы Piccolo театрт үггүй жүжигт суралцаж таван жилийн турш ажилласан удаатай. Үүгээр ч зогсохгүй Италийн коммунист намын гишүүн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хөдөлгөөнд тун идэвхтэй оролцдог феминист бүсгүй юм. Улс төрийн асуудлаар толгойгоо гашилгах дуртай, нийгэмд хөндөгдөж буй асуултын гаргалгааг хайдаг байсан Миучча загвар зохион бүтээгч болох нь түүнд тохиолдож болох хамгийн муу зүйл гэж боддог байв. Загварын ертөнц түүний үзэл баримтлалтай нийцдэггүй байсан тул консерватив, мунхаг хэмээн шүүмжилнэ. Гэсэн ч гэр бүлийн хүмүүжил нь түүнд үзэсгэлэнтэй зүйлсийг анзаарч чадах мэдрэмж, загварын зөн совин гэх юугаар ч сольшгүй үнэ цэнийг бэлэглэсэн гэж үздэг. Гадаад үзэмж, гоо зүйд татагдах түүний сэтгэл 1970 оноос ажил хэрэг болон биелж, гэр бүлийнхээ бизнест нэг мөр хөл тавихад хүргэжээ.

Загварын салбарын нөлөө бүхий дизайнер Миучча Прада гэж хэн бэ? (фото 2)
Миучча Прада, 1995
Загварын салбарын нөлөө бүхий дизайнер Миучча Прада гэж хэн бэ? (фото 3)
Карла Бруни, Миуччи Прада, 1994

Карьер


Ээжийнх нь удирдлагад байхдаа ганцхан бутик дэлгүүр хүртлээ хумигдсан байсан Prada брэндийг Миучча 1978 онд өвлөн авав. Удирдлагынхаа явцад бүтээлч захирлын хийсэн хамгийн ухаалаг алхмуудын нэг бол Патрицио Бертелли буюу ирээдүйн нөхөр, хоёр хүүхдийнхээ эцгийг компанийнхаа арьс ширний үндсэн ханган нийлүүлэгчээр ажиллуулсан нь байлаа. Патрицио өмнө нь Prada-гийн бүтээлийг хуулбарладаг байсан нь нэгэн загварын үзэсгэлэн дээр Миуччагийн нүдэнд өртсөнөөр тэд танилцаж байсан хачирхалтай түүхтэй билээ. Тухайн үед Прада эсэргүүцэхийн оронд Бертеллитэй хамтарч ажиллах санал тавьсан гэдэг. Одоо тэрээр тус загварын ордныг олон улсад өргөжин тэлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийн нэгт тооцогддог билээ.

Миучча ид арьсан эдлэлээр гангардаг байсан 1979 онд цэргийн майхан хийхэд ашигладаг ус нэвтэрдэггүй, удаан эдэлгээтэй нейлон материал ашиглан Pocono хэмээн цүнхний загвараар дебютээ хийсэн ч тус цуглуулга нь худалдаанд гарсан даруйдаа амжилтыг эс олсон юм. Гэхдээ 1985 онд алтлаг гинжин оосор, гурвалжин логотойгоор Pocono цүнхээ дахин гаргасан бөгөөд энэ удаа цүнхний борлуулалт огцом өсөж, загварын элитүүд, жүжигчид болон моделиудын хараанд өртөж эхэлжээ.

Загварын салбарын нөлөө бүхий дизайнер Миучча Прада гэж хэн бэ? (фото 4)
Загварын салбарын нөлөө бүхий дизайнер Миучча Прада гэж хэн бэ? (фото 5)
Загварын салбарын нөлөө бүхий дизайнер Миучча Прада гэж хэн бэ? (фото 6)
Prada F/W 1988

Гоо зүй


Хүмүүс Миуччагийн цуглуулгыг хараад авангард гэхэд хангалттай авангард биш, сонгодог гэхэд хэтэрхий замбараагүй хэмээн тодорхойлдог байжээ. Тухайн үед загварын ертөнцөд гламур хэв маяг ноёрхож байсан тул түүний урладаг шулуун силуэттэй, практикал, “этгээд” гэгдэх загваруудыг “ugly chic” буюу үзэмжгүй шик гэж нэрлэнэ. Бүтээлч захирал төрөл бүрийн өнгө, эсгүүр, хээнүүдийг хооронд нь хольж олны дунд тогтчихсон гоо үзэсгэлэнгийн ойлголтын эсрэг зогсохыг зорьдог. “Би илүү ухаалаг, илүү бэрх, илүү ээдрээтэй байхыг хүсэж байна” хэмээн 2015 онд Италийн La Repubblica сонинд хэлж байсан удаатай. Миучча 40 орчим жилийн турш шинэ ба хуучин, чинээлэг ба ядуу, үзэсгэлэн төгөлдөр ба үзэшгүй муухай хоёрын хооронд хэлбэлзсээр ирсэн. Хэтэрхий буруу цуглуулга нь зөвөөс зөв мэт харагдаж чаддагт түүний ур чадвар оршдог билээ. 

Загварын салбарын нөлөө бүхий дизайнер Миучча Прада гэж хэн бэ? (фото 7)
Prada S/S 1992
Загварын салбарын нөлөө бүхий дизайнер Миучча Прада гэж хэн бэ? (фото 8)
Prada S/S 1993
Загварын салбарын нөлөө бүхий дизайнер Миучча Прада гэж хэн бэ? (фото 9)
Prada S/S 1994
Загварын салбарын нөлөө бүхий дизайнер Миучча Прада гэж хэн бэ? (фото 10)
Prada S/S 1995

Ugly chic цол хүртэхэд Prada-гийн 1996 онд урласан хавар-зун цуглуулга том нөлөөтэй. Тухайн үед Gucci, Armani, Versace-гийн харуулдаг байсан бэлхүүс тодотгосон эмэгтэйлэг хүрэм, стилетто өсгийттэй цэмцгэр загваруудын дэргэд уг цуглуулга нь бүдүүн баараг, эв хавгүй ч гэмээр уур амьсгалтай байсан юм.

Загварын салбарын нөлөө бүхий дизайнер Миучча Прада гэж хэн бэ? (фото 11)
Загварын салбарын нөлөө бүхий дизайнер Миучча Прада гэж хэн бэ? (фото 12)

Миучча одоогийн байдлаар Prada-гийн хамтран бүтээлч захирал төдийгүй өөрийн бие даасан Miu Miu брэндээ удирдаж байна. Тэрээр Prada-гаар дамжуулан одоо цагт байгаа өөрийгөө төлөөлүүлдэг бол Miu Miu-г “миний болохыг хүсдэг хувилбар” гэж тайлбарладаг. Яахын аргагүй Miu Miu загварын ордон бол дизайнерын хүссэнээ туурвиж, эрх чөлөөтэй байдаг тоглоомын талбай л гэсэн үг. Тус брэнд нь томоохон арилжааны зорилготой бизнес биш, харин Миуччагийн галзуу бодлыг бодит болгодог бүтээлч орчин билээ.

“Чи өмссөн хувцастайгаа үдэшлэгт ч явж чадахаар, хүүхдээ сургуульд нь ч хүргэж өгч чадахаар байх хэрэгтэй. Гадна төрхөөсөө хэзээ ч бүү ич” гэсэн Миучча Прадагийн үг, түүний дэлгэрүүлдэг ugly chic хэв маяг, нэгэн хэвийн бус хачирхалтай цуглуулга нь загварын ертөнцийг хэвшмэл ойлголтоос ангид байлгадаг дархлаа болон тогтжээ.   

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх