
2028 оноос эхлэн Оскарын наадам шинэ номинацитай болно
Тус номинацыг наадмын 100 жилийн ойд зориулав
Америкийн кино урлагийн академийн Оскар наадмын 100 жилийн ой 2028 онд тохиох гэж байна. Үүнтэй холбогдуулан каскадёр буюу орлон тоглогч нарт зориулсан номинацыг шинээр нэвтрүүлэхээр болжээ. Ингэснээр энэ олон жилийн турш каскадёруудын кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж буй томоохон үйл явдал болж байгаа юм.
Энэхүү номинацыг нэвтрүүлэхэд чухал нөлөөг Дэвид Литч, Крис О’хара гэх алдарт каскадёрчид үзүүлсэн юм. Учир нь тэд трюк буюу эрсдэлтэй үзүүлбэрийн урлагийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг уриалан тэмцсээр иржээ. Одоогийн байдлаар Америкийн кино академид ойролцоогоор 8000 гаруй мэргэжилтэн ажилладаг бөгөөд тэр дунд 100 гаруй каскадёр байдаг аж.
Америкийн кино академийн гүйцэтгэх захирал Билл Крамер болон ерөнхийлөгч Жанет Янг нар “Кино анх үүссэн цагаасаа хойш кино үйлдвэрлэлийн салшгүй нэг хэсэг байсаар ирсэн билээ. Техникийн болон бүтээлч ур чадвараараа шинэлэг шийдлүүдийг гаргаж буй уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэлэх боломж олдож байгаад үнэхээр баярлаж байна” хэмээн онцолжээ.