Женовиа улсын угсаа залгамжлагч гүнж Миа Термополисын талаар өгүүлэх The Princess Diaries буюу Гүнжийн өдрийн тэмдэглэл киноны эхний анги 2001 онд, хоёрдугаар анги нь 2004 онд тус, тус үзэгчдийн хүртээл болж байсан билээ. Нээлтээ хийгээд өдгөө 20 гаруй жил өнгөрсөн ч одоог хүртэл үзэгчдийн үзэх дуртай, дурсамжит кинонуудын нэгээр нэрлэгддэг уг бүтээлийн гуравдугаар анги гарна гэх мэдээлэл 2022 онд цацагдаж байсныг уншигчид маань санаж байгаа болов уу.
Тэгвэл киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Энн Хэтэуэй өөрийн Instagram хуудсаараа дамжуулан The Princess Diaries киноны шинэ ангийн ажил албан ёсоор эхэлсэн гэдгийг мэдэгдэж, олон нийтэд баяртай мэдээг дуулгалаа.
Киноны найруулагчийн үүргийг Joy Ride, Crazy Rich Asians зэрэг бүтээлүүд дээр ажиллаж байсан Адель Лим гүйцэтгэхээр болсон бол зохиолыг Флора Грисон туурвиж байгаа аж. Харин жүжигчдийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлаагүй ба зөвхөн жүжигчин Энн Хэтэуэй эргэн ирэх нь батлагдаад байгаа юм. Гэвч үзэгчдийн хамгийн хайртай дүрүүд болох хатан хаан Кларисса Реналди, гүнжийн дурлалт залуу Николас Девера нарын дүрийг бүтээсэн жүжигчид шинэ ангид тоглох боломж гарвал дүрийн саналыг дуртайяа хүлээн авах болно гэдгээ мэдэгдсэн байна.
The Princess Diaries киноны гуравдугаар ангид өгүүлэгдэх үйл явдал, нээлтээ хийх огноо зэрэг чухал мэдээллүүд одоогоор зарлагдаагүй байгаа ч шинэ бүтээлд өмнөх ангиудын үргэлжлэлийг харуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Мөн жүжигчин Энн Хэтэуэй киноны зураг авалтыг Манхэттен хотод хийх хүсэлтэй байгаа талаараа хуваалцжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт